Э.Идэрцог: АТГ санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үр дүнд оффшор бүсээс 74.9 сая ам.доллар орж ирсэн

A- A A+
Э.Идэрцог: АТГ санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үр дүнд оффшор бүсээс 74.9 сая ам.доллар орж ирсэн

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогийн өгсөн хариултуудыг дор сийрүүлэв.

-Оффшорын тухай хэргийг тодруулбал?

“Оффшор бүсэд Монгол Улсын нэр бүхий иргэд данс эзэмшдэг. Нэр бүхий хүмүүс олон улсад оффшор бүсээр нэрлэгдсэн газруудад их хэмжээний мөнгө байршуулсан” тухай мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэгдсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст тухайн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулах тухай гомдол иргэдээс ирүүлсэн. Дээрх мэдээллийн цар хүрээ, нэр дурдагдсан хүмүүсийн үйлдлийг 4 багцад хуваан эрүүгийн хэргүүд нээсэн. Өнөөдрийн байдлаар эрүүгийн дөрвөн дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг прокурорын хяналт дор явуулж байна.

Эрүүгийн дөрвөн дугаартай хэрэг гэдэг нь тухайн нэр бүхий төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн, бусад иргэд гэсэн багцаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож болно.

Оффшор бүс нь эдийн засгийн аюулгүй байдал, татварын таатай нөхцөл бүрдүүлсэн байдгаас үүдэн аль ч улс орны иргэд мөнгөө байршуулдаг газар. Тухайн бүс нутагт мөнгөө байршуулсан, Монгол Улсад мөнгөө оруулж ирсэн байдлыг ерөнхий агуулгаар гэмт хэрэг гэж шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хуульд оффшор бүсэд компани байгуулах, хөрөнгө байршуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байна. Нэр зарлагдсан иргэдээс төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий иргэдийн оффшор бүсэд байршуулсан  мөнгөн дүнгийн хэмжээ 87.9 сая орчим ам. доллар, үүнээс биет байдлаар болон тоног төхөөрөмж  байдлаар 74,9 сая ам.доллар нь Монгол Улсын эдийн засагт орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Бид олон улсын санхүүгийн байгууллага адил төстэй чиг үүргийн  байгууллагуудтай мэдээ мэдээлэл солилцох, хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг явуулсаар байна. Үүний үр дүнд Монгол Улсад 74.9 сая ам.доллар орж ирсэн гэдэг нь тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсанаас хойш 4.3 сая ам.долларыг нэр бүхий иргэдээс шаардаж оруулж ирсэн. Цаашид оффшор бүсэд хууль бусаар байршуулсан албан тушаалтны хууль бус хөрөнгө мөнгийг тогтоох, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах чиглэлээр бид тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулсаар байгаа.

-“Петровис” ХХК-ийн захирал Ч.Даваанямыг Ерөнхий сайд асан С.Баяртай холбогдуулан саатуулаад сулласан гэх асуудал яригдаж байна. 

-Оффшорын асуудалтай холбоотой эрүүгийн дугаар бүхий хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 20 орчим сая ам.доллар Монголын нэр хүнд бүхий хэд хэдэн аж ахуйн нэгжийн дансаар  дамжин орж ирсэн болох нь тогтоогдсон. Энэхүү мөнгөний гүйлгээний эх үүсвэр, зарцуулалтыг  нарийвчлан шалгаж байна.  Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө  зарцуулагдсан уу, зарим хөрөнгө нь бүтээн байгуулалт болсон уу, мөнгө угаалт байсан уу гэдэгт сэжигтэй байдал тогтоогдож удирдлагуудыг нь хэрэгт сэжиглэн шалгасан. Ямар зориулалтаар гадаад улсаас их хэмжээний валют Монгол Улсад орж ирсэн, гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг шалгахын тулд саяны мөрдөн шалгах ажиллагаа прокурор шүүхийн хяналт, зөвшөөрлийн хүрээнд явагдсан. Цаашид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ.

-С.Баярцогтыг  ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа юм бол?

-.Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэрэгт Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө Оюутолгойн гадаад хөрөнгө оруулалт буюу тухайн компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан. Гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжсэний дараагаар хувьцаа үнэд орсон энэ үед тэрээр хувьцаагаа бусдад арилжаалж  өөртөө давуу байдал олж авч, их хэмжээний ашиг олсон  үйлдэл тогтоогдсон. Хэргийг шалгах явцад тухайн хүнийг цагдан хорих үндэслэл тогтоогдсон учраас прокурорт танилцуулан шүүгчийн захирамжаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

-АТГ өнгөрөгч долоо хоногт хэвлэлийн хурал хийх гэж байгаад цуцалсан. УИХ-ын хэчнээн гишүүн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан юм бэ?

-Төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас иргэн, аж ахуйн нэгжид зээл олгоход нөлөөлсөн байж болзошгүй байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг УИХ-ын байнгын хороо, нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн.

УИХ-аас 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад  учруулахгүй,  цаашид шалгах боломжтой гэж үзсэн. Одоогоор энэхүү хэрэгт хяналтын прокуророос УИХ-ын нэр бүхий 5 гишүүнд “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тогтоол үйлдэж ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3-ын 1-д  зааснаар “...мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна” гэсэн заалттай. Хуульд заасан мөрдөгчийн үүргийн дагуу нэмж татсан УИХ-ын 4 гишүүнд “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” прокурорын тогтоолыг танилцуулахаар ажилласан.

