АТГ-ын 2019 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар тус газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүтэй ярилцлаа.
-Өнгөрөгч он АТГ-ын хувьд үйл явдлын өрнөл ихтэй жил болох шиг боллоо?-УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 2-ны 37, 39 дүгээр тогтоолоор тус газрын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилсон, мөн УИХ-ын 2019 оны зургадугаар сарын 13-ны 67 дугаар тогтоол батлагдснаар АТГ-ын бүтэц, орон тоо бага зэрэг өөрчлөгдсөн. Үүнийг АТГ-ын бодит нөхцөлийг харгалзан үзсэний үндсэн дээр үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэг гэж үзэж байгаа. Мөн Төрийн албаны хууль, Авлигын эсрэг хуультай уялдуулан ойрын хугацааны буюу ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах стратеги төлөвлөгөөтэй болсон. Авлигын тохиолдолтой тэмцэхийн хажуугаар суурь шалтгааныг мөн арилгаж байх ёстой. Тиймээс асуудалд судалгаатай, дүн шинжилгээтэй хандах үүднээс судалгааны албыг өргөжүүлсэн гэх мэтийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн байна.
-Та сая тохиолдолтой тэмцэхээс гадна суурь шалтгааныг арилгаж байх ёстой гэлээ. Танай байгууллагын бас нэг чиг үүрэг авлигаас урьдчилан сэргийлэх ажил байдаг. Энэ чиглэлд ямар ажил хийв?-Хийсэн ажлыг нэг бүрчлэн яриад байвал дуусахгүй. Тиймээс тоймтой хэдийг нь дурдъя. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай, Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ-ын төлөөлөл ажиллаж, холбогдох саналуудыг хуульд тусгууллаа. Авлигын эсрэг сургалтыг 21 аймаг, нийслэлийн 74 байгууллагын нийт 24378 албан хаагчид зохион байгуулсан. Байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянан үзэж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг үүсгэж байвал хүчингүй болгуулах, өөрчлүүлэх эрхийг АТГ-т хуулиар олгосон. Энэ хүрээнд хууль тогтоомжийг зөрчин баталсан дүрэм, журмыг хүчингүй болгох, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлүүлэх, байгууллагуудын ёс зүйн дүрмүүдийг хянаж санал хүргүүллээ. Мөн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, газрын алба, мэргэжлийн хяналт, улсын бүртгэл гэх мэт салбарын төрийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаанд үүсэж буй авлигын эрсдэлийг арилгах талаар удирдах албан тушаалтнуудад зөвлөмж, чиглэл өгч, биелэлтийг хангасан. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг, семинар, чуулган зохион байгуулж, зөвлөмж гарган эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлсэн.Түүнчлэн иргэдийг чадавхжуулж, оролцоог нь хангаснаар бодитой, үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлдэг болох зорилгоор орон нутаг, дүүрэг, хороодын иргэдэд авлигын хор хөнөөлийг ярьж, аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцох, саналаа өгөх, хэрвээ эрх нь зөрчигдвөл ямар шат дарааллаар хэнд хандах гэх мэт хууль, эрхзүйн талаарх мэдээлэл өгсөн. Иргэд их талархаж хүлээж авсан. Ер нь хамгийн хүчтэй хяналт бол мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэний хяналт юм. Гомдол мэдээлэл хүлээн авах 1800-1969 утсыг өөрчилж, үнэ төлбөргүй 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн.Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, эрхзүйн орчинд хийсэн дөрөв дэх удаагийн үнэлгээний тайланг бэлтгэн хүргүүлж, 2019 оны гуравдугаар сард Парис хотод зохион байгуулагдсан тус сүлжээний бүгд хурлын үеэр Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийн хамт тайланг хамгаалсан. Үнэлгээний багийн шинжээчид долдугаар сард тус тайлангийн үр дүнг Улаанбаатар хотод танилцуулж, шинэ зөвлөмжийг өгсөн.
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 онд батлагдсан. Хэрэгжих хугацааны тэн хагас нь өнгөрөөд байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар яривал?-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тайлан хоёрдугаар сард гарна. 2017 онд 144, 2018 онд 202 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдснаас 2018 онд 24 арга хэмжээ хэрэгжээгүй, 178 арга хэмжээ зохих хэмжээнд хэрэгжиж, гүйцэтгэл 35,34 хувиар үнэлэгдсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа байдалд дүгнэлт хийж, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар УИХ-ын Тамгын газар, УИХ-аас томилогддог байгууллагуудын удирдлага, УДШ, ШЕЗ, УЕПГ, бүх яам, агентлаг, нийслэлийн болон 21 аймгийн Засаг дарга, төрийн бус байгууллагууд зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагад зөвлөмж, чиглэл өгсөн. Энэ хөтөлбөр чинь үндэсний хөтөлбөр шүү дээ. Гэтэл зарим байгууллага албан тушаалтнуудын хөшүүн хойрго байдлаас хамаарч зарим зорилтуудын хэрэгжилт хангалтгүй байгаа. Энэ онд хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит ажил, хэрэг болгож ажиллана.
