Нигерийн Авлигатай тэмцэх газар яагаад өр барагдуулах газар болж болохгүй вэ? Үүнийг хэрхэн зогсоох вэ?

A- A A+
Нигерийн Авлигатай тэмцэх газар яагаад өр барагдуулах газар болж болохгүй вэ? Үүнийг хэрхэн зогсоох вэ?

2003 онд байгуулагдсан Нигерийн Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо нь анх хээл хахууль, залилан, татвараас зайлсхийх, мөнгө угаах болон бусад олон төрлийн санхүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах, шүүх ажиллагаанд ихээхэн үүрэг гүйцэтгэж, үр дүнтэй ажиллаж байжээ. Тус хороо нь дээрх хууль бус үйл ажиллагаанд оролцсон улс төрийн өндөр албан тушаалтнууд болон корпорацын ажилчдыг шүүхэд яллахаас гадна Нигерийн муж улсуудын хулгайлагдсан их хэмжээний хөрөнгийг олж авахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэтэл сүүлийн үед тус хороо нь улс төрийн хөндлөнгийн оролцоо, авлигад байнга өртөж байна. Жишээлбэл: Саяхан Лондонгийн их сургуульд төвтэй, авлигын эсрэг шинэлэг бодлого, практикийг судалдаг "Авлигатай тэмцэх нотолгоо" байгууллагын хийсэн судалгаагаар хувийн хэвшлийн байгууллагууд, арилжааны банкууд, бизнес эрхлэгчид, чинээлэг хүмүүс шүүх болон иргэний хэргийг хянан шийдвэрлэх бусад байгууллагад хандахаас илүүтэйгээр Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хорооны албадлагын хүчийг тогтмол ашиглаж, өр төлбөрөө барагдуулахад туслуулдаг болохыг тогтоожээ. Хуулийн дагуу иргэний өр төлбөрийг барагдуулах нь Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хорооны чиг үүргээс гадуур хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэсээр байна.   

Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо нь иргэний өр төлбөрийг барагдуулах асуудлыг шийдвэрлэх ёсгүй ч эдийн засаг, санхүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах, яллах ажиллагаанд маш их эрх мэдэлтэй байдаг. Өр төлбөрийг барагдуулахыг хүсч буй бизнес эрхлэгчид болон бусад зээлдүүлэгчид нь Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороог татан оролцуулахын тулд зээлдэгчийн талаар гэмт хэргийн шинжтэй залилангийн хэргээр гомдол гаргаж болдог. Нэмж хэлэхэд, хувийн хэвшлийн хүчирхэг байгууллагууд (ялангуяа хүчирхэг банкууд) Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороотой улс төрийн албан бус харилцаагаа ашиглан мөрдөн байцаалтад нөлөөлж, өр төлбөртэй хүмүүст дарамт үзүүлэх боломжтой юм.

Энэхүү үйл явдал нь хоёр шалтгааны улмаас авлигын эсрэг тэмцэгчдийн санааг зовоож байна. Нэгдүгээрт: Хувийн бизнес эрхлэгчид тодорхой хэргийг өөрсдөдөө давуу эрхтэйгээр шийдвэрлүүлэхийн тулд албан бус нөлөө, улс төрийн холбоогоо ашиглан Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороог татан оруулж байгаа нь өөрөө (маргаангүй) авлигын нэг хэлбэр юм. Хоёрдугаарт: Эдгээр өр төлбөр барагдуулах хэргүүдэд Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо нь үнэтэй цаг хугацаа, нөөц бололцоогоо зориулж байгаа нь тус хорооны авлигын эсрэг үр дүнтэй ажиллах үйл ажиллагааны чадавхыг сулруулж байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд туслах хоёр төрлийн шинэчлэлийг бид санал болгож байна.   

Нэгдүгээрт: Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо нь өр төлбөр барагдуулах хэрэгт оролцож байгаа нь үндсэндээ иргэний хэргийг хянан шийдвэрлэх тогтолцооны алдаа дутагдалтай холбоотой бөгөөд олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд шүүх ажиллагааны шинэчлэл хийх шаардлагатай байна. Энэ шинэчлэлд томоохон өр төлбөрийн нэхэмжлэлийг хурдан хянах, жижиг өр төлбөрийн нэхэмжлэлийг шүүх ажиллагааг өргөжүүлэх, маргааныг өөр хувилбараар шийдвэрлэх (хэлэлцээр, зуучлал, арбитрын ажиллагаа)-ийг дэмжлэг үзүүлэх зорилгоор өмнөх үйл ажиллагааны шийдвэрийн протокол зэргийг багтаасан байх ёстой юм. Лагос мужийн дээд шүүх эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч Нигерийн бусад 35 муж улсад ийм шинэчлэлийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Хоёрдугаарт: Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо нь хувийн хэвшлийн хүчирхэг байгууллагуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх хэмжээг хязгаарлах, өргөдөл, гомдлыг эрэмбэлэх зорилгоор ямар хэргийг хянан шалгахыг тодорхой болгосон шүүх ажиллагааны журмыг боловсруулж, олон нийтэд сурталчлах хэрэгтэй юм. Эдгээр арга хэмжээ нь зээлдүүлэгчид болон тэдний өмгөөлөгчдийг иргэний шинж чанартай асуудлаар Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороонд өргөдөл, гомдол гаргахаасаа өмнө илүү сайн бодож үзэхийг анхааруулах болно.        

Эх сурвалж