Шударга байдлыг хянах: Энэтхэг Улсын авлигын эсрэг шинэ стратеги

A- A A+
Шударга байдлыг хянах: Энэтхэг Улсын авлигын эсрэг шинэ стратеги

Улстөрчдөд холбоотой бөгөөд эхнийх нь бараг 40 шахам жил дарагдаж буй авлигын 6000, эрүүгийн 5000 хэргийг түдгэлзүүлээд байгаа асуудлыг Та байсан бол хэрхэн шийдвэрлэх вэ? Энэтхэгийн Дээд шүүхийн хувьд улс төрчдөд холбогдох түдгэлзсэн хэргүүдийг нэг жилийн дотор нэг мөр болгон шийдвэрлэх нь хуримлагдсан асуудлыг шийдэх гарц гэж харж байна.

Дээд шүүхээс өнгөрсөн 9-р сард “Нийтийн ашиг сонирхлын шүүх ажиллагаа”-ны талаар гаргасан шийдвэр нь шүүх ажиллагаанд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, Энэтхэг Улсад өргөн тархаад байгаа улс төрийн авлигыг шийдвэрлэх хууль эрх зүйн тогтолцоог илүү үр дүнтэй болгоход чиглэсэн юм.

Энэтхэг Улсын авлигад автсан улс төрчид хууль ёсны мөрдөн байцаалтын ажиллагааг удаашруулж чаддаг. Жишээ нь: Шүүхэд өргөдөл гаргах төвөгтэй дүрэм, журмыг ашиглан хэргүүдийг хэдэн 10 жилээр сунгахад хүргэж байна.

Ингэж хэргийг удаашруулснаар гол нотлох баримтууд алдагдах эсвэл хэрэг бүрхэг болох магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн яллагдагч этгээд бусдад хээл хахууль өгөх, айлган сүрдүүлэх, тэр ч байтугай гэрчийг хөнөөх боломжийг олгодог. Авлигад автсан улс төрчид хэрэгт ял шийтгэл авахаас зайлсхийж бодит байдал дээр ял шийтгэлгүй үлдэх хандлагыг бий болгосон. Энэ асуудал нь одоогийн парламентад хурцаар тавигдаж байгаа бөгөөд 2019 онд шинээр сонгогдсон гишүүдийн 43% нь эрүүгийн хэрэгт татагдсан бөгөөд тэдэнд холбогдох хэргийг түдгэлзүүлжээ. Дээд шүүхийн захирамж нь энэ болон бусад асуудлыг олон нийтэд зарлахаар шийдвэрлээд байна.

Дээд шүүхээс өмнө нь 2011 онд авлига, хээл хахуульд идэгдсэн Конгресс нам парламентыг удирдаж байх үед улс төрчдийг цаг тухай бүр нь шүүж байхыг уриалсан боловч хэргүүдийн шийдвэрлэлт удааширсаар байв. Гэхдээ энэ цаг хугацаа өөрчлөгдөнө гэдэгт итгэх шалтгаан бий юм.

Одоогийн эрх баригч Бхаратия Жаната нам авлигын эсрэг үйл ажиллагааг нэн тэргүүний үйл хэрэг гэж үзсэн нь тэднийг засгийн эрхийг авахад нөлөөлсөн юм. Бхаратия Жаната намын авлигатай тэмцэх талаар өгсөн гол амлалт нь нэг жилийн хугацаанд авлигын хэргийг шийдвэрлэх талаар Дээд шүүхийн захирамж гарахад нөлөө үзүүлсэн байх магадлалтай юм.

Дээд шүүхийн шийдвэрийн дагуу ихэнх муж улсын Дээд шүүхүүд хэргийг шүүхэд шилжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ирүүлсэн бөгөөд Энэтхэг Улсын Ерөнхий прокурор туршилтыг нэг жилийн хугацаанд хийж дуусгах тал дээр "100% нухацтай" хандаж байгаагаа мэдэгдэв.

Энэхүү түргэвчилсэн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зарим ноцтой саад бэрхшээл тулгарч байгаа хэдий ч Энэтхэг Улсын шударга ёсны төлөө гаргасан тус шийдвэр нь авлигад автсан улс төрчдөд хариуцлага тооцох, шүүх ажиллагаанд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд хүчтэй нөлөө үзүүлэх болно.

Нэг жилийн төлөвлөгөөний үр өгөөжөөс гадна энэхүү нэг жилийн зорилгод хүрэхэд бэрхшээлтэй үндсэн хоёр шалтгаан байна.

