Монгол Улс ЦАХИМ технологид бүрэн шилжвэл АВЛИГА 95 хувиар буурах боломжтой

A- A A+
Монгол Улс ЦАХИМ технологид бүрэн шилжвэл АВЛИГА 95 хувиар буурах боломжтой

1990 оны үед залуучууд манлайлан жагсаж өнөөгийн “АВЛИГАЖСАН” ардчиллыг бүтээсэн гэдэг. Гэхдээ тухайн үед 25-30 настай байсан залуучууд өөрсдийн тэмцэж, өлсөж, жагсаж байж эхлүүлсэн зүйлээ 30 жилийн дараа АВЛИГАЖСАН НИЙГЭМ болно гэж огт төсөөлөөгүй байх л даа. Тийм учраас тэднийг буруутгаад яахав. Надад ийм нийтлэл бичих эрх чөлөөг авчирч өгсөнд нь баярлалаа гэж хэлье.

АВЛИГЫН ЭСРЭГ яагаад ЗАЛУУЧУУД гэж?

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Авлигын эсрэг чуулган-2019” ЦАХИМ ШИЙДЛИЙГ залуучуудын дунд амжилттай зохион байгуулж, ардчиллыг залуучууд эхлүүлсэн шиг авлигагүй нийгмийг залуучууд бүтээж чадах юм байна гэсэн үзлийг нийгэмд үүсгэж чадлаа. Чуулганы гол онцлог нь ердөө л энэ. Сонирхолтой илтгэл, янз бүрийн шийдэл нь тухайн өдөртөө, магадгүй ойлгосон заримд нь сэтгэл дүүрэн байсан. Харин тэд уг чуулганаас гараад нийгэмд яг ямар өөрчлөлт хийхээр шийдсэн бол гэдэг нь сонин.

Авлига гэгч “нийгмийн хорт хавдар”-тай дэлхий нийтээр тэмцэж байна. Иргэдэд мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх арга замыг заах, анхааруулах, сануулах зорилгоор тодорхой нэг сэдвийн хүрээнд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулдаг аж. Энэ хүрээнд “ЦАХИМ ШИЙДЭЛ” гэсэн сэдвийг голчлон анхаарч, цахим дэвшил, шийдлийг түлхүү ашигладаг нийгмийн идэвхтэй бүлэг болох залуучуудыг онилсон нь “зөв шийдвэр” байв.

Учир нь залуучууд нэгдүгээрт улс орны хөгжлийн гол хүч, хоёрдугаарт шинэ техник, технологийн гол хэрэглэгч, гуравдугаарт тэд хэзээ ч АВЛИГАД ӨРТӨХ БҮЛЭГ биш юм. Харин тэд хүчээ нэгтгэж, ойлголцож, зөв шийдлийг илэрхийлж чадвал нийгмээ АВЛИГААС ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХ хамгийн хүчтэй арми юм.

“Авлигын эсрэг ЦАХИМ ШИЙДЭЛ-2019” чуулганд залуучуудаа манлайлж, шинэ техник, технологийг ардчилсан Монголын авлигажсан хөрсөнд суулгахаар хичээж буй идэвхтэй хэдэн залуу илтгэл танилцуулсан юм. Монгол Улсыг авлигаас салгах арга ерөөсөө залуучууд бидэнд байна гэдгийг тэд бүрэн илэрхийлсэн. Харин бид тэднийг дэмжиж урам өгөх, хүчээ нэгтгэх, хамтдаа зүтгэх л дутаад байгааг олж харлаа. Хэд хэдэн тоо судалгааг илтгэгч нарын тэдний зөвшөөрөлтэй нийтэлсэн эх сурвалжаас эш татаж хүргэе.

АСУУДАЛ НЬ ЮУ ВЭ?

Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжих нийгмийн өөрчлөлтийг дагаж авлига ба хээл хахуулийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болсон байна. Монгол Улс нь 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг хууль баталж, 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулан авлигын эсрэг тууштай арга хэмжээ авч байгаа боловч хээл хахууль нь хүмүүст өдөр тутмын хэвийн үзэгдэл мэт болон хувирчээ.

Олон улсын байгууллага нь жил бүр дэлхийн улс орнуудын авлигын ил тод байдлын талаар судалж, улс тус бүрээр жагсаасан байдлаас үзэхэд 1999 онд Монгол Улс нь 100 гаруй улсаас 43-т байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоон үзүүлэлт өөрчлөгдсөөр байгаа билээ. Тухайлбал, 2012 онд 36 оноогоор 85, 2013 онд 38 оноогоор 99, 2014 онд 39 оноогоор 99, 2015 онд 39 оноогоор 176 орноос 72, 2016 онд 38 оноогоор 87-д жагссан нь авлигын үзүүлэлт өсөж, улмаар уг гэмт хэргийн нөхцөл байдал ноцтой болж байгааг харуулж байна.

"Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээгээр шүүхээр авлигын хэрэг шийдэгдсэн үзүүлэлтээр Монгол Улс хангалтгүй үнэлгээ авсан. Тус байгууллагын судалгаагаар манай улс сүүлийн долоон жил 100 онооноос 36-39 оноо авч байгаа зэргээр олон улсын түвшинд нэр хүнд буурах үзүүлэлт цөөнгүй.

Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй.

Авлигатай тэмцэх газар энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Түүнчлэн хагас жилийн байдлаар авлигалын гэмт хэргийн улмаас 11.901.374.285.250 төгрөгийн хохирол учирсныг АТГ-аас мэдээллээ.

ГАРЦ ГАРГАЛГАА ЮУ БАЙНА ВЭ?

АВЛИГА ХЭЗЭЭ БИЙ БОЛСОН бэ...?

Авлига гэж эрх мэдэл бүхий этгээд эрх мэдлээ давуу байдлаар ашиглахыг хэлнэ. /Авлигын эсрэг хууль/ XV зууны зууны үеэс төрийн албанд хандив тусламж өгөх үүднээс АВЛИГА төрд анх үүссэн гэж үздэг. Төрийн аль ч хэлбэрт ХҮНД СУРТАЛ, ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ байгаа нь тухайн газар АВЛИГА ИХ БАЙГААГ илтгэж байдаг. Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хариулт авсан судалгаанд оролцсон иргэдийн зүгээс эхлээд ажилгүйдэл, дараа нь АВЛИГА гэх зүйлийг нэн даруй шийдэх ёстой гэж хариулжээ. 30-35 насныхан авлигыг хамгийн өндөр үзүүлэлттэй үнэлсэн. Өөрсдийнхөө авах ёстой үйлчилгээнийхээ төлөө 61 хувь нь авлига өгсөн гэжээ. Иргэдийн амьдралын 43 хувьд АВЛИГА нөлөөлсөн байна. /Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис/

АВЛИГААС ХЭРХЭН ангижирч болох вэ...?

Хамгийн үр дүнтэй шийдэл бол төрийн бүх үйлчилгээ ЦАХИМД ШИЛЖИХ явдал. Цахим шийдлийг нэвтрүүлж АВЛИГААС САЛЖ БАЙГАА Япон, Солонгос, Гүрж, Эстони зэрэг улсууд байна. Азарбайжан улс гэхэд төрийнхөө бүх үйлчилгээг нэгтгэсэн “АЖАЙН” төвөөс иргэд ямар ч дараалал, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэдэг байна. Хүн өөрөөсөө цахимаар сэтгэж сурахыг уриалжээ. /Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис/

Манай улс ямар бодлого хэрэгжүүлж байна вэ...?

Төр дэх авлига, хүнд суртал, ажлын ачааллыг бууруулах зорилгоор Засгийн газраас “ЦАХИМ ЗАСАГЛАЛ-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Төрийн цахим мэдээлэл солилцох системд 33 байгууллагын 170 гаруй үйлчилгээг холбосон. Энэ системийг ашиглан 38 байгууллагын 340 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлжээ. Тухайлбал, “ХУР”, “ДАН”, “ГЭРЭГЭ” гэх мэт системүүдийг ашиглаж байна. Цахим шилжилт нэвтэрснээр нэгдүгээрт хүнд суртал арилж, шударга ёс тогтоно. Хоёрдугаарт цаг хугацааг хэмнэнэ. Аливаа улс цахим шилжилтэд ороход дэд бүтэц, хүний нөөц, санхүү, хууль эрх зүй гэсэн дөрвөн шаардлагыг хангах ёстой. /Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис/

Монгол улсад цахим засаглалд шилжихэд дэд бүтэц хангалттай юу...?

Эрчим хүчний хувьд хангалттай. Нийт өрхийн 80 хувь байнгын эрчим хүчинд холбогдсон. Интернэт, гар утасны хэрэглээгээр Ази тивд тэргүүлдэг. Монгол Улсын нийт хүн амын тоо 3,3 сая. Ухаалаг гар утас ашигладаг хүн 3,4 сая. Гар утсаараа интернэт ашиглагч нь 3,9 сая. Суурин интернеэтийг 200 мянга, фэйсбүүк 2,2 сая, твитер 44 мянга, инстиграм 400 мянга. /Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис/

Хүний нөөц хангалттай юу...?

Цахим засаглалд шилжих хүний нөөц хангалтгүй. Боловсролын хувьд хоцрогдмол. Дээд боловсролд технологийн салбарт суралцаж буй оюутны тоо 2,3 хувь. Боловсролын чанараараа дэлхийд 101-т, багш нарын бэлтгэгдэж байгаа үзүүлэлтээр 92-т, ур чадвартай ажиллах хүчний нөөцөөр 130-д эрэмбэлэгдэж байна. Иргэдийн тоон бичиг үсгийн боловсрол 2016 оны судалгаагаар 32 хувьтай. Насанд хүрэгчдийн 98 хувь нь банкны данстай. Тэдгээрийн 49 хувь нь цахим гүйлгээг ашигладаг. /Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис/

Иргэдэд санхүүгийн нөөц бололцоо хангалттай юу...?

