Архангай аймгийн Эрдэнэмандал суманд өнгөрсөн шөнө газар хөдөлсөн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Сумын төвөөс зүүн зүгт 5 км-т Тээл багийн Өлөнт хэмээх газарт шөнийн 02 цагийн орчимд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Өдөр 13 цагийн үед чичирхийлэл мэдрэгдэж байсан талаар иргэд ярьсан гэнэ. Газар хөдлөлтийн улмаас сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван давхар барилгын хана цуурсан, нэгдүгээр давхрын нэг цонхны шил хагарсан гэж сургуулийн захирал төв рүү мэдээлжээ.
Одоогоор сүйдтэй хохирол учраагүй гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгдэж байна. Сургуулийн байрнаас өөр ямар нэгэн барилга байгууламжид хагарал цуурал гарсан эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад үгүй гэлээ. Тэгэхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван давхар барилгын хана цуурч, нэг цонх хагарснаас өөр хохирол учраагүй юм байна. Гэвч байзаарай, энэ удаа аз тохиолоо гээд үүнийг зөвхөн мэдээлээд л өнгөрөөж болох явдал мөн үү?
Яагаад заавал сургуулийн барилга 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртөв? Сумын төвд олон барилга байгууламж бий. Тэдгээрээс зөвхөн сургуулийн барилгын хана газар хөдлөлтийн улмаас хагарч цуурсан байна. Магадгүй, сургуулийн орчимд газар хөдлөлтийн голомт таарсан байж болно. Өөр бусад барилгуудыг нурсангүй гэж барьцаж байна хэмээн бүү эндүүрээрэй. Энд би нэг л зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Үүний тулд нэгэн түүх ярьж өгье.
2008 оны 5 дугаар сарын 12-ны даваа гараг. Энэ бол жирийн нэгэн өдөр биш. Хятадын Сичуань мужийн хувьд, ялангуяа эцэг, эхчүүдийн хувьд хар өдөр болсон юм. Аймшигт газар хөдлөлт болж 70 гаруй мянган энгийн иргэн амь насаа алдсан байдаг. Илүү аймаар нь сургууль дээрээ хичээлээ хийж суусан 10 мянган хүүхэд цаг бусаар хорвоогоос буцсан билээ. Хятад улс тухайн үед “Нэг гэр бүл-нэг хүүхэд” хэмээх бодлогыг хатуу чанга баримталдаг байсан бөгөөд олонх эцэг, эхчүүд цорын ганц хүүхдээ энэ үеэр алдсан юм.
Сичуань муж нь 80 гаруй сая хүн амтай, Хятадын хамгийн шигүү суурьшилтай бүс нутгийн нэг. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг бөгөөд энд газар хөдлөлт ойр ойрхон болдог. Гэвч 2008 оны 5 дугаар сарын аймшигт газар хөдлөлтийн дараа эцэг, эхчүүд “Энэ бол байгалийн гамшиг биш” гэж дуу нэгтэй хашгирч байжээ. Тэд “Чанаргүй барилга бидний хүүхдүүдийн амийг авлаа” хэмээн гашуудан байв. Учир нь энэ газар хөдлөлтийн улмаас Сичуань мужийн зөвхөн сургуулийн барилгууд нурсан. Зөвхөн сургуулийн барилгууд нурсан! Фушин бага сургуулийн 127 сурагч, Ханванг бага сургуулийн 317 сурагч, Шинжиан бага сургуулийн 438 сурагч, Хонгбай бага сургуулийн 430 сурагч амь насаа алдсан талаар “Хятадын байгалийн бус гамшиг буюу Сичуань мужийн нулимс” хэмээх баримтат киног BBC агентлаг хийсэн байдаг. Баримтат киног Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан С.Галбадрах монгол хэлнээ орчуулсан бөгөөд мэргэжлийн хүмүүс дуу оруулсан нь хэдэн жилийн өмнө үндэсний телевизээр гарсан билээ.
“Энэ бол цусаар зурсан хичээл байлаа” гэж нэгэн ээж хүүгийнхээ зургийг тэврэн уйлж сууна. Эцэг, эхчүүд сургуулийн нуранги дээр цуглаж эмгэнэн гашуудахын зэрэгцээ орон нутгийн засаг захиргааг эсэргүүцэн хашгирч байлаа. Тэд авлигач түшмэдээс шударга ёс нэхэн шаардаж байв. Барилгын зуурмаг, бетон нь стандартад нийцээгүй, ган арматур, зуурмаг нь хангалттай бэхжээгүй, тоосгонуудад цемент түрхээгүй бөгөөд гар хүрэх төдийд барилгын зуурмаг мултран унаж буйг эцэг, эхчүүд ярьж харуулж байлаа. Тэд сургуулийн барилгуудыг дүүпүүтэй зүйрлэж байжээ. Буурцагны гурилыг чанаж хандлаад хөөсөөр нь бяслаг мэт шахаж хийсэн хоолны нэгэн төрлийн хачирыг дүүпүү гэдэг. Дүүпүү мэт сургуулийн барилгуудыг маш хурдан хугацаанд барьсан гэж нэгэн аав ярьжээ. Эцэг, эхчүүдийн яриаг батлах мэт Бээжингээс ирсэн шинжээч сургуулиудын балгасыг хармагцаа л “Тулгуур үе хэтэрхий нимгэн байна. Энэ бол маш асуудалтай хэрэг. Яагаад гэвэл энэ үе дор хаяж 1.5 см-ийн зузаантай байх ёстой байдаг юм” гэж хэлсэн байна.