  • Шүүхийн байгууллагын нөөцийн хомсдол: Нэг жилийн хугацаанд зорилгыг хангахад тулгарч буй хамгийн том саад тотгор нь одоогийн шүүхийн дэд бүтэц юм. Дээд шүүхийн захирамжид өнөөгийн шүүх байгууллагын тоо уг хэргүүдийг шийдвэрлэхэд хангалтгүй байгааг тэмдэглэжээ. Энэтхэгт тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон зуун тусгай шүүх байдаг ч цөөхөн хэд нь улс төрчдийн авлига болон бусад эрүүгийн хэргийг шийддэг. Зарим муж улсад эдгээр тусгай шүүх байхгүй заримд нь хэтэрхий цөөн байдаг. Тусгай шүүх байдаг мужид ч гэсэн улс төрчдийн авлигын хэргийг шийдвэрлэхэд хэтэрхий хүнд байдаг. Шүүх байгууллагын тоог нэмэгдүүлэхийн тулд аль хэдийн ховор нөөц болсон шүүгчдийн тоог нэмэх шаардлагатай болно. Энэтхэг Улс нь АНУ-аас дөрөв дахин олон хүн амтай боловч шүүгчийн орон тоо нь АНУ-ын шүүгчдийн тооны аравны нэгд ч хүрдэггүй. Шүүгчийн хомсдолыг олон хүн цалин муутай, дэвших боломж хомс байгаатай холбон тайлбарлаж байна. Хэрэв Энэтхэг улс нэг жилийн зорилгоо биелүүлэхийг хүсэж байгаа бол одоо ажиллаж байгаа шүүгчдийн хувьд дэмжлэг тусламж ихээхэн хэрэгтэй болох буй за.
  • Мөрдөн байцаах байгууллагын нөөцийн хомсдол: Улс төрчдийн авлигын болон бусад гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий байгууллага болох Энэтхэгийн Тагнуулын төв товчоо нь мөрдөн шалгах ажиллагааг цаг хугацаа алдалгүйгээр явуулах гэж ихэд хичээж байна. Боловсон хүчний болон мөрдөн байцаах ажиллагаанд шаардлагатай нөөцийн хомсдол нь нарийн төвөгтэй мөрдөн байцаалт шаардагдах авлигын хэргийг үр дүнтэй шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна гэж Энэтхэгийн Тагнуулын төв товчоо мэдээлсэн. Нэг жилийн хугацаанд хэргийг шийдвэрлэх шийдвэр нь эдгээр асуудлыг улам даамжруулж болзошгүй бөгөөд зарим мөрдөн байцаалтыг хугацаанаас нь өмнө зогсооход хүргэж болзошгүй юм.

Эдгээр нөөцийн хомсдол нь бэрхшээлийг бий болгож байна. Гэхдээ Энэтхэг улс төрийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай гэсэн зарчмаа баримталбал аль ч асуудлыг даван туулж болно. Хэргийг зөвөөр шийдвэрлэх олон шалтгаан бий. Улс орнууд улс төрчдөд холбогдох хэргийг шүүн хэлэлцэх тусгай шүүхүүдийг шинээр байгуулж эхэлсэн.

Засгийн газраас шүүх байгууллагын тоног төхөөрөмж болон ажилтнуудад зориулж нэмэлт санхүүжилт санал болгож, шүүгчдийн цалинг нэмэгдүүлэх замаар илүү олон шүүгчдийг элсүүлэх хууль тогтоомжийг танилцуулсан. Энэтхэг улс Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байгаа нь шүүх хуралдаанд шаардагдах хэд хэдэн шинэчлэлийг хурдасгаж байна. Засгийн газраас Тагнуулын төв товчооны жилийн төсвийг нэмэгдүүлж, өөрийн үр ашгийг дээшлүүлэх шинэлэг арга замыг судалж байна. Жишээлбэл: Төрийн болон орон нутгийн хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, мэдээлэл солилцох ажлыг сурталчлах ажлыг эхлүүлж, тэтгэвэрт гарсан цагдаагийн албан хаагчдыг орон нутгийн зарим мөрдөн байцаалтад оролцуулахаар томилж, илүү үр дүнтэй ажиллагаа явуулах зорилгоор зохион байгуулалтыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Түүгээр ч зогсохгүй дээд түвшний улс төрчидтэй холбоотой авлигын хэргийг Тагнуулын төв товчоо нь мужийн засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр шалгаж болох бөгөөд энэ шийдвэр нь маргаан дагуулсан, цаг хугацаа шаардсан харьяаллын асуудлыг хөнгөвчлөх төлөвтэй байгааг саяхан Дээд шүүхээс мэдээлсэн.

Улс төрчдөд холбогдох хэргүүдийг нэг жилийн дотор шийдвэрлэх тухай Дээд шүүхийн захирамж болон энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэх шүүх, мөрдөн байцаах ажиллагаанд шаардлагатай хүчин чадлыг нэмэгдүүлэх нь Энэтхэг Улсын авлигатай тэмцэх системд удаан хугацаанд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай юм. Уг захирамжийг зөв зохистой хэрэгжүүлснээр нэг жилийн хязгаарлалт нь шүүгдэгч нар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогоос шүүхийн байгууллагыг хамгаалахад тусална. Харин олон нийтэд шүүх засаглал нь улс төрийн авлигын асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд чадавхтай гэсэн хүчтэй мессежийг хүргэх юм. Ингэснээр улс төрчид өөрсдийн буруутай үйлдлийнхээ төлөө жинхэнэ хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголтыг авах болно.

Эх сурвалж