Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгааг хийсэн юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигад хамгийн их өртөж байна гэсэн. АТГ-аас судалгаа хийсэн юм байна. Судалгааны үр дүн ямар гарав?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлига байх ёстой зүйл гэж үзэж буй хувь буурсан байна. Авлига байх ёсгүй гэж үзэж байгаа иргэдийн хувь хэмжээ өнгөрсөн жилийн судалгаанаас нэмэгдсэн нь тэр талын мэдлэг мэдээллийг сайн авдаг болсон гэсэн үг. Гэхдээ амьдралд нь асуудал тулгарахад авлигын замаар шийднэ гэж боддог хүмүүсийн хувь өсчихсөн байна. Үүнээс тэр хүмүүст тулгарч байгаа авлигын асуудал хүндрэх талдаа байна гэж дүгнэж болохоор. Энэ судалгааг 2018 онд анх хийсэн. 2019 онд хоёр дахиа хийсэн. Судалгааг давтамжтай байдлаар хийхийн давуу тал нь энэ. Өөрчлөлтийг нь харах, харьцуулах боломжтой байдаг. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу гэдгийг харж болдог.
Хоёрдугаарт, аль салбар, хүрээнд тэр хүмүүс авлигатай илүү их нүүр тулж байна гэдгийг судалсан. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж үйлчилгээний салбарт тэр хүмүүст авлигатай холбоотой хүндрэл гарч байгаа нь харагдсан. Бусад салбаруудад ч гэсэн тэр хүмүүст тулгарч байгаа асуудал байна. Цагдаагийн байгууллага, шүүх, газрын алба ч гэдэг юм уу. Гэхдээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, үйлчилгээний салбарт зайлшгүй анхаарах ёстой нь харагдсан. Тийм ч учраас холбогдох яамдуудад нь судалгааны дүнг явуулсан. Энэ дагуу арга хэмжээ аваач гэдэг хүсэлтийг ч хүргүүлсэн.
-Судалгаанд хэчнээн хүнийг хамруулсан юм бол. Статистик тоо баримтын талаар мэдээлэл өгвөл?
-Улсын хэмжээнд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Бид зөвхөн нийслэлийн хэмжээнд судалгаа хийсэн. 355 хөгжлийн бэрхшээлтэй хүн. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран хамгаалдаг гэр бүлийн гишүүдийг ч хамруулсан. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь их өргөн ойлголт. Харахад эрүүл саруул юм шиг мөртлөө аль нэг эрхтэн нь согогтой байдаг. Судалгаанд сэтгэцийн эмгэгтэйгээс бусад хүмүүсийг хамруулсан. Хараа, сонсголын, тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж, судалгаагаа хийсэн. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна олдмол хүмүүс ч бий. Өндөр боловсрол эзэмшчихсэн, осол аваарт ороод ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс ч байна. Бүгдийг нь мэдлэг мэдээлэл муутай, боловсрол багатай гэж үзэж болохгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авлига, хээл хахууль авдаг албан тушаалтнууд өрөвдөж хайрладаггүй юм байна. Хэрэгцээ шаардлага нь илүү өндөр, тулгарч байгаа бэрхшээл нь хэцүү гэж боддоггүй. Авлига аваад сурчихсан сурцаараа л "юм"-аа нэхээд, дарамт шахалт үзүүлээд, ил, далд замаар мөнгө төгрөг нэхэж, асуудлыг шийддэг. Тухайлбал, миний хэлсэн тэр салбаруудад. Хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэх болоход 250-500 мянган төгрөгийн авлига өгсөн нь тогтоогдсон. Төрийн албан хаагчдын ёс суртахууны дорой байдал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яаж хэлмэгдүүлж, дарамт болж байгаагийн жишээ энэ. Амжиргаандаа зарцуулах мөнгөө хээл хахуульд зарцуулж байна гэсэн үг. Судалгаанд оролцсон хүмүүсийн 25 хувь нь сүүлийн нэг жилд авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний дийлэнх нь миний дурдсан салбаруудын албан тушаалтнуудад өгсөн. Ялангуяа эрүүл мэндийн салбарт.
-Та түрүүнд авлига өгөх нь байх ёстой гэж боддог хүмүүсийн тоо буураагүй байна гэж хэлсэн. Судалгаанд оролцсон хүмүүсийн хэдэн хувь нь тийм бодолтой, авлигатай эвлэрсэн байна?
-Би судалгааны зарим статистик тоонуудыг хэлье. Судалгаанд 355 хүн оролцсон гэж би түрүүнд хэлсэн дээ. Түүнээс хөдөлгөөний бэрхшээлтэй 116, харааны бэрхшээлтэй 71, сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй 77, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагч 57, бусад бэрхшээлтэй 34 хүн оролцсон байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 60 хувь нь эрэгтэй, 40 нь эмэгтэй хүн байх жишээний. Дийлэнх нь буюу 39 хувь нь 26-35 настай. 30 хувь нь 36-50 насныхан. 41.4 хувь нь дээд, 30 хувь нь бүрэн дунд боловсролтой. Судалгаанд оролцож байгаа хүмүүсийн боловсролын түвшин харьцангуй сайн гэсэн үг.
