Нийгмийн хэм хэмжээ авлигад боломж олгодог . Гэхдээ залуу идэвхтнүүд үүнийг эсэргүүцэж байна

A- A A+
Нийгмийн хэм хэмжээ авлигад боломж олгодог . Гэхдээ залуу идэвхтнүүд үүнийг эсэргүүцэж байна

Олон улсын авлигын эсрэг 19-р чуулганы Бидний Ирээдүйг Буцааж Өг! арга хэмжээнд оролцсон идэвхтнүүд, шинжээчдийн үзэж буйгаар нийгмийн хэм хэмжээ нь авлигад боломж олгодог ажээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид хувь хүмүүс хийгээд институциуд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дахь авлигын шинжтэй зан байдалд нийгмийн хэм хэмжээ хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцжээ. Тэд мөн залуучуудаар манлайлуулсан идэвхтнүүд үүнийг хэрхэн эсэргүүцэж чадах вэ гэдэгт анхаарлаа хандуулсан байна

Нийгмийн хэм хэмжээ гэдэг бол нийгэмд биеэ авч явах зөв аргын харилцан хүлээлт юм. Энэ нь авлигатай нягт холбоотой байдаг. "Нийгмийн хэм хэмжээ нь албан ёсны дүрмийг үл хэрэгсээд ирэхээр авлигын үйлдлүүд гарч эхэлдэг" хэмээн Базелийн засаглалын хүрээлэнгийн ажилтан Саба Касса хэлэв. Уг хүрээлэнгээс саяхан явуулсан авлигын зан үйл, хөдөлгөгч хүчнүүдийн талаарх судалгаа нь жижиг авлигыг бий болгоход нийгмийн хэм хэмжээ, нийгмийн итгэл үнэмшлийн үүргийг авч үзсэн байна. Энэхүү судалгаа нь Зүүн Африкийн Уганда, Руанда, Танзани гэсэн гурван улсын эрүүл мэндийн үйлчилгээнд төвлөрсөн аж.

Судалгаанаас харахад хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд нийгмийн харилцааны сүлжээгээ ашигладаг аж. Энэ нь эмч эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийг таньж мэддэг найзтайгаа холбоо барихад хүргэж болох боловч, бас бэлэг хэлбэрээр өгсөн хээл хахуулиар дамжуулан төлөвлөгөөтэйгөөр сүлжээ бий болгож байж магадгүй юм.

“Тэгэхээр, бүлэг дотор эв нэгдэлтэй байх эсвэл бэлгийн хариу барих байдлаар бие биедээ туслах хэм хэмжээ байдаг байна. Энэ нь ихэвчлэн давуу байдал олгосон үйлчилгээ, давуу эрх олгох явдал болж хувирдаг. Эдгээр нь үндсэндээ авлигын хэлбэрүүд юм” хэмээн Касса тайлбарлажээ. Ийм үйлдлүүд нь эрүүл мэндийн үйлчилгээнд хандах нийтлэг хандлагыг гажуудуулж, үр дүнд нь илүү сайн сүлжээтэй хүмүүс, эсвэл, хээл хахууль өгөх хангалттай чинээлэг хүмүүсийг илүүд үздэг онцгой үйлчилгээ бий болдог болохыг тэрээр онцолсон байна.

U4 авлигын эсрэг нөөцийн төвийн судлаач Женни Бентли “системүүд үүргээ гүйцэтгэж чадахгүй, засгийн газраас үзүүлэх дэмжлэгийн механизм бүрдээгүй үед” нийгмийн хэм хэмжээ нь авлига цэцэглэх хөрс болдог гэжээ.

Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт залуучууд авлига хийгээд түүнийг бий болгож буй нийгмийн хэм хэмжээтэй тэмцсээр байна. Томоохон жишээ бол өргөн тархсан авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны хариу болох, ихэвчлэн залуу хүмүүс удирдсан Арабын хавар[12] хэмээн нэрлэгдсэн хөдөлгөөн юм. Авлигын эсрэг хөдөлгөөн гэж ойлгодог Тунисын хувьсгалын дараа Тунисын иргэний хөдөлгөөний идэвхтэн Ачраф Ауади Транспэрэнси Интернэшнл байгууллагын орон нутгийн бүлэг болон авлигатай тэмцэх watchdog байгууллага болох I-WATCH-ийг байгуулжээ.

"50 гаруй жилийн дарангуйлал, хувьсгалын дараа ардчилалд шилжсэн нь төрийг ямар нэгэн байдлаар сулруулсан" гэж Ауади хэлэв. Мөн тэрээр “Сул дорой төртэй байх үед хүмүүс авлигын талаар чөлөөтэй ярих боломжтой байдаг тул авлигын талаарх ойлголт төсөөлөл өсдөг. Мөн төр сул байх үед албан тушаалтнууд боломжийнхоо хэрээр нөөц баялгийг тонох хандлагатай байдаг. Тэдгээр хүмүүс авлигын хэргээс мултарч байгааг иргэд харсаар байгаа тул энэ нь ял завших явдал хийгээд авлигыг өдөөж байгаа юм” гэлээ.

Ауади болон түүний баг авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нутгийн рэппэрүүдтэй хамтран залуучуудын дунд жил бүр арга хэмжээ зохион байгуулдаг. Тэдний итгэж, таньдаг хүмүүсээр дамжуулан авлигын эсрэг мессежийг залуучуудад хүргэх нь түүний зорилго аж. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нөлөөлөгчид[13] авлигын эсрэг мессежийг залуу хүмүүст түгээхэд тусалдаг байна. “Саяхан авлигын талаарх видео бичлэгийг тэдний нэг нь хийсэн бөгөөд 24 цаг хүрэхгүй хугацаанд 270,000 үзсэн.” гэж тэр ярьж байна.

Залуучууд авлигын эсрэг өөрчлөлтийг жолоодож, нийгмийн сүлжээг ашиглан авлигыг идэвхжүүлдэг нийгмийн хэм хэмжээтэй тэмцэж байна гэж Касса үзэж байна. Сонгууль будлиантуулсан гэсэн үндэслэлээраравдугаар сард болж Киргизстан улсыг цочроосон томоохон эсэргүүцлийн жагсаалын талаар тэрбээр: “Болсон явдлаас бидний олж мэдсэн зүйл бол залуу хүмүүс хэрхэн хүчээ дайчлан, системийг бүрэн цэвэрлэхийг дэмжихийн тулд янз бүрийн платформ ашиглан нийгмийн хөдөлгөөнийг бий болгож чадаж байгаа тухай асуудал юм. Энэ бол төрд үзүүлж буй томоохон өөрчлөлт, шахалтыг өдөөх хүчин зүйл болох хөшүүрэг буюу боломжит цонхны гайхалтай жишээ юм.” гэжээ.

Эх сурвалж