Австри Улсын Сангийн сайд асанд авлигын хэрэгт холбогдуулан найман жилийн хорих ял оногдуулжээ

A- A A+
Австри Улсын Сангийн сайд асанд авлигын хэрэгт холбогдуулан найман жилийн хорих ял оногдуулжээ

Венийн Эрүүгийн хэргийн шүүхээс Австри Улсын Сангийн сайд асан Карл-Хайнц Грассерыг төрийн орон сууцны BUWOG компанийн орон сууцны санг хувьчлах явцад авлига авсан хэргээр найман жил хорих ял оногдуулсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Сайд асан албан тушаалаа хаших хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бэлэг, шан харамж авсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэрэгт буруутгасан талаар мэдээнд дурджээ. Түүнийг орон сууцны сангийн гэрээнд оролцсон нэр бүхий гурван компаниас нийт 9,6 сая евротой тэнцэх хэмжээний авлига авсаныг шүүхээс тогтоосон байна.

Түүнчлэн уг хэрэгт үгсэн хуйвалдах байдлаар оролцсон хэд хэдэн бизнесмэн буруугаа хүлээжээ. Сангийн сайд асан шүүхийн шийдвэрийг давж заалдахаар холбогдох шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Мөрийтэй тоглоом эрхлэгчид болон төрийн албан хаагчид холбогдсон дээрх авлига, хээл хахуулийн хэргийн хүрээнд Австрийн Эрх чөлөөний намын удирдагч, Бүгд найрамдах улсын дэд канцлер асан Хайнц-Кристиан Штрахын гэрт 8 дугаар сард нэгжлэг хийсэн байна.

Эх сурвалж

Литва Улсын иргэд эрүүл мэндийн салбарыг авлигад хамгийн их өртсөн салбар гэж үзжээ

Тус улсын нийт хүн амын 92 хувь нь улсын хэмжээнд авлигын асуудал өргөн тархсан гэсэн бол ердөө 8 хувь нь уг асуудалтай нүүр тулгарч байсан гэсэн судалгааны дүнг гарчээ.

Литва Улсад сүүлийн зургаан жилд авлигын түвшин гурав дахин буурсан тухай Евробарометр"-ын баримт мэдээллээс үндэслэн Мөрдөн байцаах тусгай албанаас мэдээллэсэн байна.

Авлигын талаарх тус улсын иргэдийн ойлголт нь Европын холбооны улсуудын дундаж түвшнөөс дээгүүр байна.

"Авлигатай тэмцэх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхдээ авлигын талаар мэдээлэл хүргэхээс айх бус, шударга үйлдлийн давуу тал, ашиг тусыг ойлгуулахын төлөө бид зүтгэх хэрэгтэй” гэж Мөрдөн байцаах тусгай албаны захирал Жидрунас Барткус үзжээ.

Литва Улсын нийт хүн амын 92 хувь нь улсын хэмжээнд авлигын асуудал өргөн тархсан гэсэн бол 8 хувь нь сүүлийн жилүүдэд авлигад өртсөн буюу гэрч болсон гэсэн судалгааны дүн гарчээ.

Авлига, хээл хахууль, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдэл нь эрүүл мэндийн салбар, улс төрийн намууд, худалдан авах ажиллагаа, тендер сонгон шалгаруулах эрх бүхий албан тушаалтнуудын дунд өргөн тархсан гэж тус улсын иргэд үзжээ.

Литва Улсын иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн салбарт авлигатай тулгарч байсан бөгөөд эрүүл мэндийн даатгалаас гадна эмч, сувилагч нарт нэмэлт төлбөр төлөх мөн үнэтэй бэлэг өгдөг байна.

Эрүүл мэндийн байгууллага дахь албан бус төлбөрийг хээл хахууль гэж үзэхгүй харин үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө өгөх, авах ёстой зүйл гэж үздэг нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Тус улсын 3 хүн тутмын нэг нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсний дараа эмчид талархах болон нэмэлт төлбөр төлөхийг хээл хахууль гэж тооцдоггүй гэсэн судалгааны дүнгээс иргэдийн авлигын тухай ойлголт, мэдлэгт анхаарал хандуулах шаардлагатай талаар Мөрдөн байцаах тусгай албаны мэдээлэлд дурджээ.

 Эх сурвалж