Оффшор бүсээс Монголд 300-гаад тэрбум төгрөг орж ирсэн гэсэн мэдээлэл ойрын үед онцлох сэдэв болж хувираад байна. Энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд ч АТГ-аас асуулт нэхэж, жагссан. Тэгвэл АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс оффшор бүсээс орж ирсэн гэх мөнгөтэй холбоотой тайлбар тодруулга авлаа.
-Оффшор бүсээс 300 орчим тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний ам.доллар орж ирсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон асуудал. Одоогоор энэ хэрэгтэй холбоотой зарим асуудлыг мөрдөн шалгаж байгаа учраас нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тоон мэдээллийн тухайд, 2018 онд нийтдээ 74.9 сая. 2019 онд нэмээд 20 орчим сая ам.доллар Монголд орж ирснийг тогтоосон. Нийтдээ 95 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгө, мөнгөний асуудал яригдаж байна. Гэхдээ энэ бол эцсийн тоо биш.
Тодорхой хэмжээнд албан тушаалаа урвуулж ашигласан, хахуульд авсан мөнгөө оффшор бүсээр дамжуулаад, эргээд Монгол Улсад оруулж ирсэн. Үндсэндээ угаагдаад, эргээд хөрөнгө оруулалт, байшин барилга, тоног төхөөрөмж гэх мэт хэлбэрээр орж ирээд, эдийн засгийн эргэлтэд орчихсон байна гэсэн үг. Үүнийг нь бид тогтооно. Зарим хөрөнгүүдийг битүүмжлээд, хамгаалчихсан байгаа. Хэрэг шүүхээр шийдэгдвэл ийм хэмжээний хөрөнгө хураагдах магадлалтай гэсэн асуудал яригдаж байна.
-Ихэнхдээ аль улсаар дамжуулж угаасан мөнгө юм бол. Энэ хэрэгт ямар хүмүүс холбогдсон гэдгийг тогтоосон уу. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Яг аль улсаар мөнгөө дамжуулсан, ямар хэрэгтэй холбоотой, хэн гэдэг хүн холбогдсон зэрэг нь одоохондоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Оффшор бүсээс орж ирсэн хөрөнгийг улсад хурааж авах ажил нааштай байгаа гэсэн мэдээлэл бас гарсан. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-Хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа эд хөрөнгө, барилга байшинг хурааж, улсын орлого болгоно. Түүнээс бэлэн мөнгө хэлбэрээр орж ирсэн асуудал биш гэдгийг дахиад хэлье. Харин оффшор бүсэд нийтийн албан тушаалтнууд данс эзэмшихийг хориглосон хууль гарсан даа. Энэ хууль, журамтай холбоотойгоор тухайн үед бэлэн мөнгөө оффшор бүсээс татсан нийтийн албан тушаалтнуудын асуудал тусдаа. Харин гэмт хэргийн замаар олсон мөнгө оффшор бүсэд угаагдаад, манайд эргээд ямар нэг байдлаар эдийн засгийн эргэлтэд орж ирснийг шалгаж байгаа гэсэн үг.
-Бизнесээсээ олсон орлогоо оффшор бүсэд аваачиж хадгалж болно, хамаагүй гэж зарим нь яриад. Зарим нь болохоор оффшор бүс л бол тэнд хэн ч байлаа гэсэн мөнгөө аваачиж хадгалж болохгүй гээд байх юм. Та зөв ойлголт, мэдээлэл өгөөч?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулаад хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Уг хуулиар оффшор бүс нутагт хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг Засгийн газар тогтоож өгөхөөр зохицуулсан. Тэрнээс өмнө оффшор бүс нутаг гэж юуг ойлгох талаар дотоодын хуулийн зохицуулалт байгаагүй. Хуульд өөрчлөлт ороод Засгийн газраас тогтоосон, оффшор бүс гэж зарлагдсан улс орнуудад байгаа дансаа хааж, компани, хуулийн этгээд байгуулсан бол татан буулгах, тэнд байршиж байгаа хөрөнгөө эргүүлж татах, мэдэгдэх гэх мэт үүргийг хуульд зааж өгсөн.
Хэрвээ нийтийн албан тушаалтан энэ хуулийг зөрчвөл албан тушаалаас нь эгүүлэн татах үндэслэл болохоор байгаа. Мөн хууль бусаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг оффшор бүсээр дамжуулаад угаагаад, буцааж эдийн засагт оруулж ирж байгаа асуудал нь бол гэмт хэрэг. Түүнээс биш оффшор бүс гэхээр л тэнд хэн ч бизнес хийж болохгүй гэж ойлгож болохгүй. Хувийн компаниудын хувьд татварын хөнгөлөлттэй орчинд хууль ёсны бизнесийн үйл ажиллагаа явуулах нь асуудал бол тусдаа асуудал.
Эх сурвалж