Ц.Цэцэгдэлгэрэх: Төрийн албан хаагч есөн хүний ХОМ-т 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

A- A A+
Ц.Цэцэгдэлгэрэх: Төрийн албан хаагч есөн хүний ХОМ-т 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

-Орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн хүмүүс дунд төрийн өндөр албан тушаалтан, дэд сайд, төрийн өмчит компанийн захирлууд байна-

Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар хамтран төрийн албан тушаалтны ХОМ дээр шалгалт хийж, 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Мэдүүлэг гаргагчдын ХОМ дээрээс 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-АТГ-аас хуульд заасан чиг үүргийн хүрээнд ХОМ-ээ гаргаж байгаа албан тушаалтнуудын гаргаж өгсөн орлого хөрөнгө нь хуулийн дагуу байна уу, эх үүсвэр нь хаанаас бий болсон бэ, хуульд заасан үндэслэлийн дагуу үнэн зөв мэдүүлсэн үү гэдэг дээр холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Бид 2013 оноос эхлээд мэдүүлэг гаргагч нараас ХОМ-ийг цахим системээр авч байгаа. Цахим систем дээрээсээ эрсдэлт албан тушаалтнууд байгаа эсэхийг түүвэрлэж хяналт явуулсан. Энэ жилийн хувьд хамгийн их хэмжээний орлого олсон гэж мэдүүлсэн есөн албан тушаалтан байгаа. Мэдүүлэг гаргагч нар их хэмжээний орлого олсон байдаг, гэтэл татварт гаргаж өгсөн тайлантай нь уялдаж байгаа эсэхийг есөн мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдүүлсэн орлогын байдлыг нь шалгуулахаар ТЕГ-т хандсан. Татварын байгууллагаас харьяалах нийслэл дүүрэг дээр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлээд тухайн мэдүүлэг гаргагч нарын гэр бүлийн гишүүд нь Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зөрчих гэх мэт бүртгэл санхүүгийн зөрчлүүд илэрсэн. Нийт эр 1.1 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан байна гэж татварын байгууллага тогтоосон. Энэ зөрчилд нь ТЕГ хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныхаа дагуу холбогдох арга хэмжээг авч тэдгээр хүмүүст 71 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьсан. Харин АТГ-ын зүгээс энэ есөн мэдүүлэг гаргагч нарын ХОМ-ийг нарийвчлан шалгасан.  Шалтгалтаар гурван мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг худал мэдүүлсэн зөрчилд нь Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар мэдүүлэг гаргагчийн удирдах албан тушаалтанд албан бичгийг хүргүүлсэн. Ер нь бид цааш цаашдаа мэдүүлэг гаргагчийн орлогын байдалд нь хууль ёсны дагуу байна уу гэдэг дээр татварын байгууллагатай зайлшгүй уялдаж, холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ажиллах болно.

-ХОМ-т нь 1.1 тэрбумын зөрчил илэрсэн есөн албан тушаалтан төрийн аль шатны байгууллагын хүмүүс вэ?

-Есөн мэдүүлэг гаргагчийн хувьд төрийн өндөр албан тушаалтан, яамдын дэд сайдууд ч байна, ТӨК-ийн захирал, мэргэжилтнүүд ч байна. Бид байгууллага албан тушаалаар нь биш орлогынх нь хэмжээгээр цензурлээд аваад үзэхээр ийм хүмүүс байгаа юм. Нэг ёсондоо сүүлийн нэг жил орлого нь огцом өссөн, энэ оны хувьд хамгийн их орлого олсон есөн хүн дээр түүвэрлэж хяналтаа тавьсан.

-Зөрчлийн хувьд аль төрлийн орлого нэмэгдсэн гэж харагдаж байна вэ?

-Хөрөнгө борлуулсны орлого, компанийн ногдол ашиг түлхүү орсон байна. Хууль ёсоор бол хөрөнгө борлуулсан орлого байх юм бол үл хөдлөх хөрөнгийн хоёр хувиа төлж тэндээс татвар ногдуулж байж орлого нь бодитой хууль ёсных байх ёстой. Гэтэл тэгээгүй, өндөр хэмжээний хөрөнгө борлуулчихаад татвар тайлангаа буруу гаргаад өгчихсөн.

