Ерөнхийлөгчийн авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг үл ойшоолоо

A- A A+
Ерөнхийлөгчийн авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг үл ойшоолоо

Өндөр түвшний төрийн албан тушаалтнуудыг шалгах чиг үүрэгтэй нэгж байгуулах тухай Болгар Улсын Парламентын хуулийн төсөлд тус улсын Ерөнхийлөгч хориг тавьсан ч Парламент түүнийг нь хүлээж аваагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Румен Радев уг хуулийн төсөлд гарын үсэг зурах байсан боловч тэрхүү хуулийн үр нөлөөг нь шүүмжлэн гарын үсэг зурахаас татгалзсан байна. Европын Холбооны зүгээс Болгар Улсын Засгийн газрыг улс төрийн болон захиргааны авлигын эсрэг арга хэмжээ авахыг олон жил шаардаж байгаа юм байна. Мөн "Транспарэнси Интернэшнл" байгууллагын зүгээс ч тус улсыг бүс нутагтаа хамгийн авлигажсан орноор нэрлэж байжээ.

Ерөнхийлөгч Радев уг хуулийн төсөл өнгөрсөн оны 12 дугаар сард Парламентаар батлагдахад авлигын гэмт хэргийн сүлжээтэй үр нөлөөтэй тэмцэж чадахгүй хэмээн шүүмжилж байжээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх саналыг 240 гишүүнтэй парламентын 146 гишүүн дэмжсэн байна.

Ийнхүү Ерөнхийлөгч аргагүйн эрхэнд үүнийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурахаас өөр сонголт үлдсэнгүй гэж хэвлэл мэдээллийнхэн бичжээ.

Эх сурвалж

Авлигын эсрэг тэмцэлдээ хатуу байр суурьтайгаар зогсоно

Авлигатай тэмцэх чиглэлээр явуулж байгаа томоохон үйл ажиллагаандаа хатуу байр суурьтай зогсож, тэмцлээ үргэлжлүүлэн явуулж, улам эрчимжүүлнэ гэж БНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллага мэдээлсэн байна.

Өнгөрсөн пүрэв гарагаас бямба гарагийн хооронд болсон Хятадын Коммунист намын Сахилга батыг хянан шалгах хорооны 19 дүгээр хурлаас гаргасан мэдэгдэлд “Хил хязгааргүйгээр, бүхнийг сайтар шалгаж, үл тэвчих ёсыг харуулан авлигатай үргэлжлүүлэн тэмцэнэ” гэж зарлажээ. Түүнчлэн “2012 онд болсон Сахилга батыг хянан шалгах хорооны 18 дугаар хурлаас хойш хориг хязгаарыг үл ойшоон, хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн төрийн албан хаагчдад хамгийн түрүүнд анхаарах болно” гэсэн байна.

Мөн мэдэгдэлд “Улс төр, эдийн засгийн ашиг сонирхолтой зарим бүлэг хүмүүстэй холбоотой хэргийг шалгах үүрэг өгнө” гэжээ. Сахилга батыг хянан шалгах хороо цаашид үйл ажиллагаагаа явуулахдаа төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт, томилгоо, Засгийн газрын зөвшөөрөл олголт, хяналт, нөөц баялагийн ашиглалт, санхүү болон бусад чухал салбартай холбоотой авлигын асуудалд хатуу хяналт тавьж ажиллах юм байна.

Уг хорооноос гаргасан мэдэгдэлд “Авлига хүн бүхэнд тохиолдож байдаг, нэн ялангуяа ядууралтай холбоотойгоор. Тиймээс, авлигыг үндэс сууриас нь эхэлж гэмт бүлэглэлтэй хүртэл бүгдтэй нь тэмцэнэ. Гэмт бүлэглэлийн халхавчийг байхгүй болгоно” гэж бас бичсэн байна. Мөн “Сахилга батыг хянан шалгах хорооны алба хаагчид ард түмэн, намаас итгэн хүлээлгэсэн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ үнэнч байж, шударгаар ажиллаж, хариуцлагатай байх ёстой” гэжээ.

Эх сурвалж