Улиран одож буй онд гадаадын гэмт бүлэглэл, тусгай албанаас манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа цөөнгүй явуулсан гэхэд болно. Дэлхийн дахиныг түгшээж буй Африкийн хар тамхины мафийнхан манай улсад орогнож, хүүхэд, залуусын дунд их хэмжээний мансууруулах бодис зарж байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн, Азийз, Дон гэх Нигерийн иргэн, тэдний барааг борлуулдаг Монгол бүсгүйн гэм бурууг шүүх тогтоов. Улс орны нүд чих болсон тагнуулын байгууллагынхан манайд суурьшсан гадаадын тусгай албаны төлөөлөгч болон тэдний гар хөл болж, нууцад хамаарах мэдээ, баримт дамжуулж байсан гурван хүнийг илрүүлж, шүүх ч тэднийг гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамтран ажилласан буруутай гэж дүгнэн ял шийтгээд байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнуудтай хамтарч манай улсад жуулчлах визтэй орж ирсэн өмнөд хөршийн 800 гаруй иргэнийг саатуулж, тэдний өдүүлэхийг завдсан мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлснийг уншигчид санаж буй биз ээ. Харийн гэмт бүлэглэлийнхэн ийнхүү зохион байгуулалттайгаар манай улсад үйл ажиллагаа явуулах боломжийг таслан зогсоосон тагнуул, цагдаагийн алба хаагчид үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргээ амжилттай хэрэгжүүлсээр байгаагийн илрэл энэ болов.
Тэгвэл Монголыг дэлхийд муухай харагдуулах болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг АТГ-ын шинэ удирдлага шуурхай шалгаж шийдвэрлэх бодлого баримтлан ажиллаж буй. Энэ хүрээнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, нэр бүхий 17 шүүгчид холбогдох хэргээс цөөнгүйд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд байна. Шүүгчдээс ингэж олноороо эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулсан түүх дэлхийд ч цөөн биз ээ. Шүүгчдийн зарим нь хил давж, харь оронд гарчихаад хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан, цагдан хорих байранд цаг бусаар амиа алдсан тохиолдол ч үгүй байх. Халаагаа өгч буй 2019 онд хууль сахиулах байгууллагынхан, тэр дундаа АТГ, Хар тамхитай тэмцэх газрын гадаад хамтын ажиллагаа өргөжиж, харьд гарсан мансууруулах бодисын наймаачин, оффшор бүсэд мөнгөө нуусан эрх мэдэлтнүүдийн хөрөнгийг буцаан авахад чиглэсэн ажил цөөнгүйг зохион байгуулжээ. Үүний үр дүнд оффшор бүсээс нийтдээ 60 гаруй сая ам.долларын хөрөнгө буцаан аваад байна. Хамгийн сүүлд л гэхэд Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй хэмээн саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд гадаад хамтын ажиллагааны шугамаар олж авсан мэдээллээ нарийвчлан шалгаж баримтжуулан түүнийг хариуцлагад татлаа. Хууль сахиулагчид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэж, илрүүлэн, таслан зогсоосон он улирч байна.
Г.Цолмон