Судалгаанд оролцогсдын 17.2 хувь нь ТББ-д ажилладаг, 16.6 хувь нь оюутан. Группт 16 хувь нь, 14.4 хувь нь хувиараа бизнес эрхэлдэг байх жишээний. Судалгаанд оролцсон 355 хүний 75 хувь нь авлига манай улсад нийтлэг үзэгдэл болсон гэж хариулсан. Авлига тодорхой хэмжээнд байхыг хүлээн зөвшөөрнө гэж 13 хувь нь үзсэн. Энэ чинь өндөр тоо гэсэн үг. Авлига шударга бус дүрэм, журмыг тойрч гарахад тусалдаг гэдэгтэй 24 орчим хувь нь санал нийлж. Нэг ёсондоо хүлээн зөвшөөрөх гээд байна. Ингээд бодохоор 37 хувь нь буюу 131 хүн авлигыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Авлигаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү хохирдог гэж оролцогсдын 67 хувь нь хүлээн зөвшөөрсөн. Хөгжлийн бэрхшээлээс болж ялгаварлаж, авлигаар асуудлаа шийдэх болдог гэж 50 хувь нь санал нийлж байгаа юм. Гэхдээ авлигыг багасгахын тулд энэ хүмүүс өөрсдөө илүү хариуцлагатай байх хэрэгтэй гэдэгтэй 80 орчим хувь нь санал нийлээд байгаа юм.
Үнэхээр асуудал байна, ингэж шийдвэрлэхээс өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хувь нь өндөр байгаа ч гэсэн бид хариуцлагатай байх ёстой. Өөр хэн ч энэ асуудлыг засаж өгөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг. Авлигачид сул дорой хүмүүсийг л ашиглаж, мөнгө төгрөг нэхдэг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс илүү хүчтэй байх ёстой. Мэдлэгтэй, боловсролтой, нийгмийн идэвхитэй байх хэрэгтэй байна.
-Судалгааны явцад авлига авсан хүмүүсийн бодит тохиолдлыг ч гаргаж ирсэн байх. Авлига авсан албан тушаалтныг ч тогтоох ажлыг ч хийж байгаа гэж найдаж байна. Тийм хүмүүст хариуцлага тооцох ажлыг цаашид АТГ хийнэ биз дээ?
-Судалгаа учраас бид нэр, хаяггүй хийсэн. Авлигатай тэмцэх газраас хэрэг илрүүлэх ажил нь өөр шугамаар явна шүү дээ. Бид судалгаа хийж, хэн авлигад өртөх эрсдэлтэй байна. Хэн авлигын авлигын асуудал гаргах эрсдэл өндөртэй байна гэдгийг судалж байгаа хэрэг. Түүнийхээ дагуу урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хийнэ. Хоёрдугаарт, тэр салбар руу мөрдөн шалгах, хэрэг илрүүлэх байдлаа чиглүүлнэ гэсэн үг. Судалгаа хийнэ гэдэг хаашаа үйл ажиллагаагаа илүү чиглүүлэх, юунд анхаарах ёстой вэ гэдгээ тогтоож байгаа юм.
Энд эрүүл мэнд, боловсрол гээд тодорхой салбарын нэр дурьдагдаад. Хороо, өрхийн эмнэлэг, сургууль гээд байгууллагын нэр илүү их гарч байвал бид тийшээ чиглэсэн ажлаа илүү их хийнэ гэсэн үг. Судалгааг тоон болон чанарын гэж хоёр чиглэлээр хийсэн. Чанарын гэдэг нь хүнтэй яриад, таны амьдралд тулгарсан асуудал юу байна гэдгийг асууна. Таны амьдралд авлигын асуудал хаана илүү тулгарч байна гэхээр нөгөө хүн нэг газар хэлнэ. Яг ямар асуудал тохиолдсон бэ гэхээр үйл явцаа ярина.
Тухайлбал, хүүхэд нь ердийн сургуульд явдаг. Тэгэхээр багшаас илүү анхаарал халамж шаардана даа. Гэтэл багш төвөгшөөдөг. Ингээд л иргэд хүүхдийг нь багш ад үзэх вий, ялгаварлах гэж айдаг. Ер нь багш нар тийм хандлага гаргадаг учраас мөнгө өгдөг гэж байх жишээтэй. Хэл, ярианы бэрхшээлтэй хүн байна. Түргэн тусламж авах гээд дуудах болохоор маш хэцүү байдаг гэж байгаа. Хэл, ярианы бэрхшээлтэй хүмүүс утсаараа видео холболт хийгэдэ, ярьчихдаг. Гэтэл төрийн байгууллагад энэ чиглэлийн хүн ажилладаггүй. Бид 102, 103 руу залгаад дуудлага өгнө. Харин хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс яах билээ. Ийм асуудал зөндөө байна.
Төрийн байгууллагууд дохионы хэл мэддэг хүмүүсийг ажиллуулдаггүй. Зарим телевиз л ажиллуулж байх шиг байна. Хууль эрх зүйн мэдлэг олгохоос авахуулаад олон талаар тэр хүмүүст мэдээлэл хүргэх болдог. Гэтэл дохионы хэлтэй төрийн албан хаагч гэж алга. Хэвлэмэл материал байлаа гэж бодоход харааны бэрхшээлтэй хүнд зориулсан, баррелиар хэвлэсэн хуулийн ном байна уу. Байхгүй л байгаа. Та ямар эрхтэй юм, эрх чинь зөрчигдсөн тохиолдолд хэн хандах юм гэх мэт наад захын мэдээллийг тэр хүмүүст хүргэх ёстой биз дээ. Ийм л асуудлууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгараад байна. Хүний эрх гэж яриад байдаг. Бодитоор хэрэгжиж байгаа зүйл алга. Энэ нь тэр хүмүүсийг илүү эрсдэлтэй болгоод байна. Энэ нь авлига авдаг хүмүүсийн олз болгоод байна шүү дээ.
Эх сурвалж