-Хөрөнгө борлуулсан, компанийн ногдол ашиг хүртсэн гэх нэрээр өөр замаар хөрөнгөжсөн байх магадлалтай юу. Энэ нь хоёр байгууллагын хамтарсан шалгалтын хүрээнд тодорхой харагдах уу?

-Хэрэв тийм зүйл байвал татварынхан гэмт хэргмийн шинжийг агуулсан байна гэж үзэх ёстой. Энэ удаад ийм зөрчил гараагүй. Зөвхөн орлогоо бүрэн гүйцэд тайлагнаагүй байна гэсэн зөрчил гарч ирсэн. Гэхдээ цаашдаа ийм зөрчил гараад ирэхийг үгүйсгэхгүй.

-ХОМ-ээс л төрийн албан хаагчид хэр хэмжээний хөрөнгөтэй болохыг мэдэх ганц боломж. Гэхдээ ХОМ-ийг бүрэн гүйцэд гаргахад хүндрэл бэрхшээл бий юу?

-Сүүлийн үед бидэнд ХОМ дээр хяналт шалгалтын явцад нэг тулгамдаж байгаа зүйл бол дотооддоо банк санхүүгийн байгууллагаас банкуудын лавлагаа мэдээллийг авч чадахгүй байна. Хууль эрх зүйн орчин хаалттай. Ямар тохиолдолд авдаг вэ гэхээр Банкны тухай хуульд зааснаар АТГ маань прокурорын зөвшөөрлөөр авч болдог. Гэтэл албан тушаалтнууд орлого хөрөнгийн байдал, банкуудын эрсдэлтэй гүйлгээ орж гарч байгаа мөнгөн гуйвуулгаас л орлого нь хууль ёсны дагуу байна уу, ямар ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна вэ, үнэн бодит уу гэдгийг харж болно. Гэвч энэ нь Банкны тухай хуулиар хаалттай болоод лавлагаа мэдээлэл авч чадахгүй, зөвхөн мэдүүлэг гаргагчаас өөрсдөөс нь бичгийн нотлох баримт гаргаж авах, шаардлагатай тохиолдолд Мөрдөн шалгах хэлтэс рүүгээ бичиг хүргүүлж прокурорын зөвшөөрлөөр авч байгаа. Энэ бол хууль бусаар орлого олж байгаа хүмүүс дээр хяналт шалгалт явуулахад эрсдэл үүсгэж байна. Тиймээс Банкны тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Өмнө нь бид 2007 оноос авч эхэлж байсан. Гэвч Банкны тухай хуулиар хаалттай болоод 2012 оноос авах боломжгүй болсон. Дотооддоо мөнгөн гуйвуулгын шилжилт хөдөлгөөн дээр хяналт тавьж чадахгүй байж оффшортой холбоотой асуудлыг ярихад хэцүү. Бид хууль эрх зүйн орчныг өөрчлөх талаар маш их ярьж байгаа.

