АТГ албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг авдаг билээ. Тэгвэл 2020 оны ХОМ-ийн явц ямар байгаа талаар АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээ хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.
-ХОМ-ийг ирэх сарын 15-ны дотор авч дуусах юм байна. Одоогоор хэчнээн хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөд байна вэ?
-Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд АТГ төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн өмчит хувьцаат компаниудад зөвлөмж хүргүүлээд, цахим системийнхээ явц байдалд хяналтаа тавиад явж байна. Одоогийн байдлаар 18 мянган мэдүүлэг гаргагч мэдүүлгээ өгөөд, баталгаажуулчихсан. Улсын хэмжээнд 43.5 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж өгсөн байгууллагуудыг харвал, ЦЕГ-ын албан хаагчид 90-ээс дээш хувьтай Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн. Хил хамгаалах Ерөнхий газар, ШШГЕГ, Батлан хамгаалах яам 70, Эрчим хүчний яам 40 гаруй хувьтай байна.
Орон нутгаас гэвэл Хэнтий, Дорнод, Завхан аймгийн 70-аас дээш хувьтай ХОМ-гээ өгсөн. АТГ-т Төрийн өндөр дээд болон УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд ХОМ-гээ бүртгүүлэх үүрэгтэй. Энэ жилийн хувьд 290 орчим өндөр дээд албан тушаалтан ХОМ-гээ гаргаж өгөх ёстой гэсэн урьдчилсан мэдээ байна. Үүнээс 8 албан тушаалд хүн томилоогүй байгаа. Монголбанкны дэд Ерөнхийлөгчийн орон тоо сул байна. БОАЖЯ, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар оны сүүлчээр өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. СЗХ-ны дэд даргын албан тушаалд хүн томилоогүй байгаа. 2, 3 Элчин сайдын орон тоо сул байна. Ажлаа хийж байгаа хүмүүст заавар, зөвлөмж өгөөд, цахим системд эрхийг нь нээчихсэн.
-Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ-ын гишүүдээс хэд нь ХОМ-ээ өгсөн бэ?
-Төрийн өндөр албан тушаалтнуудаас өнөөдрийн байдлаар 20 орчим хүн мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгөх явц 10 хүрэхгүй хувьтай байна. Төрийн өндөр албан тушаалтнууд харьцангуй хойрго байдалтай байгаа. Бусад төрийн байгууллагуудын албан тушаалтнууд хамгийн багадаа 30 хувьтай ХОМ-ээ өгчихөөд байна. УИХ-ын гишүүдээс хоёр хүн л Хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Зургаан агентлагын дарга мөн өгсөн. Элчин сайд, консулуудаас зургаан хүн ХОМ-ээ өгсөн дүн мэдээтэй байна. Албан тушаалтнууд Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхөд 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй байгаа хөрөнгөө мэдүүлнэ. Хамгийн гол нь үнэн зөв, тухайн хөрөнгийн эх үүсвэр нь бодитой байх ёстой. Хөрөнгө нь өмнөхөөсөө нэмэгдэж болно. Хэрвээ нэмэгдсэн бол тэр хөрөнгийг хаанаас, яаж бий болгов.
Зээлээр авсан юм уу, эсвэл худалдаж авсан уу гээд эх үүсвэрийнхээ тайлбарыг үнэн зөв өгөх ёстой. Коронавирустэй холбоотойгоор бид нэгдсэн сургалтуудаа цуцалсан. Гэхдээ АТГ энэ сарын 20-ны өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллаж байгаа. Оройны 20:00 цаг хүртэл ажиллаж, утсаар заавар, зөвлөгөө өгнө. Хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл амралтын өдрүүдээр ажиллана. Энэ хугацаанд мэдүүлэг гаргагчид маань цахим системтэй холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл лавлагаа авах бол АТГ руу утасдах боломжтой. Хоёрдугаар сарын 15-ны 00:00 цаг хүртэл мэдүүлэг хүлээж авна.Үүнээс хойш мэдүүлгээ өгөөгүй, цахим системд оруулаагүй бол ХОМ-ээ гаргаагүй гэдэг жагсаалтад оруулаад явна. Хоёрдугаар сарын 15-наас хойш гуравдугаар сарын 1 хүртэл бүх байгууллагуудаас тайлан мэдээ авна. 14 хоногийн дотор тайлан мэдээгээ нэгтгээд, манайд өгөх ёстой. Бид гуравдугаар сарын 1-ээс хойш олон нийтэд мэдээлж, ҮАБЗ, Хууль зүйн байнгын хороонд мөн хүргэнэ.
