Денис Сугробовт холбогдох эрүүгийн хэрэг

A- A A+
Денис Сугробовт холбогдох эрүүгийн хэрэг

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Эдийн засгийн аюулгүй байдал, авлигатай тэмцэх газар (ДХЯЭДАБАТГ)-ын  дарга асан Денис Сугробовын чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хоригдох байсан ялыг ОХУ-ын Дээд шүүхээс 12 жил болгон бууруулсан талаарх мэдээ 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийтлэгджээ.

Денис Сугробов нь 1976 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Москва хотод төржээ. Москва хотын Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгсөж, Москвагийн тойргийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажлаа эхэлж, ДХЯЭДАБАТГ-ын дарга хүртэл дэвшиж, цагдаагийн хошууч генерал цол хүртэжээ.

Гэвч ОХУ-ын Мөрдөн шалгах хороо ДХЯЭДАБАТГ-ын алба хаагчид албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан гэх хэргийн бүртгэлтийг 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нээсэн байна. Уг хэрэгт ДХЯЭДАБАТГ-ын 8 албан хаагч баривчлагдан, саатуулагдсан бөгөөд тэдний дунд байсан Д.Сугробовыг Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаас нь чөлөөлжээ.

Сугробов албан газартаа гэмт бүлэглэл байгуулж, хуурамч нотлох баримт бэлтгэн, төрийн албан тушаалтнуудаас хахууль нэхдэг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Хэргийн мөрдөн байцаалт явагдаж, шүүхэд шилжиж, нийт 8 албан тушаалтныг 17-20 жилийн хорих ял оноож, цагдаагийн цолыг нь хурааж, хууль сахиулах байгууллагад ажиллах эрхийг нь хязгаарлаж шийтгэжээ. Харин Сугробовын хувьд 14 үйлдэлтэй гэмт хэрэгт чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ял оноож, цагдаагийн цолыг нь хурааж, хууль сахиулах байгууллагад ажиллах эрхийг нь хязгаарласан байна. Тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдсан бөгөөд Дээд шүүх ийнхүү хаалттай хуралдаж, ялыг нь хөнгөрүүлэх шийдвэр гаргажээ.

Эх сурвалж