Архангай, Хөвсгөл, Орхон аймагтай онлайн хурал хийв

A- A A+
Архангай, Хөвсгөл, Орхон аймагтай онлайн хурал хийв

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн онд 21 аймаг, 98 суманд ажиллах үеэрээ авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд энэхүү шалгалтын дүнгээ онлайнаар хэлэлцүүлж байгаа билээ. Энэ удаад Архангай, Хөвсгөл, Орхон аймагт ажилласан шалгалтын дүнг тус аймгуудын удирдлагыг оролцуулан онлайнаар хэлэлцүүлэв.

Аймгуудад ажилласан дүнг онлайнаар хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж болон Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Ц.Мөнхнасан, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, Орхон аймгийн ИТХ-ын дарга  П.Пүрэвлхагва, Засаг дарга Л.Батлут нар оролцов.

Дээрх аймгуудад Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг ажилласан юм. Ажлын хэсгийн танилцуулсан тайлан дүгнэлтээс үзвэл Архангай, Хөвсгөл, Орхон аймагт авлигын нөхцөл байдал таагүй харагдаж байна.

Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын М.Ганболд нь нэр бүхий компанитай Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахдаа 5-10 сая төгрөгийн хандив хүссэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчиж байна.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Монгол Улсын арслан” цол хүртсэн Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулах, ажлын хэсэг байгуулах, үйл ажиллагаанд шаардагдах 30 сая төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг аймгийн Засаг дарга Л.Ганболд-д даалгажээ. Үүний дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргаж 23.073.600 төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан байна. Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу Засаг даргын нөөц хөрөнгийг гамшгаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зарцуулах учиртай юм.

Мөн 4 удаагийн албан бичгээр төрийн байгууллагын дарга, захирал, сумдын засаг дарга, аймгийн бөхийн холбоо, нийт иргэдэд хандан уриалж хуримтлал үүсгэсэн байна. Энэ нь нийтийн албан тушаалтан хандив хүсэх, цуглуулахыг хориглосон хуулийн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болно.

Дээрх 3 аймагт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр шууд томилдог, Засаг даргын нөөц хөрөнгийг журамд зааснаас өөр зориулалтаар зарцуулдаг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, худалдан авах ажиллагааг хэлбэр төдий зохион байгуулдаг, Сум хөгжүүлэх сангаас зээл олгохдоо танил тал харж шийдвэрлэдэг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.