-Хоёрдугаар сарын 15-ны дотор ХОМ-ээ гаргаж өгөхгүй бол ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Авлигын эсрэг хуульд тусгайлан зохицуулаад өгчихсөн. Авлигын хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мэдүүлэг гаргагчид ХАСХОМ буюу хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байгаа. Хуулийн хугацаанд буюу хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлээгүй, хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан бол нийтийн албанаас халах. Мөн тухайн албан тушаалаас нь огцруулах шалтгаан хүртэл болдог хуулийн зохицуулалттай. Мэдүүлэг гаргагчид ганцхан удаа ХОМ-гээ өгдөг юм биш. Тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгнө. Орлого, хөрөнгөд нь их хэмжээний өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлнэ. Жишээлбэл, энэ удаад мэдүүлгээ гаргаад өгчихлөө гэж бодъё. Гэтэл гэнэт их хэмжээний өөрчлөлт орж болно. Орон сууцаа борлуулах ч юм уу. Тэр тохиолдолд мэдэгдэнэ гэсэн үг. Их хэмжээ гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэн буюу 105 сая төгрөгөөс дээш хэмжээний орлого олсон бол мэдэгдэж, бүртгүүлэх ёстой.
-Хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгчихөөд байгаа албан тушаалтнуудаас ямар нэг зөрчил илэрч байна уу. Хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр байгаа машин тэргээ дутуу мэдүүлсэн. Санаатай орхисон ч гэдэг юм уу?
-ХОМ-ийг шалгах хэд хэдэн үндэслэл байдаг. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт, шалгалтын хүрээнд бид албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгана. Шалгалтын явцад мэдүүлэг гаргагч зөрүүтэй, алдаатай, заримдаа санаатай худал мэдүүлсэн тохиолдол ч тогтоогддог. Тиймээс мэдүүлэг гаргагчид үнэн зөвөөр ХОМ-ээ гаргах ёстой шүү. Тэр нь нотлох баримтаар тогтоож өгөх хэрэгтэй. Орлогууд нь бас бодьтой байх ёстой. Өнгөрсөн 2019 онд бид цахим системээсээ түүвэрлээд, орлого нь хэт өссөн мэдүүлэг гаргагчдын зөвхөн орлогыг нь шалгуулсан. Татварын Ерөнхий газарт шилжүүлээд “Энэ хүн манайд ийм хэмжээний орлого оллоо гэж мэдүүлсэн. Гэтэл татвар гаргаж өгсөн тайлантай нь нийцэж байна уу” гэдгийг шалгуулсан. Татварт Х тайлан гаргаж өгчихөөд, компанийн ногдол ашиг авсан гээд татвараас зугтаж байгаа юм биш биз. Энэ хоёр чинь хоорондоо уялдах ёстой. Хөрөнгө борлуулсны орлого гэж байна. Хэрвээ орон сууцаа зарсан бол татварт хоёр хувиа өгөх ёстой. Гэтэл татварт үнийн дүнг бууруулж өгсөн гэх мэт татвараас зайлсхийсэн тохиолдол гардаг. Тиймээс ТЕГ-т мэдээлэл өгөөд, холбогдох нэр бүхий компани, этгээдийг шалгаж, тодорхой хэмжээний зөрчил илрүүлсэн. Гаргасан зөрчилд нь төлбөрийн акт тавьсан тохиолдол ч бий.
Шалгалтын явцад хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр хөрөнгөө шилжүүлсэн. Хууль бусаар олсон орлогоо нуух тохиолдол ч гардаг. Тиймээс бид хамаарал бүхий этгээдийг татаж шалгадаг. Эцэг, эх нь тэтгэвэрт гарчихсан. Тэтгэврээс өөр орлогогүй хүмүүс гэсэн мөртлөө хөрөнгө нэмэгдчихсэн байх жишээний. Ултай суурьтай судлаад үзэхээр, мэдүүлэг гаргагчтай холбогдчихсон, хууль бусаар орлого олчихсон байх ч тохиолдол бий. Өнгөрсөн жил гэхэд бид үндэслэлгүй хөрөнгөжсөн 30-аад албан тушаалтныг илрүүлж, холбогдох мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь, хөрөнгөнийхөө үндэслэлийг тайлбарлаж чадаагүй зөрчил илэрсэн гэсэн үг. Мөн хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 30 гаруй албан тушаалтанд сахилгын арга хэмжээ тооцуулсан. ХОМ-ийн шалгалтаар зөрчил илэрвэл гаргасан зөрчлийнхөө хэмжээнээс хамаарч сануулах, цалингийн хувь болон албан тушаал бууруулах, ажлаас халах гэсэн дөрвөн төрлийн хариуцлага тооцдог. Энэ хүрээнд 30 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцсон. 8 албан тушаалтныг ажлаас халсан байгаа.
