Авлигын хэрэгт холбогдсон сайд нарт бусад улс орнууд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

A- A A+
Авлигын хэрэгт холбогдсон сайд нарт бусад улс орнууд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Өнгөрсөн баасан гарагт Москва хотын шүүх ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаевт холбогдох 2 сая ам.долларын хахуулийн хэргийг хянаж шалгаад түүнийг чанга дэглэмтэй хорих ангид 8 жил хорих, 130,000 рублийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан ТАСС агентлаг бусад орнуудад сайд нартай холбоотой эрүүгийн хэргийг хэрхэн хянан шалгаж, шийтгэл хүлээлгэдэг талаар мэдээ бэлтгэжээ.

Европт:

Грек Улсын Батлан хамгаалахын сайдаар 1996-2001 оны хооронд ажиллаж байсан Акис Цохадзопулос цэргийн шинэ техник худалдан авах явцад хахууль авсан гэх үндэслэлээр түүнд 2013 оны 10-р сард 20 жилийн хорих ял оногдуулжээ. Тэрээр хахуулийн мөнгөө оффшор бүс дэх компаниараа дамжуулан авдаг байжээ. Уг хэрэгт түүнээс гадна 18 хүн шалгагдсан бөгөөд улсад 55 сая еврогийн хохирол учирсан гэж шүүх үзсэн байна. 

2003-2005 онд Итали Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан сайдаар ажиллаж байсан Клаудио Скайолу-г  2004 онд бизнес эрхлэгчдээс хахууль авч, тэр мөнгөөрөө Ром хотод Колизейн урд байрлах өндөр үнэтэй байрныхаа зээлийг төлсөн гэх үндэслэлээр шүүх ажиллагаа 2011 онд эхэлсэн бөгөөд яллагч тал түүнийг 3 жил хүртэл хугацаагаар хорих ял санал болгожээ. Тус улсын шүүх түүнд холбогдох эрүүгийн хэрэгт гэмт хэргийн шинж агуулагдаагүй байна гэж үзэн 2014 оны 1-р сарын 27-ны өдөр түүнийг сулласан байна. 

Чех Улсын Батлан хамгаалахын сайд асан Мартин Бартакийн шүүх хурал 2014 оны 1-5-р сарын хооронд болжээ. Тэр Чех Улсад суугаа АНУ-ын Элчин сайд асан Уильям Кабаниссаас хахууль нэхсэн хэрэгт буруутгагдсан байна. Тодруулбал, Уильям Кабанисс Элчин сайдын томилгоогоо дуусгасны дараагаар Чехийн автомашин үйлдвэрийн “Татра” компанийн удирдах албан тушаалтан болсон бөгөөд тухайн үед БХ-ын сайдаар ажиллаж байсан Бартак армид цэргийн том оврын ачааны машин нийлүүлэхээр түүнд санал тавьж, гэрээг 150 сая ам.доллараар үнэлж, үнийн дүнгээс нь 5 сая ам.долларыг өг гэж надаас нэхсэн хэмээн цагдаад мэдээлжээ. Экс-сайдад холбогдох хэргийг 2014 оны 5-р сарын 14-ний өдөр хэрэгсэхгүй болгосон байна.

Азид:

Олон хүнээс 10,53 сая орчим ам.доллар хахуульд авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2003-2011 онд БНХАУ-ын Төмөр замын сайд асан Лю Чжицзюня-д холбогдох хэргийг Бээжин хотын шүүх 2013 оны 7-р сарын 8-нд хуралдаж, хэлэлцээд гэм буруутай болохыг нь тогтоожээ. Шүүх түүнд хамгийн дээд ял болох цаазын ял оноосон боловч тус шийдвэрт 2015 оны 12-р сард өөрчлөлт орж, түүнийг бүх насаар нь хорих ялаар сольжээ.

БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын сайдын орлогч асан Ли Дуншиныг тус улсын шүүх авлигын хэрэгт буруутган, 15 жилийн хорих ял оногдуулжээ. Мөн шүүхийн шийдвэрээр түүнээс 152 мянган ам.долларыг хураан авчээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, тэр хувь хүмүүст болон байгууллагад давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж 3,35 сая ам.долларын хахууль авсан байна.

БНСУ-ын шүүх тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар 2013-2015 онд ажиллаж байсан Мун Кен Пхе-д холбогдох авлигын хэргийг 2016 оны 6-р сарын 8-нд хянан шалгаж, гэм бурууг нь тогтоон, 2,6 жилийн хорих ял оногдуулжээ. Тухайн үед тэр Үндэсний тэтгэврийн санг давхар хариуцдаг байсан бөгөөд уг сан нь Самсунг компанийн хамгийн том хөрөнгө оруулагч нь болж байжээ. 2015 онд Самсунг компани хөрөнгөө нэгтгэн нэгдмэл компани болгон өөрчилж байсан байна. Тэр үед Мун Кен Пхе Үндэсний тэтгэврийн санд шахалт үзүүлэх замаар албан тушаалаа урвуулан ашиглаж, компани нэгдэж байгаатай холбогдуулан ашигтай шийдвэр гаргуулж байсан гэх хэрэгт буруутгагджээ.

Энэ оны 11-р сарын 5-нд Саудын Араб Улсын Эдийн засаг, төлөвлөлтийн сайд Адель Факих авлига болон мөнгө угаасан хэрэгт шалгагдан, баривчлагджээ. Тус улсын эзэн хааны явуулж буй авлигын эсрэг компанит ажлын хүрээнд тэр шалгагдсан юм байна. Тэр одоогоор шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байгаа юм гэнэ.

Өмнөд Америкт

Колумб Улсын шүүх тус улсын Хөдөө аж ахуйн сайдаар 2005-2009 онд ажиллаж байсан Андрес Филипе Ариас-д холбогдох хэргийг 2014 оны 7-р сарын 16-нд хянан шалгаад түүнийг Odebrecht гэх Бразилийн барилгын компанид гэрээ байгуулж өгсөнийхөө хариуд хахууль авсан болохыг нь тогтоож, 17 жилийн хорих ял оногдуулсан байна. Шүүхийн шийдвэр гараад удаагүй байхад тэр АНУ руу зугтсан боловч 2017 оны 9-р сард баривчлагдан, ялтан шилжүүлэх гэрээгээр эргэн иржээ.

Бразил Улсын төрийн өмчит Петробрас компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг, тус улсын Сангийн сайдаар 2003-2006 онд ажиллаж байсан Антонио Палоццид 12 жилийн хорих ял оногдуулсан байна. Тэрээр сайдаар ажиллаж байхдаа авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм байна. Шүүх Палоццигийн болон тухайн үед эрх барьж байсан Хөдөлмөрчдийн намын гишүүд Odebrecht гэх барилгын компанитай холбоотой байсныг нотолсон баримтыг үндэслэлтэй гэж үзжээ.

Эх сурвалж