Өнөөдрийн байдлаар нийт 5 гишүүнээс 2 гишүүн тогтоолтой танилцсан, 3 гишүүн тогтоолтой танилцаагүй байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулахад 2 гишүүн томилолтоор ажиллаж байгаа талаар тайлбар ирүүлсэн. Нэг гишүүн чуулганы үйл ажиллагаанаас болоод очих боломжгүй гэдэг тайлбар хэлж тогтоолтой ирж танилцаагүй.

 ЖДҮХС-гаас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд зээл олгуулсан гэх хэрэгт УИХ-ын 43 гишүүн шалгагдаж байгаа гэдэг нь худлаа. Мөн 23  гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавих гэж байгаа гэдэг мэдээлэл бас худал ташаа мэдээлэл байна. Бид энэ хэрэгт ямар нэгэн тоо зарлаагүй. Тухайн албан тушаалтан зээл олгох үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн эсэхийг голлон мөрдөн шалгах ажиллагаанд анхаарч шалгаж байгаа. 

-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-гаас мөнгө орсон гэх асуудал яригдаж байна?

-ЖДҮХС-гаас төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан 216 иргэн, хуулийн этгээд, бизнес эрхлэгч бүрийг хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгож болохгүй. УИХ-ын гишүүний эхнэр бизнес эрхэлдэг бөгөөд тэрбээр ЖДҮХС-гаас зээл олгох журам, хуулийн шаардлагыг хангаж байсан, авсан санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Хамгийн гол нь зээл авахад тухайн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн эсэх, тухайн зээлдэгч зээлийн шаардлагыг хангаж байсан эсэх, авсан санхүүжилтийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг анхаарч шалгаж байгаа. Үүнийг ялгаж салгах ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төсөл бүрийг нарийвчлан шалгаж байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр болоод Ч.Сайханбилэг нарыг шалгаж байсан. Ч.Сайханбилэгийг Монгол Улсын хилээр гарсан гэсэн асуудал яригдаад эхэллээ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой мөрдөн байцаалтын хэрэгт одоо 6 хүнийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, эдийн засгийн шинжилгээ, хуулийн шинжилгээний баг дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Гадаад улстай харилцан мэдээ мэдээлэл солилцож байна. Энэ хэргийн 6 яллагдагчид шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, улсын хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 -Ц.Цэцэнзориг, Ч.Давааням нар Ерөнхий сайд асан С.Баяртай ямар холбоотой юм бол?

-Оффшор бүсээс Монголд орж ирсэн их хэмжээний мөнгө 2 томоохон аж ахуйн нэгжийн дансанд хуваагдаж орж ирсэн байна. Энэ мөнгөний зарцуулалтын асуудал дээр таны нэр дурдсан хүмүүсийг 48 цаг баривчлан шалгасан нь үнэн. Энэ орж ирсэн мөнгө нь Оюутолгойн гэрээ, оффшортой хамааралтай байсан уу, ямар хамааралтай байна, яагаад ингэж орж ирсэн, мөнгө угаасан уу, эсвэл бизнесийн чиглэлтэй байсан уу гэдгийг нарийвчлан шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан, 87 орон сууцтай гэх мэдээлэл байгаа?

-Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Бусдаас хахууль авсан, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон гэсэн 2 асуудлаар шалгагдаж, шүүхийн тогтоолоор хувийн батлан даалтанд гарч, одоо гадуур мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хахууль авсан хэмжээ нь 500 сая төгрөг биш. Албан ёсны бүртгэлтэй 3 орон сууцтай. Гэхдээ хамаарал бүхий иргэдийн нэр дээр нуугдмал хөрөнгийг илрүүлэх чиглэлээр тус хэлтэс шалгаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.

-С.Баярын асуудлыг 1-3 настай хүүхэдтэй учраас гадуур шалгаж байгаа юм уу. Ч.Сайханбилэг Монголоос гарсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Оюутолгойн гэрээтэй холбоотой тухайн үеийн Ерөнхий сайд болон зарим сайд нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 6 хүнийг яллагдагчаар татаж шалгаж байна. Одоогоор Монголоос гарч явсан хүн байхгүй. Тэд хил гаалийн хоригтой байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцтай танилцаад шаардлагатай гэж үзвэл хувийн батлан даалтад гаргадаг.

-С.Баярыг яагаад хорьж шалгахгүй байгаа юм бэ?

-Хорьж цагдах асуудал хуулийн нарийвчлалтай байдаг. Энэ бол бидний мэдлээс давсан, шүүхийн эрх мэдлийн хүрээний асуудал байдаг. Шүүх өөрийн эрх мэдлийн хүрээндээ шийдвэрээ гаргасан хэрэг.

-Эрдэнэтийн 49 хувийн шалгалт ямар шатандаа байна вэ?

-Эрдэнэтийн 49 хувь дээр мөрдөн шалгалтын ажил явагдаж байгаа. 49 хувийг ямар мөнгөөр яаж авсан бэ гэдгийг шалгаж байна, тодорхой асуудал тогтоогдож байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Т.Ганболд саяхан нэр зааж хахууль өгсөн хүмүүсээ хэлсэн шүү дээ. Үүнтэй холбогдуулж хүмүүсийг шалгаж байгаа юу?

-Иргэн Т.Ганболд нэр бүхий хүмүүст хахууль өгсөн тухай мэдээлсэн. Үүнийг нарийвчлан шалгаж байна.

-Т.Ганболд өөрөө олон хүнд авлига өгсөн гэдгээ хэлсэн. Түүнийг шалгах уу?

-Мэдээллийн хүрээнд шалгаж байна. Шаардлагатай бол энэ хүнд хахууль өгсөн хэргээр шалгах боломжтой.