АТГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж эхэлжээ. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодрууллаа.
-Төлөвлөгөөт шалгалтад хэчнээн албан тушаалтан хамрагдсан бэ?
-АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтэс жил бүр 40 гаруй мянган албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авдаг. Ингээд нууцад хамаарахаас бусад буюу 36 мянган албан хаагчийн мэдүүлгийг хураангуй хэлбэрээр вэб сайтад нийтэлж, хянадаг. Ил зарладаг нь ард түмэнтэйгээ хамтраад бүгдийг нь хянах үүднээс авч хэрэгжүүлдэг ажил.
Байгууллагын хүн хүчнээс шалтгаалаад жилд 350-400 орчим албан тушаалтны хөрөнгө, орлогыг төлөвлөгөөт хяналт шалгалтаар хянадаг. 2019 оны эхний есөн сарын байдлаар 305 албан тушаалтны хөрөнгө, орлогыг шалгаж, 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад нь шаардлага хүргүүлсэн. Тэдгээрээс 8 албан хаагчид халах, үлдсэн албан хаагчдад сануулах, цалин хасах, албан тушаал бууруулах гэх мэт арга хэмжээ тооцуулаад байна. Ингээд 305 албан хаагчаас 21-ийг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзээд нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байгаа юм.
-Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 21 албан хаагч хаана хаана ажилладаг вэ?
-21 албан тушаалтны 17 нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, хоёр нь ТӨХК-ийн удирдах албан тушаалтан, хоёр нь яамны газар, хэлтсийн дарга.
-Эдгээр албан тушаалтнууд нийтдээ хэчнээн төгрөгийн хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй байгаа юм бэ?
-Дүн хүн бүр дээр харилцан адилгүй байгаа. Ер нь бол Авлигын эсрэг хуульд албан тушаалтан зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу түүнээс их орлогоо нотолж чадахгүй бол зөрчил гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хуульд 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө, орлогоо тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг хэмээн үзэж шалгадаг.
-Шүүгч нарын тухайд тодруулж мэдээлэл өгөөч, бусад байгууллагын албан тушаалтнуудтай харьцуулахад олон байна шүү дээ?
-АТГ-аас 2019 онд шүүгч нартай холбоотой хэд хэдэн хэрэг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор шүүгч нарын хөрөнгө, орлогын мэдүүлэг рүү чиглэсэн төлөвлөгөөт шалгалтыг явуулсан. Ийм учраас тоо нь өндөр харагдаж байгаа байх. Үүнийг 17 шүүгчийг түдгэлзүүлсэнтэй шууд хутгаж болохгүй. Зарим нь давхацсан тохиолдол бол бий. Одоогоор энэ талаар болон шалгагдаж байгаа албан тушаалтнуудын нэрийг зарлах боломжгүй.
-Хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн УИХ-ын гишүүдийн асуудал яригдаад байгаа. Энэ тухайд?
-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах асуудлыг хоёр хуваачихсан. Нийтийн албан тушаалтныг АТГ шалгаж байгаа бол УИХ-ын гишүүдийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана. Харин УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа бол манайхаас шалгах боломжтой.
Маргааш /арваннэгдүгээр сарын 22-нд/ АТГ-аас Азийн сан, Олон нийтийн зөвлөлтэйгөө хамтраад хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг хэрхэн хянах вэ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын гишүүдэд хариуцлага тооцох боломж байхгүйг хэрхэн засах вэ гэх мэт асуудлууд хөндөгдөнө.
-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт 2012 онд батлагдсан. Одоо өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа юу?
-Нэг үеэ бодвол манай албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлээд сурчихлаа. Үүний хажуугаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо хувиргах арга нь нарийсаад байна. Тиймээс зарлагыг хянах чиглэлээр асуулга оруулахад иргэдийнхээ саналыг сонсоно.
АТГ-аас зарлагыг хянах чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажиллаж, 9 албан тушаалтны мэдээллийг Татварын ерөнхий газарт хүргүүлж шалгалт хийлгэсэн. Шалгалтаар 500 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 42 сая төгрөгийн татвар ногдуулсан.
Эх сурвалж