-Зөрчил гаргасан 30 гаруй хүн байсан гэсэн. Нийтлэг гаргасан зөрчил нь юу вэ?
-Хамтын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг мэдүүлдэггүй. Орлогоо сайн нягталдаггүй зүйл их байсан. Ганцхан өөрийнхийгөө биш гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөв мэдүүлэх ёстой. Хадгаламж хэсэгт нь жилийн эцсийн байдлаар хадгаламж нь хэд байгааг мэдүүлдэггүй зөрчлүүд их байсан. Тиймээс өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогыг ултай суурьтай асууж байж мэдүүлэх ёстой. Таны жилээс жилд гаргаж өгч байгаа мэдүүлэг цахим системд архивын сан болж, аль онд нь орлого өссөн, шалтгаан нөхцөл нь юу юм гэдгийг харна. Дээрээс нь, цахим систем өөрөө түүвэрлэлтээ сайн хийж, эрсдэлээ ялгаж байна. Энэ хүний хөрөнгө хоёр дахин нэмэгдээд ороод ирлээ. Мал хэсэгт нь малын тоо нэмэгдсэн. Гэх мэтээр орлогоосоо давсан хөрөнгө орж ирвэл хянаад мэдээлдэг тогтолцоо руу ороод явж байна. Аль болох цааснаас татгалзаад, 40 гаруй мянган хүний эрсдэлтэйг нь, орлого, хөрөнгө нь өсөөд байгааг нарийвчлан шалгах руу чиглэж байгаа.
Дээрээс нь ХОМ-ийг бүртгэж аваад, хураангуй байдлаар олон нийтэд мэдээлдэг. Олон нийтэд мэдээлсний дараа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдаас хүсэлт ирдэг. ХОМ-ээ гаргах явцаад цэг, таслал алдаад, орлогоо буруу мэдээлчихсэн тохиолдол гардаг. Жишээлбэл, 14 сая төгрөгийн орлоготой хүн 140 гээд мэдүүлчихсэн байдаг. Дараа нь үүнийг засаад өгөөч гэдэг хүсэлт ирдэг. Гэтэл засаж болдоггүй. Нэгэнт л цахим систем хаагдчихсан тохиолдолд бид засвар оруулж болохгүй. Тиймээс хоёрдугаар сарын 15-ны дотор л хөрөнгө, орлогоо маш сайн нягталж, мэдүүлэх ёстой. Эргээд олон нийтэд мэдээлдэг болохоор. Одоо иргэд ХОМ-ийн талаар маш сайн мэдээлэлтэй, ойлголттой болсон. Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтны ХОМ-т анхаарал хандуулдаг байсан. Одоо салбараар нь, аймгийн Засаг даргын нарын, хуулийн байгууллагынхны ХОМ-гийг анхаарч, мэдээлдэг ч болж, хэвлэлийнхэн.
-Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 30 албан тушаалтан дунд УИХ-ын гишүүд багтсан уу?
-Авлигын эсрэг хуульд зааснаар УИХ-ын гишүүн ХОМ-гийг АТГ шалгах эрхгүй. Ёс зүйн дэд хороо шалгана. Үүнийг олон нийт, ТББ-ууд маш их шүүмжилж байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг АТГ шалгадаг зохицуулалт байсан. 2012 онд хуульд өөрчлөлт оруулаад, УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг Ёс зүйн дэд хороо шалгана гээд заагаад өгчихсөн. АТГ-ын албан тушаалтнуудын ХОМ-ийг Хууль зүйн байнгын хороо шалгана. Бусад албан тушаалтнуудын ХОМ-ийг АТГ шалгах зохицуулалттай. 30 албан тушаалтан нь бүх шатны байгууллагын л төлөөлөл байсан.
Эх сурвалж