Иргэд албан тушаалтнуудын ХОМ-ийг хянах, дүн шинжилгээ хийхэд суралцаж байна

A- A A+
Иргэд албан тушаалтнуудын ХОМ-ийг хянах, дүн шинжилгээ хийхэд суралцаж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих” зорилт тусгасан. Энэ зорилтын хүрээнд иргэдэд хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянах, задлан шинжилгээ хийх чадавх эзэмшүүлэх сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Олон нийтийн төв”-д зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газар Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга”-тай хамтран зохион байгуулж буй уг сургалтад 60 гаруй иргэн хамрагдаж байна.

“Хөрөнгө орлогын мэдүүлэг, хяналт шалгалт, хариуцлагын талаарх Монгол Улсын эрх зүйн орчин”, “Хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгах эрх, үүрэг”,  “Олон улсын туршлага”, “Мэдүүлгийг задлан шинжлэх, хянан шалгахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад нээлттэй эх сурвалж ашиглах нь”, ““Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-ийн зөрчил, анхаарах асуудал” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид болон СтАР санаачилгын мэргэжилтэн Дмитрий Котляр, Дэнис Бигус нар удирдан явуулж байна.

Сургалтад хамрагдаж буй иргэд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавьж, дүн шинжилгээ хийх мэдлэг чадвар эзэмшихээс гадна авлигын шалтгаан, хор хөнөөл, шүгэл үлээх соёл, төрийн албаны уламжлал, шинэчлэл ба ёс зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ гүнзгийрүүлэх юм.