Хятад улс оргон зугтсан 7831 иргэнийг эргэн эх оронд нь авчирлаа

A- A A+
Хятад улс оргон зугтсан 7831 иргэнийг эргэн эх оронд нь авчирлаа

Бээжин хот. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын авлигатай тэмцэх байгууллагаас 2014-2020 онд авлигын хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гадаад улс руу оргон зугтсан 7831 иргэнийг эх оронд нь буцаан авчирсан байна.

Эрх бүхий байгууллагын мэдээлж байгаагаар, 120 улс орноос дээрх иргэдийг авчирсан ба эдгээр хүмүүс дунд Хятадын Комуннист намын гишүүн бөгөөд төрийн албан хаагч 2075 хүн байжээ.

Тус улсаас Олон улсын цагдаагийн байгууллага-Интерполын улаан мэдэгдэлд 348 хүнийг бүртгүүлэн зарлуулсан байна.

Мөн энэ хугацаанд 3 тэрбум орчим ам.долларыг хураан авах замаар эргүүлэн авчирч чаджээ.

Эх сурвалж


Гар утасны мессежээр залилан хийдэг бүлэглэлийн хэрэгтнүүдийн цагдан хорих хугацааг сунгажээ

Путражаяа хот. Малайзын авлигатай тэмцэх хорооноос шалгаж байгаа гар утасны мессеж ашиглан залилан хийдэг бүлэглэлийн хэрэг дээр баривчлагдсан 6 хүний цагдан хорих хугацааг шүүхээс сунгажээ.

Цагдан хоригдож байгаа хүмүүсийн дунд харилцаа холбооны компанийн захирал, ажилтнууд байгаа бөгөөд тэд гэмт бүлэглэлээс хахууль авч үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг өгч байжээ.

Эх сурвалж


Тайландын Вант Улсын Аялал жуулчлалын газрын дарга асанд 50 жилийн хорих ял өглөө

Бангкок хот. Өнгөрсөн даваа гарагт Тайландын Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Жутамас Сириван 2000-аад оны эхээр зохион байгуулагдсан олон улсын кино фестивалийн зохион байгуулагчдаас хахууль авсан хэрэгтээ 50 жилийн хорих ялаар шийтгүүллээ.

Доод шатны шүүхээс түүнийг үгсэн хуйвалдсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан зэрэг 11 үйлдэлд гэм буруутай гэж үзэн оноогоод байсан ялыг ийнхүү Дээд шүүхээс хэвээр үлдээжээ.

Түүний хэргийг шалгах үйл ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам хамтран оролцсон юм.

Эх сурвалж


Хорват Улсын Ерөнхий сайд асанд улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр 8 жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн баасан гарагт Хорват Улсын шүүх Ерөнхий сайд асан (2003-2009 онд) Иво Санадерыг зар сурталчилгааны компанийг ашиглан улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр 8 жилийн хорих ял оноосон байна.

Тэрээр улсын хөрөнгийг хувьдаа завшиж, Ардчилсан холбоогоо санхүүжүүлэхээс гадна хууль бус хандив авсан, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан хэрэгт шалгагдан шийтгэгджээ.

Дээрх хэрэгт Ардчилсан холбоог гэм буруутай гэж үзэн 3,5 куна (460-540 мянган евро)-гаар торгосон байна.

Эх сурвалж