Гуравдугаар сард хийсэн ажлаа мэдээлэв

A- A A+
Гуравдугаар сард хийсэн ажлаа мэдээлэв

Авлигатай тэмцэх газрын сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хийлээ. Хуралд тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар оролцов. Тэд Авлигатай тэмцэх газраас өнгөрч буй 3 дугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр:

  • 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хамруулсан уулзалт зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийг гардуулан өглөө. Удирдамжийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн онд Засгийн газар, яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцах юм. Энэ арга хэмжээг Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж байна. Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газраас бодлогын чанартай хэд хэдэн ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал, авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй яам, агентлагуудад хийдэг худалдан авах ажиллагааг цаашид цахимаар, ил тод, нээлттэй явуулах асуудлыг хариуцсан бие даасан агентлаг байгуулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болсон талаар Сангийн яам мэдэгдсэн.
  • Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн онд 21 аймаг, 98 суманд ажилласан бөгөөд 3 дугаар сард 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон орон нутаг дахь төрийн байгууллагын удирдлагуудыг оролцуулсан онлайн хурал зохион байгуулж, ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг танилцуулж, авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар тодорхой зөвлөмж, чиглэл өглөө.
  • Авлигын эсрэг боловсрол олгох, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх цуврал сургалтыг Удирдлагын академи болон төрийн бус байгууллагуудтай хамтран Олон нийтийн төвд зохион байгуулж байна. Сургалтад 13 яам, 27 агентлаг, нийслэл, дүүргийн захиргаа, удирдлагын нэгжийн дарга, дотоод хяналт, аудитын нэгжийн болон бусад нэгжийн дарга нар, төсөв санхүү хариуцсан, хүний нөөцийн асуудал хариуцсан, нийтийн албанд шинээр томилогдсон болон бусад албан тушаалтнууд зэрэг 1150 төрийн албан хаагч хамрагдаад байна. Мөн “Глоб интернэшнл” ТББ-тай хамтран эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг сэтгүүлчдэд сургалт явууллаа. Сургалтын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүлчид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд /хөрөнгө орлого, гэмт хэрэг г.м/ хэрхэн хяналт тавих талаар мэдээлэл өглөө.
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт шударга ёсны үзэл, хандлагыг төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Монголын Сурагчдын холбоотой хамтран Хөвсгөл, Орхон, Дорнод, Өмнөговь аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн бага, ахлах ангийн сурагчдад шударга ёсны хичээл зааж, илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд багш, эцэг, эхчүүдийг мөн татан оролцуулж байна.

Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ), хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ), ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зарим мэдээллийг товч байдлаар хүргэе.

Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад 3 албан тушаалтны ХАСХОМ зөрчилтэй гарсан. Үүнд: өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2017 оны ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаагүй Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шалгаж албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нь тогтоогдсон 9 гомдол, мэдээлэл байна. Үүнд дараах байдлаар хариуцлага тооцуулсан байна:

  • Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэчимэг нь багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй, багшлах эрхгүй Г.Мөнхзулыг бэлтгэл бүлгийн багшаар түр томилж албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
  • Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмаа нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилж, чөлөөлсөн, түүнчлэн ажиллаж байх хугацаанд нь мөнгөн урамшуулал олгох зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
  • Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Цэрмаа нар нь тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ гаргаагүй, мөн өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай тайлбарыг гаргаагүй нь тогтоогдсон тул эдгээр албан тушаалтнуудад цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
  • Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр нь өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох "Анхдагч-Аян" ХХК-ийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай тайлбарыг гаргаагүй нь тогтоогдсон тул Булган аймгийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 733 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хянаад хариуг хүргүүлсэн. Энэ сард ЦЕГ, НДЕГ, ЭМЯ-наас хянуулахаар ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг олон байна. Тэгэхээр эдгээр байгууллага, салбарт томилгоо, шилжилт хөдөлгөөн их хийгдсэн гэж ойлгож болно. Тухайн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа тохиолдол бүрийг Авлигатай тэмцэх газар хянаж зохих этгээдэд хариуг өгч ажиллаж байна. Давхар ажил эрхлэлт болон аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэхтэй холбоотой хуулийн хориглолтыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газарт эмийн үнийн бодлого, хөнгөлөлттэй эмийн жагсаалт хариуцсан мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Э.Борхүү, Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Б.Мягмарсүрэн нар нь давхар ажил эрхлэхтэй холбоотой хориглолтыг зөрчсөн нь тогтоогдсон тул цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Мөрдөн шалгах чиглэлээр:

  • Мөрдөн шалгах хэлтсээс 3 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 86 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж одоо 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.
  • Мөн сард нийт 319 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 21 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад  шилжүүлсэн байна. 

Харин 

  • УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниар зураг төсөлгүй барилга бариулж онц их хэмжээний мөнгө завшсан гэх Д.Арвин нарт холбогдох хэрэг, 
  • Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, ерөнхий ня-бо Б.Туяа нарт холбогдох улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
  • Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,
  • Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар улсад 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • "Өсвөр үе хүнс" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Наранчулуун, ерөнхий ня-бо Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нар нь албан тушаалын байдлаа ашиглан 290 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • “Самсунг Си Энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл нарт   холбогдох улсад 17.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ нь бусдаас газрын төлбөр нэрийдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон мөнгө завшсан зэрэг нийт 26 холбогдогчтой 24,4 тэрбум төгрөгийн хохиролтой 21 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн доорх эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэхээр ажиллагаа явуулж байна. Үүнээс дурдвал:

  • “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Г.Төмөрбаатар нь хуурамч баримт бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан гэх хэрэгт Г.Төмөрбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлнэ.
  • МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нь 2017 оны 9-11 дүгээр сарын хооронд удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан хэрэгт Э.Аззаяа болон Н.Баярсайхан нарын нэр бүхий 24 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болсон.
  • ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онуудад өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан  онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Д.Одончимэг нарыг  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд нэмж тогтоогдсон үйлдлүүдэд ял нэмж сонсгох ажиллагаа явуулж байна.
  • УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар Мөрдөн шалгах хэлтэст 271 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлдэг байгууллага.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-ын 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана, 5-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно гэж заасан.

Тиймээс нийгэмд бухимдал, хүлээлт үүсгэсэн, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй төрийн өндөр, дээд албан тушаалд ажиллаж байсан хүмүүстэй холбоотой эрүүгийн хэргүүд хуулийн хүрээнд прокурорын хяналт дор шалгагдаж байгаа бөгөөд асуултын хариулт ч мөн хуулийн хүрээнд байх болно гэдгийг та бүхэн харгалзан үзээрэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэдэг Үндсэн хуулийн зарчим мөрдөгдөх болно.