АТГ-ын хүсэлтээр санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтыг хийж байна

A- A A+
АТГ-ын хүсэлтээр санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтыг хийж байна

Авлигатай тэмцэх газраас тавьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-ын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Олон нийтийн төв”-д хийж байна.

Сургалтад Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын албан хаагчдыг хамруулж байна.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн гэмт хэргийн тоо өсөн нэмэгдэж, хэлбэр төрөл нь илүү төвөгтэй болж буй цаг үеийн шаардлагыг харгалзан үзэж, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах хүсэлтийг манай байгууллагаас “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-д энэ оны 5 дугаар сард тавьсан юм. Бидний хүсэлтийг хүлээн авч, сургалт хийхээр хүрэлцэн ирсэн олон улсын байгууллагын зөвлөх Найжел Марк Бартлетт болон Жонаттан Пол Бентон нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү сургалт маань цаашид дунд болон ахисан түвшин хүртэл үргэлжилнэ” гэж онцлов.

Авлигатай тэмцэх газар 2012 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл 6 дахь жилдээ СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-тай хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газраас тавьсан санал хүсэлт, хэрэгцээ шаардлагын  дагуу Монгол Улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд олон улсын түвшинд гэмт хэргийг мөрдөн шалгах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, гадаад улсуудаас эрх зүйн харилцан туслалцаа авах чадавхийг сайжруулах чиглэлээр анхан шатны болон ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулсан билээ.