Нийгэмд шүүмжилж байгаа бас нэг зүйл бол албан тушаалтнуудын ХОМ-ийг 10 гаруй жилийн хугацаанд бүртгэлээ. Наад нөхөд чинь орлогоосоо давсан зарлагатай байна. Төрийн албан хаагчийн дундаж цалин 900.000 байдаг. Гэтэл жилд хоёр гурван удаа гадаад дотоодод зорчдог, хүүхдүүд нь өндөр өртөгтэй сургуульд сураад байна. Авлига ашиг сонирхлын зөрчилд өртөж байгаа юм биш биз гэдэг. Дан ганц мэдүүлэг гаргагчаас гадна гэр бүлийн гишүүд нь бас хуулийн этгээд үүсгэн байгуулаад орлого ашиг нь нэмэгдээд хөрөнгө орлого нь жилээс жилд нэмэгдсэн байж болно. Энэ нь үндэслэлтэй бодитой, баримттай байх ёстой. Түүнээс биш төрийн албан хаагчийн орлого ийм бага юм чинь нэг өрөө орон сууцтай бол тийм л байх ёстой гэж үзэж болохгүй. Энэ жилийн хувьд манай хяналт шалгалтаар 21 албан тушаалтан дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн зөрчил илэрсэн. Таны орон сууц ямар үндэслэл баримтаар нэмэгдсэн бэ, баримтаа аваад ир, үүнийг нотол гэхээр тайлбарлаж чадаагүй. Тиймээс тэднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд Мөрдөн шалгах хэлтэс рүүгээ шалгуулахаар шилжүүлсэн. Мөн хяналт шалгалтаар зөрчил илэрсэн 30 гаруй албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ тооцуулсан. Гол нь хяналт шалгалтыг цогцоор нь явуулах эрх зүйн орчин хангалтгүй байх ёстойг хэлмээр байна.

-Банкны мөнгөн гуйвуулгын мэдээллийг авч чадахгүй байна гэлээ. Гадны улс орнууд авлигатай тэмцэх ажиллагаанд банкны гуйвуулгын мэдээлэл хэр нээлттэй байдаг юм бэ?

-Мэдээж чөлөөтэй. Латви улс гэхэд АТГ-ынх нь албан хаагчид мэдээлэл лавлагааг авах бүрэн боломжтой байдаг юм билээ. Терроризмтой тэмцэх хуулинд ч тодорхой заагаад өгчихсөн. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд тэдэн саяас дээш хэмжээний банкны гүйлгээг хууль хяналтын байгууллага бүрэн чөлөөтэй авах ёстой байдаг. Гэвч манайд төдийлөн хэрэгжихгүй байна. Зөвхөн мэдүүлэг гаргагчаас л авч байгаа мэдээллийн хүрээнд байна.

-Авлигын гэмт хэргээс үүдэж улсад 11 их наяд төгрөгийн хохирол учраад байгааг АТГ зарласан. Энэ их хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой юу?

-АТГ-ын сая хагас жилийн тайлангаар ийм тоо гарсан. Бид эхэндээ үнэмшээгүй, дахин нягталсан, шалгасан. Гэвч бодитой тоо байсан. Энэ бол Монгол Улсын бүтэн жилийн төсөв. Авлига албан тушаалын хэргээс болж ийм хэжмээний хохирол улсад маань учирчихсан байгаа нь дан ганц шалгагдаж байгаа албан тушаалтнуудаас гадна төрийн шат шатны албатай ч холбоотой. Хяналт шалгалт явуулж байх ёстой мэргэжлийн хяналт, төсөв санхүүгийнхан хаагуураа явж байсан юм. Төрийн албан хаагч нар, энэ чиглэлд хяналт тавьж байх аудит санхүү мэгэжлийн хяналт хаана хаанаа анхаарах цаг иржээ. Дээрээс нь төрийн албан хаагчийн ёс зүй ч чухал болоод байна. Нийтийн эрх ашгийн төлөө шударгаар ажиллах ёстой гэдэг. Гэтэл зарим төрийн албан хаагч өнөөдөр зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрч байгаа тохиолдол ч байна. Уг нь Авлигын эсрэг хуулинд зохицуулаад өгчихсөн байна. Та албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлигатай холбоотой мэдээлэл авбал АТГ-т нэн даруй шалгуулах ёстой гэдэг. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Нөхөн төлүүлэхийн хувьд манай Мөдөн шалгах хэлстээс шалгаж байгаа хэргүүд учраас холбогдсон хүмүүсийн гэм буруутай нь тогтоогдвол хууль бусаар олсон орлогыг хураах улсын орлого болгох хүртэл зохицуулалттай. Гэхдээ авлига албан тушаалын хэрэг цаг хугацаа, мөрдөгчдийн ур чадвар их шаарддаг. Үүн дээр манай Мөрдөн шалгах хэлстийн мөрдөгч нар сайн ажиллаж байгаа.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: “Өдрийн сонин”