Сэтгүүлчдийн асуултуудад өгсөн хариулт

A- A A+
Сэтгүүлчдийн асуултуудад өгсөн хариулт

Авлигатай тэмцэх газраас хийсэн хэвлэлийн бага хурлаар яригдсан асуудалтай холбогдуулж сэтгүүлчдийн асуултад тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нарын өгсөн хариултыг толилуулъя. 

-АТҮТ-ийн Д.Батбаярын хэрэгт шинэ нотлох баримт олдсон тухай мэдээлэл байна. Гэмт хэрэг үйлдээд шалгагдах явцдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгож болох уу? 

-Урьд нь шалгагдаж байсан асуудал дээр нэмж өөр шалгах асуудал гарч ирсэн. Энэ хэрэг шалгагдаж байгаа.

-МХЕГ-ын дарга нартай холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ? 

-Энэ хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа. Ойрын үед прокурорт шилжүүлнэ.

-Байгаль орчны яамны газрын дарга нартай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ? 

-Сая мэдээлэлд дурдсан. Байгаль орчны яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргээс зарим нэг үйлдэл, холбогдлыг тусгаарлаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Зарим асуудлыг шалгаж байгаа.

-АТГ түрээсийн орон сууцанд амьдарч байгаа жирийн иргэдийг шөнө дөлөөр баривчлан авч явж байцаалт авч байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ холбоотой гэсэн өөр нэг мэдээлэл бас байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан, бусдад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор байцаалт, мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч буй бүх хүнийг дуудаж байцаасан, нялх нойтон хүүхэдтэй гэх мэдээлэл гарсан. Энэ бол нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттайгаар АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн оролдлого мөн. Түрээсийн байрны бүх оршин суугчдыг байцаахгүй.

-Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хүмүүс дансаа хаасан талаар ямар нэгэн шинэ мэдээлэл АТГ-т ирсэн үү? 

-Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа харилцааг зохицуулах хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас 2 тогтоол батлагдсан. Тогтоолын дагуу хоёр янзын тоолуур гүйж эхэлснийг манай сэтгүүлчид мэдэж байгаа. Эхний тогтоолын дагуу нэр бүхий 34 улс орны оффшор бүсэд хамаарах тоолуур 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөр дуусна. Энэ өдрөөс өмнө оффшор бүсэд данс эзэмшиж байгаа, компани байгуулсан, хөрөнгө байршуулсан иргэд энэ тухай мэдүүлгээ АТГ-т бүртгүүлэх ёстой. Одоогоор шинээр нэмэгдсэн мэдээлэл байхгүй байна. Оффшор бүсэд данстай манай улсын 49 иргэний асуудлыг АТГ шалгаж байгаа.

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын судалгаагаар манай уллсын авлигын индекс буурсан гэж байгаа. Энэ онд ямар дүн гарсан бэ? 

-2016 оны байдлаар манай улсын хувьд буурсан үзүүлэлттэй гарсан. 2017 оны үзүүлэлтүүдийг 2018 оны 2 дугаар сард зарлана.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ шалгаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх үү? Хүчингийн хэргийг АТГ шалгаж байгаа юм уу? 

-УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг прокуророос харьяалал тогтоож өгсөн учраас шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байцаалт авсан.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ асуудал юу болсон бэ? 

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбоотой асуудлаар нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас хариу авах нь зүйтэй байх.

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ асуудал юу болсон бэ? 

-БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаагаас тус яамны сайд Ц.Цогзолмаа, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэх гомдол, мэдээллийг ирүүлсэн. Хяналт шалгалт хийх явцад 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт шалгуулах асуудлын талаар нэмэлт гомдол, мэдээлэл бичгээр гаргасан. Үүний дараа 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр мөн нэмэлт шалгуулах асуудлаар дахин нэмж гомдол гаргасан. Нийт 3 удаа гомдол өгөөд байгаа. Хяналт шалгалтын хүрээнд С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг шалгуулахаарТөрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн байгаа. Албан бичгийн хариу ирээгүй байна. Хянан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.