АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн хийгддэг тухай ярихаас өмнө авлигын гэмт хэрэг ямар онцлогтой талаар хэдүүлээ эхлээд ойлгоё.
Ахуйн хүрээнд үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэргээс тэс өөр. Авлигын гэмт хэргийг эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, тусгай мэдлэг бүхий өндөр боловсролтой этгээдүүд үйлддэг. Ийм хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгаж нотлох нь мөрдөгчөөс ур чадвар, цаг хугацаа, зардал шаарддагаараа бусад төрлийн гэмт хэргээс онцлог ялгаатай. Хоёр этгээдийн хооронд гэрчгүй хийгддэг үйлдэл. Авсан, өгсөн талуудын аль алиных нь хэрэг бүтэх тул сэтгэл ханамжтай үлддэг. Ил биш далд үйлдэгддэг гэмт хэрэг. Ихэвчлэн зохион байгуулалттай хийгддэг.
“Авлигын гэмт хэрэгт шалгагдаж байгаа нэг этгээдийн ар талд 2-3 өмгөөлөгч, санхүүгийн өндөр боловсролтой зөвлөхүүд гэх мэт бүхэл бүтэн баг ажилладаг. Зарим тохиолдолд авлигын гэмт хэрэгт шалгагдаж байгаа нэг этгээдийн цаана бүхэл бүтэн улс төрийн нам, нэг байгууллага ажилладаг. Мөрдөгч энэ хэмжээний хүчтэй тулж, авлигын гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж нотлоод прокурор, шүүх рүү шилжүүлж шийдвэрлүүлдэг” гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох ярилаа.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан 11 төрлийн гэмт хэргийг АТГ харьяалан шалгадаг. Тухайлбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг болон өөрсдийн илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдсэн гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэргийг дотор нь хэрэг бүртгэлтийн хэрэг, мөрдөн байцаалтын хэрэг гэж хоёр ангилдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шалгагдаж байгаа асуудал нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэн гэж этгээд авлигын гэмт хэргийг хэзээ, ямар аргаар үйлдсэн, уг үйлдлийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа ажиллагаа юм. Хэрэг бүртгэлтийн шатанд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийг нарийвчлан тогтоогоод түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал үйлдэж прокурорт шилжүүлнэ. Прокурор мөрдөгчийн уг саналыг хянан үзээд үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргамагц хэрэг бүртгэлтийн хэрэг нь мөрдөн байцаалтын хэрэг болдог.
Мөрдөгч нар хэрхэн ажилладаг вэ?
АТГ-ын мөрдөгч гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээж аваад 3 шийдвэр буюу санал гаргадаг. Нэгдүгээрт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хоёрдугаарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, гуравдугаарт харьяаллын дагуу шилжүүлэх. Мөрдөн шалгах хэлтэс 2019 онд гэмт хэргийн шинжтэй 894 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Энэ нь өмнөх оноос 4.2 хувиар өссөн үзүүлэлт. Хүлээн авч шалгасан гомдлын 489-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 362-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, 34-ийг нь харьяаллын дагуу шилжүүлэн шийдвэрлэжээ.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан санал гаргаж байгаа хэдий ч тухайн асуудалд хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон бол АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрх бүхий албан тушаалтанд зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгасан албан бичиг хүргүүлдэг. Уг албан бичгийн биелэлтэд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хяналт тавьж хэвшсэн.
Мөрдөн шалгах хэлтэс 2019 онд нийт 1300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оныхоос 162-оор илүү байна. Нийт шалгасан хэргийн 156-г шүүхэд шилжүүлэх саналтай, 556-г хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 80-ыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
1300 хэргийг жилийн өдрүүдэд хувааж энгийн арифметик үйлдэл хийж үзвэл баярын болон амралтын өдрүүдийг оруулж тооцоод АТГ нэг өдөрт 3 хэрэг дээр ажилласан гэсэн үг. АТГ нь 30 орчим мөрдөгчтэй. Дунджаар авч үзвэл нэг мөрдөгч жилдээ 25 гомдол, мэдээлэл дээр ажиллаж, 37 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Энэ бол их ачаалал, маш том даац. АТГ-ын мөрдөгч нар хэд байвал зохист харилцаа үүсэх вэ гэдэг дээр Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комиссын бүтцээр жишээ авч болох юм. Хонконг нь 6 сая хүн амтай, авлигатай тэмцэх байгууллага нь 1500 мөрдөгчтэй. Нутаг дэвсгэрийн хувьд Хонконгийн нэг захаас нөгөө зах руу явахад ердөө 2 цагийн хугацаа зарцуулдаг. Ийм нөхцөлд 1500 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулах боломжтой гэж үздэг байна. Харин манай улсын хувьд баруун хязгаараас зүүн хязгаар луу явахад хэдий хэрийн цаг хугацаа зарцуулахыг Та бодоод үзээрэй. “Үйлдэгдсэн авлигын гэмт хэргийн статистик ба мөрдөгч нарын тоог харьцуулж үзвэл энэ нь чамлалттай. Хонгконг 3 сая хүн амтай байх үед 800 мөрдөгч ажиллаж байсан” гэж АТГ-ын ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар онцлон хэлсэн. Мөрдөн шалгах хэлтэс сард дунджаар 450-500 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.
Монгол Улсын АТГ нь бүс нутагтаа өндөр түвшинд ажилладаг хэмээн олон улсын шинжээчид дүгнэдэг ч авлигын гэмт хэргийг мөрдөн шалгадаг мөрдөгч нарын тоог нэмэгдүүлэх, хангалттай байлгах ёстой гэж бас зөвлөдөг.
АТГ-ын даргын тушаалаар 2019 онд АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа мөрдөгч нарын орон тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, тэр дундаа санхүүгийн мөрдөгч нарыг томилон ажиллуулж байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлж нотлоход санхүүгийн тусгай мэдлэг бүхий мөрдөгчдийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай. Санхүүгийн мөрдөгчдийг томилсон нь цаг үеэ олсон, авлигын гэмт хэргийг илрүүлж нотлоход тустай арга хэмжээ болсон” хэмээн ярив.
Мөрдөн шалгах ажиллагаа хугацаа шаардахын учир
АТГ-ын шалгаж байгаа хэргүүдийн шийдвэрлэлт удаан байна гэдэг талаар шүүмжлэл гардаг. Энэ нь хэд хэдэн бодит шалтгаантай.
Тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Баярхүү хэлэхдээ “Манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж байгаа нотлох баримтыг ихэвчлэн цаасан суурьтай бэхжүүлж авдаг. Авлига, албан тушаалын гэмт хэргүүд дээр ихэнх тохиолдолд санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн дүгнэлт гардаг, компанийн үйл ажиллагаа, тайлан баланс гэх мэт маш олон төрлийн бичиг цаас, архивын баримт дээр ажилладаг, үүний дээр эдийн засгийн харилцаа өргөжсөн өнөөгийн цаг үед гадаад, дотоодын мөнгөн гуйвуулга, шилжүүлэг хийгддэг, энэ бүхнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхийн тулд тодорхой ажиллагаа хийдэг. Гадаад олон улсын байгууллагад мөрдөгчийн даалгавар хүргүүлж хариу авдаг. Энэ утгаараа мөрдөн шалгах ажиллагааны явц удааширдаг. Үүнээс гадна нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагаанд тодорхой саад учирдаг” гэсэн юм.
Авлигын гэмт хэрэгт цугларч байгаа нотлох баримт нь дунджаар 20-300 хавтас болдог. Нэг хавтсанд 250 хуудас нотлох баримт боогддог. Үүнийг нарийвчлан авч үзвэл нэг авлигын хэрэгт 5000-75000 хуудас цугларч, тухайн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг. Мөрдөн шалгах ажлын үндсэн өвөрмөц онцлог нь хэрэг шалгалтын хугацаанд нөлөөлдөг байж болох. Цаас буюу нотлох баримт цугларах хэрээр цаг хугацаа төдий хэмжээгээр шаардагдана гэсэн үг.
Гэхдээ хууль эрх зүйн хийдлээс үүдэлтэйгээр мөрдөн шалгах ажиллагааг зориуд сунжруулах явдал давамгайлж байна. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүс мөнгөө гадаад улсад байршуулдаг тул эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй улс орнуудтай харилцаж улс дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад маш их хугацаа шаарддаг. Түүнээс гадна өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шалгахад халдашгүй бүрэн эрх нь бодит саад тотгор болсоор байна.
Гадаадад хөрөнгөө аваачаад нуучихсан албан тушаалтнуудын хөрөнгийг буцаан татаж авчирч чаддаг байхын тулд улс орон бүртэй эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулах ёстой. Гэтэл Монгол Улс одоогоор 20 гаруй улс оронтой эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Зарим улс орны хувьд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээс татгалздаг. Оргон зайлсан этгээдийг тухайн улс оронд нь буцаан өгөхтэй холбоотой удаашрал үүсэж байна. Энэ нь хэргийг удаашруулдаг, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ч сунжруулдаг.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөвшөөрлийн зохистой харьцааг авч үзэх ёстой. Зарим төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаарддагаас үүдэн нотлох баримт үрэгдэх, устгагдах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авах боломжгүй болох нөхцөл байдал үүсдэг. Сүүлийн 2 жилийн хугацаанд нэлээд ажиглагдаж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцээд байгаа ч гэсэн хүссэн үр дүнд хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ” хэмээн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар ярьж байна.
Түүнээс гадна шалгагдаж байгаа этгээд АТГ-ын үйл ажиллагааг харлуулахын тулд өөрсдийгөө хэлмэгдсэн мэтээр буруу ташаа мэдээллийг зориуд тараадаг, хөөн хэлэлцэх хугацааг хүлээн цаг хождог, гэм буруугийн асуудал яригдаагүй байхад мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийдвэртэй заргалдаж хугацаа сунжруулах нь олонтаа. Тэр ч бүү хэл 8-9 сарын туршид яллагдагч талын хүсэлтээр хэргийг шүүхийн шатанд уясан тохиолдол ч бий. Ингэх нөхцөл боломжийг хуулиар нээгээд өгчихсөн учраас энэ нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд болон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлж байгааг АТГ-ын мөрдөгчид харамсан өгүүлж байв.
Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин дутмаг, хийдэл ихтэй
АТГ-ын ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “Шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа, ял шийтгэлийг ялгавартайгаар оноож байгаа энэ асуудлыг хуульд тусгаж өгөх ёстой. Албан тушаалын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Хохирол, хор уршиг шаардахгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт оногдуулж байгаа ял, их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтанд оногдуулж байгаа ялын санкц нь ижил байгаа. Тэгэхээр энэ хийдлүүдийг засах зайлшгүй шаардлагатай” гэж ярилаа.
Тэрээр БНСУ-ын хоёр Ерөнхийлөгч асанд тус улсын шүүхээс нь 15 ба 24 жилийн хорих ял оноосон талаар яриандаа дурдав. Улс орнуудын эрүүгийн эрх зүйг судалж үзэхэд авлигатай хийж байгаа тэмцэл нь өвөрмөц. Өөрөөр хэлбэл, оногдуулах ялын бодлогын хувьд нийгмийн хор аюул нь ойролцоо тохиолдолд шийтгэл нь хатуу байдаг. Бусад улс орнуудад 8-12 жил хорих ял оноож байхад манай улсад 1-3, 1-5, 2-8 жил хорих ял оноож байгаа нь шийтгэлийн хувьд хамаагүй хөнгөн гэж үзэх боломжтой. “Тэгэхээр авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд ял шийтгэл хатуу чанга байх ёстой. Энэ нь нөгөө талдаа урьдчилан сэргийлэх бодлого болно. Аливаа ял шийтгэлийн эцсийн зорилго нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ л юм шүү дээ” гэж ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар хэлэв.
АТГ нь хууль хэрэгжүүлэгч байгууллага. Батлагдсан хуулийн хүрээнд ажиллана. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хийдэлтэй, зохицуулагдаагүй орхигдсон асуудлууд байна. Үүнээс болж тодорхойгүй байдал үүсдэг, процесийн алдаа гарсаар байгаа. Үүнийг засаж залруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад АТГ-аас ажлын хэсэгт орж тодорхой саналуудыг өгдөг. Тус газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням “Бидэнд хуулийг шүүмжлэн, үл дагах эрх байхгүй боловч хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл, хийдэл бүрийг засах, өөрчлөх, боловсронгуй болгох, өмнөө тулгамдсан асуудлыг хамтдаа ярилцан шийдвэрлэх боломж бий” гэж хэллээ.
Эрүүгийн хуулийн зүйл, заалтууд нь нэг мөр болоогүй, авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зоригтой эсэх нь ойлгомжгүй, эрх зүйн орчин нь хийдэл ихтэй манайх шиг улс оронд авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах нь “өвсөн дотроос зүү эрэх”-тэй адил ярвигтай. Хуулийн хийдлийг даруй засах, залруулахын тулд юун түрүүнд улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл зориг маш их ач холбогдолтой. Улстөрчид хүсэл зоригийн бодит илэрхийлэл болгон авлигатай тэмцэх эрх зүйн орчныг АТГ-ын хүсэж буй хэмжээнд хуульчлаад өгөх юм бол авлигын гэмт хэрэг олноороо шийдэгдэнэ, улмаар авлигын гэмт хэрэг үйлдэх хүний тоо цөөрнө.
Зарим тоо баримт*АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь 11 төрлийн гэмт хэргийг харьяалан шалгадаг.*Авлигын гэмт хэрэгт цугларч байгаа нотлох баримт нь дунджаар 20-300 хавтас болдог. Нэг хавтсанд 250 хуудас нотлох баримт цугларч боогддог. Үүнийг нарийвчлан авч үзвэл нэг авлигын хэрэгт 5000-75000 хуудас цугларч, тухайн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг.*Мөрдөн шалгах хэлтэс нь 2019 онд нийт 1300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оныхоос 162-оор буюу 14.2 хувиар өссөн байна.*Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл 1 мөрдөгч 25.5 гомдол мэдээлэл, 37.1 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. *МШХ сард дунджаар 450-500 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.*2019 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн 156 авлигын хэргийн 68 нь шүүхээр шийдвэрлэгджээ.*Авлигын гэмт хэргийн улмаас 2019 онд 12.1 их наяд төгрөгийн хохирол учирсан.*АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2019 онд 9.7 их наяд төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан, 11.3 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.*АТГ 2020 онд хохирол нөхөн төлүүлэх асуудалд онцгой анхаарч байгаа. Энэ оны эхний 3 сарын байдлаар 5.7 тэрбум орчим төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.
Зарим тоо баримт
*АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь 11 төрлийн гэмт хэргийг харьяалан шалгадаг.
*Авлигын гэмт хэрэгт цугларч байгаа нотлох баримт нь дунджаар 20-300 хавтас болдог. Нэг хавтсанд 250 хуудас нотлох баримт цугларч боогддог. Үүнийг нарийвчлан авч үзвэл нэг авлигын хэрэгт 5000-75000 хуудас цугларч, тухайн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг.
*Мөрдөн шалгах хэлтэс нь 2019 онд нийт 1300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оныхоос 162-оор буюу 14.2 хувиар өссөн байна.
*Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл 1 мөрдөгч 25.5 гомдол мэдээлэл, 37.1 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
*МШХ сард дунджаар 450-500 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.
*2019 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн 156 авлигын хэргийн 68 нь шүүхээр шийдвэрлэгджээ.
*Авлигын гэмт хэргийн улмаас 2019 онд 12.1 их наяд төгрөгийн хохирол учирсан.
*АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2019 онд 9.7 их наяд төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан, 11.3 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.
*АТГ 2020 онд хохирол нөхөн төлүүлэх асуудалд онцгой анхаарч байгаа. Энэ оны эхний 3 сарын байдлаар 5.7 тэрбум орчим төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.
Т.МӨНХТУНГАЛАГ
Эх сурвалж: “АТГ-ын мэдээлэл” нэвтрүүлгээс ашиглав