Дэлхий дахинаараа сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд авлига саад болж байна

A- A A+
Дэлхий дахинаараа сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд авлига саад болж байна

Авлига нь цаг уурын нөхцөл байдлыг сайжруулахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамгийн их заналхийлж, дэлхийн хэмжээнд нүүрс зэрэг чулуужсан түлшээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд саад болж байна.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн (NRGI) зөвлөх Александра Гиллисийн хэлснээр ашигт малтмалын түлш үйлдвэрлэгч компаниуд болон үйлдвэрлэгч орнуудын засгийн газрууд олон арван жилийн турш үүнээс ашиг хүртсэн хэрнээ ашигт малтмалын түлшнээс татгалзах хүчин чармайлтад саад учруулсаар байна.

Тэрээр Олон улсын авлигын эсрэг 19-р чуулганы “Climate Action: Time for Integrity” хэсэгт оролцож үг хэлэхдээ: "Эрх мэдэл, эд хөрөнгөөр өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн зарим хүмүүсийн явцуу сонирхол цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх дэлхий нийтийн хүчин чармайлттай зөрчилдөж магадгүй юм.” гэжээ.

Ашиг сонирхол цаг уурын бодлогод хэрхэн нөлөөлж байна вэ?

Үүний цаана олон улсын (хувийн) нефтийн компаниуд, газрын тосоор баялаг нөөцтэй орны засгийн газрууд, үндэсний газрын тосны компаниуд гэсэн гурван үндсэн буруутан бий гэж Гиллис үзэж буй бөгөөд эдгээр нь эдийн засгийн ашиг сонирхлоо нэмэгдүүлэхийн тулд хууль ёсны хийгээд хууль бус аргуудыг аль алиныг нь ашигладаг байна. Тэд хандивын кампанит ажил, лоббидох гэх мэт янз бүрийн аргаар зохисгүй нөлөөг бий болгодог ба тэдний олон арга техник нь саарал бүсэд хамаардаг учир зарим шүүхийн өмнө хууль ёсны байж ч болзошгүй юм.

Газрын тосны зах зээлийн хөгжил нь чулуужсан түлшний салбар дахь лоббитой холбоотой авлигыг өдөөж болохыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн төлөөлөгч онцлон тэмдэглээд: “Ялангуяа үнэ огцом унасан үед авлига маш олон төрөлтэй болж байна. Хямрал цөхрөл, эдийн засгийн хүнд хэцүү цаг үе өөрөө авлигын элдэв янзын төрлүүдийг өдөөдөг.” гэжээ.

Газрын тос, байгалийн хийн компаниудын улс төрийн хөндлөнгийн оролцоо нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр явуулж буй байгууллага хийгээд засаглалын үйл ажиллагааны явцыг сулруулж байгаа тул тэд санхүүжилтийн хомсдолтой тэмцэхийн зэрэгцээ бодлого, зохицуулалт дахь эдгээр нөлөөлөлтэй ч тэмцэх шаардлагатай болж байгаа аж.

Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар, чулуужсан түлшны салбар жилд 370 тэрбум гаруй долларын дэмжлэг авдаг бол сэргээгдэх эрчим хүч 100 тэрбум долларын дэмжлэг авдаг ажээ. 2016 оны 11-р сард Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш хоёр жилийн хугацаанд ашигт малтмалын түлшинд дэлхийн 33 том банк нийт 1.9 их наяд гаруй долларын санхүүжилт хийснийг Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлсэн байна.

COVID-19 - уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтрах уу? 

Засгийн газраас явуулж буй COVID-19-ийн хямралын хариу арга хэмжээ нь мөн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлж байх шиг байна. Коронавирусын цар тахлын үед засгийн газрууд вирусын эсрэг арга хэмжээ авч байх үеэр хүлэмжийн хийн ялгаралт түр зуур буурсан тухай Дэлхийн нүүрстөрөгчийн төсөл (GCP) мэдээлжээ. Гэсэн хэдий ч энэ хямралын дараах засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хөшүүргүүд дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтад хэдэн арван жилийн туршид нөлөөлөх магадлалтайг Дэлхийн нүүрстөрөгчийн төсөл анхааруулж байгаа юм. 2019 онд цэвэр эрчим хүчний хөгжилд гайхалтай ахиц дэвшил гарсан хэдий ч дэлхийн чулуужсан түлшний хэмжээ нэмэгдсэнийг харгалзан үзвэл энэхүү нөлөөллийн чиглэл тодорхойгүй байгаа юм.

Ил тод гэрээ, хүртээмжтэй мэдээлэл 

Гиллисийн хэлснээр, чулуужсан түлшнээс амжилттай ангижрахын тулд илүү ил тод байдал шаардагдаж байна. Ялангуяа төлбөр, гэрээний ил тод байдал нь сэргээгдэх эрчим хүчинд шилжихэд саад учруулж буй авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах боломж нэмэгддэг байна. Ил тод бус бодлого нь ихэвчлэн нууцлал, засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл олж авах боломжгүйгээс үүдэлтэй байдаг. Чулуужсан түлштэй холбоотой ашиг сонирхлын зүй бус нөлөөллийг бодлого, шийдвэрт тусгахгүйн тулд холбогдох мэдээлэл олон нийтэд нээлттэй байх ёстой.

Эх сурвалж