2008 оны 5 дугаар сарын 12-ны даваа гараг. Хятадын Сичуань мужид аймшигт газар хөдлөлт болж 70 гаруй мянган энгийн иргэн амь насаа алдсан байдаг. Илүү аймаар нь сургууль дээрээ хичээлээ хийж суусан 10 мянган хүүхэд цаг бусаар хорвоогоос буцсан.
Авлига энэ бүхэнд хамаатай юу? Мужийн албан тушаалтнууд авлигад идэгдсэн үү? Тэд жил бүр хоёр удаа барилгын гүйцэтгэлийг хянан шалгадаг. Гэтэл яагаад өөр олон барилга зүв зүгээр байхад зөвхөн сургуулиуд нурав аа? Энэ мэт олон асуултад хариулт авахыг хүүхдүүдээ алдсан ээж, аавууд шаардсаар. Хятад улсын эрх баригч намын бодлогод хүүхдүүдийг цэцэгстэй адилтган авч үздэг. Гэтэл Хятад улсын цэцэгс болсон үр хүүхдүүдээ чанаргүй барилга дотор суулгасаар байх уу хэмээн асууж, мянгантаа шаардсан ч орон нутгийн эрх баригчид тэднийг үл тоомсорложээ. Фушин бага сургуулийн эцэг, эхчүүд шударга ёсыг шаардан мужийн нийслэл рүү 455 км газар жагсаалаар явж очсон байна. Гэвч Засгийн газар Сичуанийн сургуулиуд нурсан тухай албан ёсны тайлан мэдэгдэл гаргаагүй бөгөөд төрийн ямар нэгэн албан тушаалтан энэ хэрэгт буруутгагдан шийтгэл хүлээгээгүй байна. Эцэг, эхчүүдэд чимээгүй байхыг даалгаж, амь насаа алдсан хүүхэд бүрт 8800 ам.доллар өгөх санал гаргажээ. Энэ хэмжээний нөхөн олговор авахын тулд эцэг, эхчүүд “хуулийг сахиж, нийгмийн ёс журмыг баримтлах” ёстой юм байна. Үүнийг эсэргүүцсэн 58 ээж, аав нэмэлт зарга мэдүүлж албан ёсны уучлалт гуйхыг шаардсан ч тэдний заргыг хэрэгсэхгүй болгожээ.
“Эрх мэдэлтнүүд хүүхдүүдээ элит сургуульд явуулдаг. Ядуу тариачдад сонголт байхгүй. Хэрвээ ийм юм болохыг мэдэж байсан бол би хүүхдээ гудамжны хулиган болгох байсан юм. Бичиг үсэггүй хүн болгосон нь дээр байж! Чанаргүй байшинд дарагдаж үхсэнээс гудамжны тэнүүлч байсан нь дээр. Ядаж л хүү минь амьд байх байсан юм” гэж нэгэн эмэгтэй уйлан хайлан ярьсан нь мөнөөх баримтат кинонд бий. Сичуань мужид болсон газар хөдлөлт нь байгалийн гамшиг биш авлигын хөнөөл байсан гэдгийг энэ түүхээс хангалттай ойлгож болохоор байгаа юм.
Бидэнд ч бас энэ талын бодолхийлэх, эргэцүүлэх асуудал олон бий. Чанаргүй баригдсан барилгууд болон тэдгээрийг ашиглалтад хүлээн авч буй төрийн албан хаагчдын авлигач зан үйлээс үүдэлтэй гамшиг манай улсад тохиолдохгүй гэх баталгаагүй. Архангай аймагт газар хөдлөхөд зөвхөн сургуулийн барилгын хана цуурсан тухай хэвлэлийн мэдээлэл энэ зуур элдвийг гүйлгэн бодоход хүргэв. Уншигч Та бас эргэцүүлээд үзээрэй. Бидний хэн маань ч алив осол гамшгийг тохиолдоосой гэж хүсдэггүй. Харин ч ямагт сэргийлж, муу бүхэн холуур өнгөрөхийг хүсэн залбирдаг. Зөвхөн залбирах төдийд хангалттай гэж үү? Харин авлигыг, авлигачийг жигших үзэл санаа нэгтэй, дуу хоолой чангатай байх хэрэгтэй. Бузрыг илчилж, буруутныг мэдээлж, худлыг хумьж, шударгыг дэмжих хүчтэй байх ёстой. Засаглалд нь авлига үүрлэсэн улс оронд жирийн иргэд нь эдлэх ёстой эрхээ мөнгөөр худалдаж авдаг. Зарим тохиолдолд амь насаа ч авлигын өргөл, төлбөр болгон барих ажээ.
Авлига бол Та бидний амьд явах эрхийн эсрэг, аз жаргалтай амьдрах хүслийн эсрэг гэмт хэрэг юм.
Т.МӨНХТУНГАЛАГ
2018.03.16.