АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын "Өнөөдөр" сонинд өгсөн тодруулга
УИХ 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэхүү Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж байгаа. Улмаар энэ хуулийг дагалдуулан зарим хуульд өөрчлөлт оруулахаар болсны нэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль. Уг хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах явдал юм. Төрийн алба ил тод, чадварлаг, хувийн ашиг сонирхлоос ангид, төр цэвэр байх зарчмыг хангахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн одоогийн 23.7 дахь заалт тун чухал үүрэгтэй юм.
Гэтэл уг хуулийн амин сүнс болсон энэ заалтыг дээрх Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлахдаа дагалдуулан өөрчилсөн нь төрийн албыг ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх хуулийн зарчмаасаа ухарсан хэрэг гэж үзэж болно. Энэ зарчмыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7 дахь “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэсэн одоогийн заалт хадгалдаг.
Гэтэл Төрийн албаны тухай хуультай холбогдуулж дээрх заалтыг өөрчлөн найруулахдаа 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол АТГ илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж өөрчлөн найруулаад 23.9 дэх “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд энэ хуулийн наймдугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох, эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”. 23.10 дахь “23.9-д заасан баталгааны маягтыг АТГ батална” гэсэн заалтуудыг цоо шинээр нэмсэн. АТГ төрийн албанд орох нэр дэвшигчийг илт ашиг сонирхлын зөрчилтэй, томилж болохгүй гэчихээд нөгөө гараараа “баталгаа” гаргавал тухайн албан тушаалд томилогдож болно гэх болчихоод байна.
Ер нь энэ хууль хэрэгжсэний дараа Баталгааны маягт гэдэг нөмрөг доор ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс төрийн албанд томилогдох нөхцөл үүсч байна. Ингэвэл ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах ямар ч шаардлагагүй болно. Нэгэнт тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг эрх бүхий албан тушаалтан томилохгүй байх үүргийг тодорхойлсон заалтыг хуулиас хасчихаар ХАСУМ хянах нь ач холбогдолгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах зарчим алдагдана. Хувийн ашиг сонирхолтой хүмүүс төрийн албанд томилогдоод байвал энэ албаны нэр хүнд улам л унаж, иргэдийн итгэл ч алдарна. Мерит зарчмаа хүлээж насаараа шударга ажилласан хүний итгэл ч үгүй болно. Эдгээр заалтуудыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болоод байна. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэж Чингис хаан хэлсэн гэдэг. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг албан тушаалд томилж болохгүй гэсэнтэй агаар нэг юм аа гэдгийг хэлье.
Эх сурвалж