Украйны парламент гадаадын зээл авах зорилгоор Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийг сэргээлээ

A- A A+
Украйны парламент гадаадын зээл авах зорилгоор Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийг сэргээлээ

Украйн Улсын парламент Олон Улсын Валютын Сангаас зээл авч Ковид-19 цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн уналттай тэмцэх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийг сэргээн тогтоолоо.

Энэ оны 10 дугаар сард тус улсын Үндсэн хуулийн шүүхээс албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэгт хуурамч мэдээлэл өгсөн тохиолдолд оноох ялын хэмжээг хэтэрхий их хэмээн үзэж Авлигын эсрэг хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосон байв. Түүнчлэн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газрын зарим бүрэн эрхийг хязгаарлажээ.

Энэхүү шийдвэр нь Украйны шинэчлэл болон Төв банкны бие даасан байдлаас шалтгаалж зогсонги байдалд орсон Олон Улсын Валютын Сангийн 5 тэрбум ам.долларын хэлэлцээрийг бүр мөсөн царцаасан юм.

Ерөнхийлөгч Владимир Зеленский авлигын эсрэг шинэчлэлийг сэргээхгүй бол Украйн Улс эмх замбараагүй байдалд орох, цаашлаад Европын холбооны гишүүн улсад визгүй зорчих эрхээ цуцлуулж болзошгүй талаар нийтэд анхааруулсан байна.

Украйн Улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэ жил 5 хувиар агших төлөвтэй байгаа юм. Тус улсад цар тахлын нөхцөл байдал энэ оны 9 дүгээр сараас эхлэн хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сараас эхлэн чангатгасан хөл хорионы дэглэмд шилжих талаар нийтэд зарлажээ.

Хэдийгээр зарим хууль тогтоогчид шүүмжилж байгаа боловч албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэгт хуурамч мэдээлэл өгсөн тохиолдолд оноох ялыг сэргээсэн хуулийн төслийг парламентаас 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан байна.

Эх сурвалж