Нижний Новгород мужийн Сангийн яамны албан тушаалтныг авлигын хэргээр саатуулжээ

A- A A+
Нижний Новгород мужийн Сангийн яамны албан тушаалтныг авлигын хэргээр саатуулжээ

Эрх бүхий албан тушаалтнууд Арзамас дахь зөрчлийг нуун дарагдуулахыг оролджээ.

Нижний Новгород мужийн Сангийн яамны ажилтнууд энэ оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд Арзамас хотын соёл, урлагийн байгууллагад хөндлөнгийн шалгалт хийжээ. Шалгалтаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах явцад хөндлөнгийн шалгалт хийсэн ажлын хэсгийн удирдлага тухайн байгууллагын захиралд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчлийг 500 мянган рублиэр нуун дарагдуулахыг санал болгожээ. Санал болгосон мөнгийг өгсөн тохиолдолд тайланд дээрх зөрчлийг тусгахгүй талаар амласан байна.

Уг мөнгийг зуучлагчаар дамжуулан 250 мянган рублиэр хоёр удаа хуваан 10 дугаар сарын 22-нд авчээ. Бүс нутгийн Мөрдөн шалгах хорооны ажилтнууд болон Дотоод хэргийн яамны удирдлагын хамтарсан үйл ажиллагаагаар Үйлдвэрлэлийн салбар, зорилтот хөтөлбөрийн хяналт хариуцсан албаны ахлах мэргэжилтэн болон зөвлөхийг тус тус саатуулсан байна.   

Тэднийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “а,в”-д заасны дагуу (Эрх бүхий албан тушаалтан бүлэглэн онц их хэмжээний авлига авсан) буруутгасан байна.

Зөвлөх албан тушаалтан нь хэргээ хүлээж, гэрийн хорионд орсон бол ахлах мэргэжилтэн хэргээ хүлээгээгүй байна. Мөрдөн байцаагчаас гаргасан хүсэлтийг үндэслэн Москва хотын дүүргийн шүүх ахлах мэргэжилтнийг 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хоёр сар түр саатуулахаар болжээ.

Түүнчлэн нэгжлэг хийх үед ахлах мэргэжилтний гэрээс их хэмжээний хар тамхи олдсон талаар Бүс нутгийн Мөрдөн шалгах хорооноос мэдээлсэн бөгөөд түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хар тамхи хууль бусаар олж авсан, хадгалсан)-т заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эх сурвалж