Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Авлигын эсрэг сургалт, сурталчилгааны материал боловсруулах, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулахад иргэн, төрийн бус байгууллагыг татан оролцуулах” зорилтыг хангах олон төрлийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Brosis Pictures” кино компанитай хамтран “Шударга ёс” кино зохиолын уралдааныг 2020 оны 6 дугаар сард зохион байгууллаа.
Уралдааныг 8-11, 12-15, 16-18 гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 256 хүүхэд кино зохиол бичиж ирүүлсэн байна. Шилдэг бүтээлийг шалгаруулах комисс зохиол бүрийг уншиж танилцсаны дээр уралдаанд оролцогчидтой уулзалт, ярилцлага хийж, дүнг нэгтгэн гаргав.
Уралдааны 8-11 насны ангилалд “Ирээдүй” цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч М.Энхжин, 12-15 насны ангилалд Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Энхзаяа, 16-18 насны ангилалд Дорноговь аймгийн Сайншанд сумын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бадамцэцэг нарын бүтээл шилдгээр шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Уралдаанд түрүүлсэн зохиолуудаас шилдгийн шилдэг нэг зохиолыг сонгож “Brosis Pictures” кино компанитай хамтран богино хэмжээний кино бүтээж, хүүхэд багачууддаа толилуулахаар ажиллаж байна.