Цар тахлын үе дэх улс орнуудын төрийн байгууллагуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа

A- A A+
Цар тахлын үе дэх улс орнуудын төрийн байгууллагуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа

“Ковид-19” цар тахал тархсанаас хойш зарим бараа бүтээгдэхүүний үнэ ханш 20 дахин нэмэгдсэн байх бөгөөд үүнийг бараа бүтээгдэхүүний гэнэтийн эрэлт өссөн, нийлүүлэлт тасалдсан түүнчлэн зах зээл дэх хууран мэхлэх үйл ажиллагаа, авлига зэргээс болж байгаад Дэлхийн банкнаас зүгээс санаа зовниж байна гэж мэдээлжээ. Зарим улс оронд хөл хорио аажмаар суларч эхэлснээр эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, худалдан авалт, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлууд үүсч байна. Судалгаагаар тогтоосноор хэвийн үед ч дэлхийн эрүүл мэндийн салбарт авлигын улмаас жилд 500 тэрбум ам.долларын хохирол учирдаг. Олон улсын эдийн засаг, хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар дэлхий дахинд авлигын улмаас худалдан авалтын явцад 2 их наяд ам.доллар алддаг байна. Цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг явуулснаар нөөц хөрөнгө зорилтот бүлэгт хүрэхээс гадна иргэдийн төрийн байгууллагуудад итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. 

Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Глобал сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран цар тахалтай үед төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, улс орнуудын засгийн газарт дэмжлэг үзүүлэх тухай журам баталсан байна. Уг журам нь улс орны засгийн газруудын төсөв, худалдан авалт, тэдгээрийн үр дүнг ил тод нээлттэй байлгах зорилго агуулжээ. Хэдийгээр цар тахалтай тэмцэх нэгдсэн арга хэмжээ байхгүй ч ийм цаг үед ил тод, хариуцлага, нээлттэй байдлыг хангах нь чухал болохыг онцолжээ. Ингэснээр олон нийтийг татан оролцуулж, хяналтыг сайжруулах боломжтой юм. Товчхондоо засгийн газруудаас эрүүл мэндийн салбарт хаана, ямар эрсдэл байгааг тодорхойлон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, яам, агентлаг, авлигатай тэмцэх байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан хяналтын баг ажиллуулах, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх замаар иргэдэд авлигыг мэдээлэх эрхийг хангах, өмнөх алдаа, дутагдлуудаасаа дахин суралцах, давтахгүй байх зэрэг арга хэмжээнүүд авахыг зөвлөжээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг зөв зохистой арга хэмжээг явуулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк хамтран эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг, ил тод, хариуцлагатай байдлын төлөө эвсэл байгуулсан байна. Дээрх эвсэлтэй acta@who.int цахим шуудангаар холбогдон нэмэлт мэдээлэл авах боломжтой. 

Эх сурвалж