Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Зөвлөмж өгөв

A- A A+
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Зөвлөмж өгөв

Авлигатай тэмцэх газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт өнөөдөр Зөвлөмж өглөө.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагууд 2015, 2016, 2017 оны I улирлын байдлаар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан юм. Авлигатай тэмцэх газар шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулсан бөгөөд уг Зөвлөмжийг яам, агентлагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт нийт 11 чиглэл бүхий Зөвлөмжийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар гардуулан өглөө. 

Зөвлөмжид уул уурхайн салбарын албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэсний төлөө хууль тогтоомжид зааснаас гадуур аливаа төлбөр авахгүй байх, Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан “Төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих  хөрөнгийг зарцуулах журам”-ыг хүчингүй болгож, шинэ батлагдсан Газрын тосны тухай хуульд нийцүүлэх, Сангийн яаманд бүртгэлтэй дансанд гэрээнд заасан төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг таслан зогсоох, Биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив авч, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлж байгааг таслан зогсоох, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хүчингүй болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгажээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Зөвлөмжийг хүлээн аваад “Манай салбарын хэмжээнд цэгцлэх асуудал их байна. Бид Авлигатай тэмцэх газрын өгсөн зөвлөмжид дурдсан асуудлуудыг цаашид салбарын хэмжээнд анхааран ажиллана” гэлээ.