-“Цагаан захтнууд”-ын үйлддэг хэрэг гэх авлигын гэмт хэргийг илрүүлж, шалгахад мөрдөгч нараас ур чадвар, туршлага шаардана. Албан хаагчдаа сургах, мэргэшүүлэх чиглэлд байгууллага хэрхэн анхаарч байна?-Дунд шатны албан тушаалтнууд холбогдсон хэргийн тухайд, хууль бусаар тендер шалгаруулж, үнийн дүнгээс тодорхой хувийг авч, оффшор бүсээр дамжуулан найм орчим сая ам.доллар буюу 20 гаруй тэрбум төгрөг мөнгө угаах замаар оруулж ирсэн асуудал шалгагдаж байна. Нийтдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад 95 сая орчим ам.доллар буюу бараг 300 орчим тэрбум төгрөг оффшор бүсээс орж ирсэн асуудлыг тогтоон шалгаж байна. Хэрэг шүүхээр шийдэгдвэл энэ хэмжээний хөрөнгө хураана гэсэн үг. Энгийн үгээр хэлбэл авлигын замаар оффшор бүс рүү шилжсэн мөнгө угаагдаад хөрөнгө оруулалт, барилга байшин гэх мэтээр хэлбэр дүрсээ өөрчлөөд манай улсад эргэж орж ирснийг тогтоож, царцаасан. Мөн хилийн чанадад ч зарим хөрөнгийг тогтоосон. Энэ бүхнийг мөрдөн шалгаж тогтооход эрх зүйн болон санхүү, эдийн засгийн мэдлэг, ур чадвар, туршлага болон мэргэжлийн шинжээчдийн оролцоо шаардагддаг. Тийм учраас албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн онд олон улсын байгууллагаас Монгол Улсад зохион байгуулсан сургалтад 90 албан хаагч, гадаад улс оронд зохион байгуулагдсан сургалтад 19 албан хаагчийг хамрууллаа.
-Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хурал, сургалт зохион байгуулсан талаар мэдээлэл гарч байсан. Энэ талаар тодруулна уу?-Авлигыг хорт хавдартай зүйрлэдэг. Авлигын хор уршиг, хөнөөлт үр дагаврын тухай дэлхийн улс орнуудад хангалттай түүхэн жишээ байдаг. Авлига нь нийгмийн тогтвортой, аюулгүй байдалд бэрхшээл, аюул занал учруулж, улмаар ардчиллын тогтолцоо ба үнэт зүйлс, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг доройтуулан сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулахуйц байгаа ноцтой байдалд сэтгэлж зовниж байгаагаа илэрхийлж, хамтын хүчин чармайлтаар тэмцэхээр дэлхийн 140 гаруй улс, орон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон байдаг. Энэ нь нэг улсын асуудал биш, нийтийн өмнө тулгамдаж буй асуудал болсныг илэрхийлж байгаа юм. Сүүлийн үед илрүүлж байгаа гэмт хэргүүдийн арга барил, хэв шинжийг авч үзэхэд өндөр зохион байгуулалттай, бусад хэлбэрийн гэмт хэргүүдтэй хавсарсан шинжтэй, хаалттай, нууц далд байдалд үйлдэгдэж байна. Тиймээс дотоод, гадаадын хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, амьд харилцаа нь гэмт хэргүүдийг илрүүлж, шалган нотлоход чухал үүрэгтэй. Энэ хүрээнд Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурлыг 2019 оны есдүгээр сарын 23-27-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. АТГ тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар ажилласан.
-Хэрэгт холбогдсон этгээдүүд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь хуулийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж байна. Тийм ч учраас танай байгууллагын үйл ажиллагаа олон нийтийн байнгын шүүмжлэлд өртдөг. Олон нийт шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад хариуцлага тооцохыг шаардах боллоо?-Иргэд, олон нийтийн зүгээс төрийн байгууллагуудын шударга байдалд эргэлзэж, төрд итгэх итгэл алдарч байгаа нь үнэн бөгөөд үүнийг бодитоор хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Нийгмийн шаардлагыг харгалзан, тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар зөвлөлдөн, бодлого, стратеги, арга механизмаа ярилцах боломжийг олгохоор АТГ-аас санаачлан бусад байгууллагатай хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвийн дор зохион байгуулсан. Гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар олон нийтэд мэдээлэх ажил шат шатандаа харилцан ойлголцож, тогтож хэвшээгүй, мэдээлэл хаалттай байгаа нь иргэдийн хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагад итгэх итгэл буурах үндсэн шалтгаан болж байна. Бид судалгаа, дүгнэлт ч хийж үзсэн. Мэдээлэл хаалттай, ойлгомжгүй байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагууд гэмт хэрэг, зөрчлийн талаар цаг алдалгүй олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах, ялангуяа мэдээлэл түгээх оновчтой арга хэлбэрийг тодорхойлж, нэвтрүүлж, хэвшүүлэх нь нэн чухал гэсэн санал, санаачилгыг дээр дурдсан зөвлөгөөний үеэр дэвшүүлсэн. Үйл ажиллагаандаа ч хуулийн хэмжээнд боломжит бүхий л мэдээллийг олон нийтэд төрөл бүрийн арга, хэлбэрээр хүргэхийг зорьж ажиллаж байна.Өнгөрсөн онд хуульд заасан харьяаллын 1559 үйлдэлтэй, 481 холбогдогчтой, 1300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 156 буюу 12 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлж, 68 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Мөн “томоохон” гэж яриад байгаа хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн, шийдвэрлэлтийг хүлээж байна. Тэгэхээр ажиллахгүй биш ажиллаад л байгаа юм. Нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа нь мөрдөн байгууллага тодорхой хэргийн цар хүрээнээс хамаараад ажлын хэсэг гаргах гэх мэт арга замаар мөрдөгч нарын ачааллыг тэнцвэржүүлж, хэрэг шалгах ажиллагааны шуурхай байдлыг хангах боломж, бололцоо бий. Гэтэл прокурор, шүүхэд ийм нөөц, хүн хүчний боломж байдаггүй. Өнөөдөр манай улсын хуулиар хэрэгт авагдаж байгаа нотлох баримтууд цаасан суурьтай байдаг. Тэр бүхэнтэй танилцаж, үнэлнэ гэдэг бол зайлшгүй цаг хугацаа шаардаж байна. Наад зах нь овроор нь төсөөлөхөд нэг хавтас нь 250 хуудастай, нийт 300-400 хавтаст хэрэг байна шүү дээ.
