Авлига хөгжил дэвшилд саад учруулдаг

A- A A+
Авлига хөгжил дэвшилд саад учруулдаг

“Авлига нь хөгжлийг доройтуулан, эдийн засгийн өсөлтийг сааруулж, сайн засаглал, хууль дээдлэх ёсыг алдагдуулан, төрийн үйлчилгээ үзүүлэхэд саад болж байна” хэмээн Соломан арлуудын Гизо хотноо 12 дугаар сарын 09-ний өдөр олон улсын авлигатай тэмцэх өдрийг тохиолдуулан хийсэн арга хэмжээнд оролцогчид дүгнэлээ.

2003 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг сурталчлах, авлигатай тэмцэх талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэргээр Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэхүү арга хэмжээ нь олон үндэстнийг нэгтгэн, авлигатай тэмцэх үйл хэрэгт дэлхий нийтийг уриалж байна.

Энэ жил НҮБ-ын “Шударгаар сэргэцгээе” компанит ажлын уриан дор Ерөнхий сайдын ажлын алба, хууль сахиулах байгууллага, Омбудсманы алба, Удирдлагын ёс зүйн хороо, Эрх зүйн шинэчлэлийн хороо, Ерөнхий прокурорын алба, Аудиторын газар, иргэний нийгмийн салбар, орон нутгийн захиргааны нэгжүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Соломан арлуудын Гизо хотод анх удаагаа авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэжээ.

Тус хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах ажлыг Гизо хотын захад амьдардаг Титианагийн уугуул иргэдээс эхлүүлсэн ба Гизо хотод бүх нийтийг хамаарсан жагсаал зохион байгуулж, авлигын хортой үр дагавар, авлигатай тэмцэхэд хууль сахиулах байгууллага болон олон нийтийн оролцооны талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Шадар сайд Дерек Мане нээлтийн үгэндээ оролцогчдод хандан “Авлигыг бага байлгаж, авлигатай тэмцэхийн тулд бүх нийтийн хамтын хүчин чармайлт шаардлагатай” гэжээ.

Орон нутгийн засаг захиргааны нэгжүүд болон оршин суугчид авлигын эсрэг үйл хэрэгт идэвхтэй оролцож, орон нутгийн үйл ажиллагааны талаарх шийдвэрүүдийг өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэх хэрэгтэй. Шинээр байгуулагдсан Авлигатай тэмцэх хороо нь Засгийн газрын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл гэж нэмж хэлсэн байна.

НҮБ-ийн төслийн зохицуулагч ноён Ворда Хока Соломоны арлуудын Засгийн газрын хамтын ажиллагаа, түншлэлийг онцлон дурьдаад “Авлига бол бүх улс орнуудад нөлөөлөх, нийгэм, улс төр, эдийн засгийн цогц үзэгдэл юм. Энэ нь ардчилалын хүчийг сулруулж, эдийн засгийн хөгжлийг удаашруулж, Засгийн газрын тогтворгүй байдлыг үүсгэдэг тул авлигатай тэмцэхэд тууштай арга хэмжээ, бат бөх хамтын ажиллагаа шаардлагатай” гэжээ.

Авлига бол тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгардаг хамгийн том саад бэрхшээлүүдийн нэг нь юм гэж ноён Хока хэлэв. Дээрх арга хэмжээг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Соломон арлуудын Ерөнхий сайдын ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй “Ил тод байдал, хариуцлага” төслийн хүрээнд зохион байгуулсан байна.

Эх сурвалж