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 95 хувь банкнаас хамааралтай учраас старт апп бизнесийг дэмжих боломжгүй. Бизнес эрхлэхэд таатай үзүүлэлтээрээ 190 улсаас 74-т, санхүү, эрх зүйн мэдлэг, дэмжлэг багатай. /Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис/

Эрх зүй нь ямар вэ...?

Технологийн чиглэлийн хууль боломжийн. Харилцаа холбооны хувьд өрсөлдөөн сайтай. Татварын орчин сайтай. Цаашдаа Өргөн нэвтрүүлгийн тухай, Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай, Өгөгдөл хамгаалах тухай зэрэг хуулийн төслүүдийг батлуулах шаардлагатай. Түүнчлэн Тоон контентын үндэсний хөтөлбөр, Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, Цахим засаглалын үндэсний хөтөлбөрүүдийг хянах, сайжруулах хэрэгтэйг анхаарууллаа. /Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис/

Цахим хувьсгалд шилжсэний дараа БЛОКЧЕЙН, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ашиглах нь зөв...

Манай улс авлигаас салахад цахим шийдэл чухал гэдгийг залуучууд болон илтгэгч нар онцолж байна. Төрийн бүх мэдээлэл цахим засаглал, дижитал шилжилтэд ороход Блокчейн технологийг ашиглаж болох юм.

Нэгэн жишээ дурдахад Украйн улс Блокчейн технологийг газрын бүртгэлд ашиглан авлигыг устгаж чадсан.

Блокчейн технологи бол хүний оролцоог хязгаарлаж, хиймэл оюун ухаан, цахим өгөгдлийг ашиглан, тухайн үйл ажиллагааг бүртгэх, хадгалах, нууцлах, мэдээллийг хурдтайгаар түгээх үйлчилгээг үзүүлдэг шинэ тутам хөгжиж буй салбар юм. Үүнийг Монгол улс ашигласнаар авлигаас салах, авлига өгөх, хүнд суртал гаргах эрсдэлийг хянах боломжтойгоос гадна дэлхийн жишигт нийцсэн технологийг бүх нийтээр хэрэглэх боломж бүрдэх юм. Энэ талаар ICT компанийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн танилцууллаа.

Блокчейн бол цаг хугацааг хэмнэнэ...

Блокчейн технологи бол ямар нэг мэдээллийг засварлах, устгах боломжгүйгээр шууд хадгалдаг, хүний оролцоогүйгээр үйлдлийг хянадаг систем.

Дундын зуучлагчийг үгүй хийнэ. Дундын зуучлагч бол АВЛИГА, нөлөөлөгч гэсэн үг. Хүний бодол санааг өөрчлөх боломжгүй. Хувь хүний болон төрийн бүх мэдээллийг устгах ямар ч боломжгүй учраас АВЛИГЫН ЭСРЭГ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ.

Гүрж улс ашигт малтмалын бүх лицензийн блокчейн технологид нэтврүүлж байгаа бол Украйн улс нэвтрүүлээд хоёр жил болсон. Солонгос, Сингапур зэрэг улс төрийн албаны шалгалт болон төрийн албан хаагчийн анкетийг блокчейн технологиор авдаг. Эстони улс улс төрийн сонгуулиа ийм системээр явуулж байна.

Монгол Улсад Блокчейн технологийг ашиглахыг зөвшөөрсөн хууль эрх зүйн батлагдчихвал энэ системийг улс даяар ашиглаж, төрийн албан хаагчийн хүнд суртал, авлигыг илрүүлж болох юм. Энэ технологийн дижитал шилжилт хийгдсэний дараа нэвтрүүлбэл АВЛИГА 95 хувь буурна. Зардал 80 буурч, цаг хугацааг 60 хувь хэмнэх тооцоо гарчээ.

ICT групп компанийн зүгээс бизнест хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлжээ. Тухайлбал, монгол хүний нүүрийг 98 хувь таних программыг ашиглаж эхэлсэн. Блокчейн болон хиймэл оюун ухааныг хослуулан ашигласнаар хүн худлаа ярих, үгүйсгэх боломжгүй.

Дэлхий нийт Авлигын эсрэг тэмцэлдээ цахим технологийг түлхүү ашиглахыг уриалж зарим хөгжингүй орнууд ч үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Монгол Улс ч бас энэхүү технологийг нэвтрүүлж авлигыг таслан зогсоох боломжийг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Цахим шилжилт, технологийн хөгжлийг нэвтрүүлж, улс орноо авлигаас салгахад ЗАЛУУЧУУД ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ болоод байгааг нийт залуучуудад уриалж байна.

З.БАТХУЯГ

Улстөрч.мн

Эх сурвалж