-Нийтийн албан тушаалтнууд 2019 оны хөрөнгө орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа үргэлжилж байна. Өмнөх оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах явц хэр байв?-2019 онд 403 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгасан. Зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Үүнд зургаан албан тушаалтанд сануулах, 20 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, нэг албан тушаалтанд албан тушаал бууруулах, найман албан тушаалтанд нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн шалгалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй 30 албан хаагчид холбогдох үйлдлийг нарийвчлан шалгаж байна.
-Албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар ирсэн өргөдөл, гомдлын тоо өссөн мэдээлэл танай 2019 оны тайланд дурдагдсан байсан. Яг ямар зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл их ирсэн бэ?-2019 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 742 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан нь өнгөрсөн онтой харьцуулахад 10.4 хувиар, өссөн үзүүлэлт юм. Нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 15.9 хувь нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн, 15.6 хувь нь албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, 14.2 хувь нь хувийг албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн агуулгатай байна. Гомдол, мэдээлэлд дурьдсан нөхцөл байдлыг хянан шалгаж, хууль зөрчсөн 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.
-Гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээллийн тухайд?-Гэмт хэргийн шинжтэй нийт 894 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 4.2 хувиар өссөн үзүүлэлттэй юм. Хүлээн авч шалгасан гомдол, мэдээллийн 54.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 40.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байгаа нь өмнөх оноос 0.2 хувиар өссөн байна. Гомдол, мэдээллийн 564 буюу 63.1 хувийг Улаанбаатар, 330 буюу 36.9 хувийг орон нутгийн харьяаллын гомдол, мэдээлэл эзэлж байна.
-Танай байгууллага 2019 онд 1300 хэрэг шалгаад 156 хэрэг шүүхэд шилжүүлсэн гэсэн тоог та дурдсан. Маш олон хэрэг шалгасан ч шүүхэд шилжүүлсэн тоо нь бага харагдаж байна?-2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа тусдаа явагдаж байгаа. Ачаалал ихтэй үед тав хоногийн дотор аливаа асуудлыг шалгаад шийдвэрлэнэ гэдэг эрсдэлтэй. Шинэ хуулийн орчинд өмнөх хуулиар өргөдөл, гомдлын хэмжээнд шалгагдаж байсан асуудлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Тийм учраас шалгасан хэргийн тоо өссөн мэт харагдаж байгаа гэж ойлгож болно. Нийт шалгасан хэргийн 44.1 хувь нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 11.0 хувь нь хээл хахууль авах, 11.2 хувь нь хээл хахууль өгөх гэмт хэрэг байна. Бусад хэрэг үлдсэн хувийг эзэлж байна.
-Энэ 2020 онд танай байгууллага ямар зорилт тавин ажиллаж байна?-Хууль тогтоомжийн дагуу АТГ-ын ойрын хугацааны буюу ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө батлагдсан. Тиймээс стратеги төлөвлөгөөний дагуу хэлтэс, албад үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж ажиллана. Энэ хүрээнд авлигатай тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон талт гадаад харилцааг өргөжүүлэх, үйл ажиллагаанд цахим шийдлийг нэвтрүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, сахилга, ёс зүйн зөрчил гаргалгүй ажиллах, авлигын эрсдэл бүхий салбар, зорилтот бүлэгт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх болон хяналт шалгалтын ажлыг чиглүүлэн хэрэгжүүлж, үр дүнг тооцох, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг ханган биелүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, ажлын уялдааг хангах, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, үндэслэлгүй хөрөнгөжих зөрчлийн шийдвэрлэлтийн түвшинг ахиулах, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлж, хэргийн илрүүлэлт, хохирол нөхөн төлөлт, шийдвэрлэлтийн түвшинг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж