-Жилийн хугацаанд гурван тэрбумын орлого олсон компани байна-
АТГ-т жил бүр ХОМ-ээ гаргадаг мэдүүлэг гаргагчдын дунд сүүлийн жилүүдэд орлого нь хэт өссөн болон давтамжтай өсч байгаа тохиолдлууд ажиглагдах болжээ. 800 саяас гурван тэрбум хүртлэх өссөн мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг тус газрынхан нарийвчлан шалгаж эхэлсэн байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.
-2019 оны ХОМ авч дууссан. Хэзээ олон нийтэд ил болгох вэ?
-АТГ-аас хуульд заасны дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчдаас ХОМ бүртгэж авсан нэгдсэн тоон мэдээгээ олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Дараагийн үйл ажиллагаа бол хоёрдугаар улиралд багтааж ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим сүлжээнд байршуулах ёстой. Үүний дагуу хоёрдугаар улиралд багтааж нээлттэй ил тод байршуулна. Манай цахим системд нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийн 2017, 2018 оны хураангуй байгаа. 2019 оны ХОМ-ийг байршуулснаар гурван жилээр нь харьцуулж судалгаа хийх, олон нийт хяналт тавих бүрэн боломжтой болно. Бид жилээс жилд цахим сайтдаа техникийн шинэчлэлт хийх зэргээр цахим сайтдаа холбогдох техникийн өөрчлөлтүүдийг хийгээд явж байна.
-Энэ жилийн ХОМ дээр орлого нь огцом өгссөн мэдүүлэг гаргагчдыг нарийвчлан шалгахаар болсон гэлээ. Энэ талаар тодруулаач?
-АТГ дан ганц мэдүүлгийг бүртгэж хүлээж аваад олон нийтэд танилцуулахаас гадна Авлигын эсрэг хуулинд зааснаар бидний үндсэн чиг үүрэг бол ХОМ-ийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа дүн шинжилгээ хийх чиг үүрэгтай. Энэ хүрээнд цахим системийг ашиглан энэ жил ХОМ гаргасан нийт мэдүүлэг гаргагчдын хувьд зөвхөн орлогын байдал дээр нь харьцуулж судалгаа хийж үзсэн. Авлигын эсрэг хуулинд зааснаар ХОМ-ийн маягтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо баталдаг. Тэрхүү батлагдсан маягтын хүрээнд нийт мэдүүлэг гаргагчид долоон төрлийн орлогоо мэдүүлдэг. Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, хөрөнгө борлуулсны орлого, хөрөнгийн орлого, бусад орлого гэх мэт. Эдгээрээс бид хоёр төрлийн орлого дээр нь харьцуулж судалгаа хийсэн. Тодруулбал, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого буюу компанийн ногдол ашгийг мэдүүлдэг орлого. Энэ орлогуудаас сүүлийн хоёр жилд давтамжтай байдлаар өсч байгаа, өмнөх оноос хэт огцом өссөн мэдүүлэг гаргагчдыг түүвэрлэж эрсдэл бүхий мэдүүлэг гаргагчдын орлогыг Татварын ерөнхий газарт шалгуулахаар хүргүүлсэн. Учир нь манайд мэдүүлгээ гаргахдаа их хэмжээгээр орлого олсон гэж мэдүүлээд байдаг. Гэтэл татварын байгууллагад гаргаж өгсөн тайлантай нь нийцэж байгаа юу. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд АТГ-т ХОМ гаргадаг шиг татварын байгууллагад ч энэ өдөр ААНОАТ, ХХОАТ-ын хүрээнд татвараа тайлагнах ёстой. Энэ хоёр хоорондоо зөрж байна уу, татвараас зайлсхийсэн үндэслэл байна уу, яг ийм хэмжээний орлого олсон нь бодитой үнэн үү гэж хоёр төрлийн орлого дээр холбогдох хяналтыг хэрэгжүүлэхээр ТЕГ-тай мэдээллийг өгөөд байна.
-Тухайлбал, ямар төрлийн эрсдэл харагдаж байна вэ?
-Нэг жилийн дотор орлого нь огцом өсчихсөн. Зөвхөн нэг аж ахуйн нэгж компани гэхэд жилд гурван тэрбумын орлого олсон тохиолдол бий. Гэтэл татварт яг энэ хэмжээний тайлангаа үнэн зөв бодитой гаргасан уу, манайд их хэмжээний орлого мэдүүлчихээд татвар дээр X тайлан гаргаад байна уу. Эндээс бид татвартайгаа уялдаад татвараас зайлсхийсэн үндэслэл байна уу гэдгийг олж тогтоох юм. Өнгөрсөн жил ч энэ ажил явагдсан. Энэ жил мэдүүлэг гаргагчдын үүрэг улам нэмэгдэх ёстой. Хэрэв та орлого олсон бол татварт үнэн зөв тайлангаа гаргаж өгөх ёстой гэх мэдээллийг авсан байх ёстой. Ялангуяа, гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байгууллагууд яг ийм хэмжээний орлого олсон бол татварт тийм хэмжээний тайлангаа гаргасан байх ёстой. Үүнийг бид хянаж үзэж байгаа.
-Хөрөнгө нь огцом өссөн хэчнээн мэдүүлэг гаргагч байсан бэ?
-Татварын байгууллагууд тухайн аж ахуйн нэгж хуулийн этгээдэд санхүүгийн иж бүрэн шалгалт хийдэг. Цаг хугацаа ордог ажил. Одоогийн байдлаар 10 мэдүүлэг гаргагч буюу тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж байгаа хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллага ийм хэмжээний орлого олсон уу гэдэг дээр нарийвчилсан хяналт шалгалт явуулж байна. 10 мэдүүлэг гаргагчийн цаана хувь эзэмшдэг, үүсгэн байгуулсан, хуулийн этгээд гээд олон аж ахуйн нэгж байгаа.
-Нэг компани жилийн дотор гурван тэрбумын орлого олсон гэж мэдүүлсэн тохиолдол байгаа гэлээ. Татвар дээр тайлангаа өгсөн гэж бодъё. Тийм тохиолдолд үүнийг хууль ёсны орлого гэж үзэх үү?
-Орлогыг татвартай нь уялдуулж санхүүгийнхээ тайлан тэнцэл, Хувь хүний орлогын албан татварынхаа хууль, Аж ахуйн нэгжийн албан татварын хуулиар ийм хэмжээний орлого олоод бодитойгоор тайлбарласан байна, ийм мэдүүлэг гаргагчийн хувьд ийм хэмжээний орлого олсон нь үнэн зөв байна гэж гараад ирсэн тохиолдолд эх үүсвэр нь тодорхой болчихно. Ийм нөхцөлд заавал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Мэдүүлэг гаргагчийн орлого хөрөнгө жилээс жилд өсч болно. Харин эх үүсвэр нь бодитой, нотлох баримттай байх ёстой.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид энэ жилээс АТГ-т цахимаар ХОМ-ээ гаргахаар болсон. Бэлтгэл ажил хангагдсан уу?
-Нэр дэвшигч нар Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагддаг. Өмнөх сонгуулийн жилүүдэд УИХ-ын сонгуулийн нэр дэвшигч нар ХОМ-ээ цаасаар гаргаад СЕХ-нд бүртгүүлдэг. Сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа сонгогдсон хүмүүсийн ХОМ АТГ-т цаасаар ирж хадгалагддаг зохицуулалттай байсан. Харин 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Авлигын эсрэг хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нар СЕХ-нд биш АТГ-т ХОМ-ээ гаргаж өгөхөөр болсон. Үүнийг цахим системээр аваад Сонгуулийн тухай хуулинд зааснаар олон нийтэд хураангуй байдлаар байршуулах зохицуулалт орсон. Энэ хүрээнд АТГ, СЕХ хамтраад бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нар ХОМ-ээ цаасаар гаргахгүй. Цаасаар гаргадаг байхад эх үүсвэрийн тайлбараа хангалттай бичдэггүй нэр төдий өгдөг байсан бол одоо цахим системээр өгдөг, эх үүсвэрээ дэлгэрэнгүй бичдэг болно. ХОМ өгсний дараа хураангуй нь олон нийтэд тавигддаг болно. Дурын иргэн тойргийнхоо УИХ-ын сонгуульд сонгогдсон хүний ХОМ-тэй танилцах, хяналт тавих бүрэн боломжтой болно. Сонгуульд оролцохоос өмнө ямар хэмжээний хөрөнгөтэй байсан, сонгогдсон тохиолдолд орлого, хөрөнгө нь ямар болов, хоёр жилийн дараа ямар болов гээд жил бүр хяналт тавиад явах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг шат ахиж байгаа үйл явц. Өмнө нь бол сонгогдсон 76 гишүүний ХОМ АТГ-т ирдэг байсан бол одоо бүх нэр дэвшигч нар цахимаар өгдөг болж байгаа.
-Сонгуулийн тов ч ойртож байгаа. Хуулийн шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд мэдүүлэг гаргагч нар анхааруулах ямар зүйл байна?
-Цаг хугацааны хувьд их давчуу байгаа. Ялангуяа нам эвслүүд дотоод зохион байгуулалтын арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Энэ сарын 3-нд АТГ-ын дарга СЕХ-ны даргын баталсан маягт гарсан. Нэр дэвшигчийн мэдээллийг цахимаар авахын тулд урьдчилсан байдлаар нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл бидэнд хэрэгтэй. Албан ёсны е-майл хаяг байх ёстой. Тэр хаягаар нь цахим системд нэвтрэх нууц код нь очно. Дээр нь холбоо барих утас гэх мэт ерөнхий мэдээллийг тавдугаар сарын 16-ны дотор ирүүлэх ёстой. Үүнээс бид тухайн нэр дэвшигчийн мэдүүлэг гаргах эрхийг нь цахим системд үүсгэнэ. Нам эвслүүд бие даагч нар өөрсдийнхөө хувийн бэлтгэлийг хангах ёстой. Тавдугаар сарын 17-19-ний өдрүүд буюу гурван өдрийн дотор нэр дэвшигч нар амжиж тэр систем рүү нэвтэрнэ. Хуулиараа тавдугаар сарын 19-ний 24:00 цаг гэхэд автоматаар систем хаагдана. Систем учраас гацах эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч гурван өдрийн дотор анхаарах ёстой. Бид системийн аюулгүй байдал, хурд бусад зүйл дээр нэлээд техникийн шинэчлэлүүд хийгээд явж байна. Энэ маань шинэлэг зүйл учраас цахим систем дээр шинэ өгөгдлүүд оруулж байгаа. Тиймээс техникийн хүндрэл бэрхшээл аль болох гаргахгүйн тулд анхаарч ажиллаж байгаа. Цахим систем хаагдангуут тавдугаар сарын 20-н гэхэд СЕХ-нд бид “АТГ-ын цахим сайтад ийм нэр дэвшигч нар ХОМ-ээ бүртгүүллээ” гээд 29 тойргоор жагсаалт үүсгээд гаргаад өгнө. Энэ хугацаанд та амжиж бүртгүүлээгүй бол УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлэх баримтын жагсаалтад нэг материал дутуу болж очно. Хуулийн дагуу зургадугаар сарын 2 гэхэд нэр дэвшигчдийн ХОМ-ийг олон нийтэд ил тавина.
Мэдээж өргөдөл гомдол ирвэл хяналт шалгалтын ажил явагдана. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу холбогдох хяналтыг хэрэгжүүлээд явна.
Б.ЭНХЗАЯА
“Өдрийн сонин”