Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй билээ. Уг төсөлд тусгаснаар АТГ-ын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилох заалтыг өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл, дэд даргыг АТГ-ын дарга нь томилдог байх төсөл ХЗДХЯ-наас боловсруулсныг УИХ хэлэлцэж байна. Гэтэл зарим хүн энэ өөрчлөлтийг “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж байна, Засгийн газрын тэргүүн өөрсдийн хүнээ тавих, эрх мэдлээ тогтоохыг санаархаж буйн илрэл” хэмээж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сайн ажиллаж, анхаарал татсан олон хэргийг шүүх, прокурорт шилжүүлээд буй болохоор тус байгууллагад шалгагдаж байгаа хүмүүсийн “улаан хамгаалагч” нар АТГ-ын үйл ажиллагааг харлуулахыг зорьж, энэ мэтээр бичиж эхэллээ гэхэд хилсдэхгүй.
Улс орны хөгжлийн тушаа болж, эдийн засгийг доройтуулж буй авлигатай хийх тэмцэлд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Энэ тэмцэлд ялахын тулд нэг цонхоор харж, нэгэн бодлогоор зүтгэж байж амжилтад хүрэх нь гарцаагүй. Тиймдээ ч Засгийн газраас АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог болох өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж. Ийнхүү санаачилсан төслийн гол зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.8 дахь хэсэгт заасан “захирах, захирагдах ёсыг баримтлах” гол үндэслэлээ болгосныг хууль санаачлагч ХЗДХЯ-ныхан тайлбарлаж буй юм.
АТГ-ын дарга дэд даргаа томилдог болсноор бие биедээ хяналт тавьдаг зарчим алдагдана гэж үзэх хүн цөөнгүй. Мөн “Авлигатай тэмцэх байгууллага нь хуучны Дотоодыг хамгаалах яам шиг эрхтэй, өөрсдийн үзэмжээр асуудлыг шийддэг байгууллага болж хувирлаа. АТГ-ын шалгасан хэрэгт хяналт тавих ёстой прокурор, гэм бурууг нь шийддэг шүүх нь өөрсдөө тэдэндээ шалгуулдаг болчихоор авлигатай тэмцэгчид хэнд ч, ямар ч хэрэг тохож, хүссэнээрээ шийдвэрлүүлэх бодит аюул нүүрлэчихэж” гэсэн нь ч бий. Эдгээр нь хэн нэг улстөрчийн, магадгүй Монголын төрийн хүчийг тарамдуулж, өөрсдөө хариуцлагаас мултрах гэсэн албан тушаалтнуудын хэлж буй санаа. Уг нь ийм үзэлтэй хүмүүсийн эсрэг хэлчих хуулийн бэлээхэн заалт бий. Энэ нь 2006 онд УИХ-аар баталсан, өдгөө АТГ үйл ажиллагааныхаа үндсэн чиг шугамаа болгосон Авлигын эсрэг хуулийн 16.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална” гэж заасан нь дарга нь дэд даргаа томилдог болох өөрчлөлттэй утга дүйх юм.
Түүнчлэн одоо мөрдөж байгаа Авлигын эсрэг хуульд АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилох заалт нь Монголын төрд сайдын зиндаа бүхий албан тушаалыг хоёроор нэмдэг. Шинээр оруулж буй АТГ-ын дарга нь дэд даргаа томилох нь маш зөв гэж үзэн дэмжих хүн олон байна. Яагаад гэвэл хэн хэн нь УИХ-аас томилогдсон, эрх мэдэл тэнцүү шахам болохоор ч тэр үү, ажил албаны хувьд талцал үүсэж, эрх үүргээ булаацалдах нь АТГ-ын өмнөх дарга нарын түүхэнд илт ажиглагдаж байв. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг зөвхөн УИХ томилж, үүрэг хариуцлагаа дангаараа үүрээд явах нь зөв. Тэгээд ч Монголын төрд өндөр албан тушаалтнууд цөөдөөгүй.
Шүүх, прокурорынхон АТГ-т өөрсдөө шалгуулдаг болохоор хуучны До яам бий болох нь хэмээн эмээж буй нь өрөөсгөл ойлголт. Хэрэв тэд үнэхээр АТГ-ынхнаас айдаг байсан бол шүүх, прокурорын шатанд гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шилжүүлсэн хэрэг шийдвэрлэгдэлгүй замхардаг, АТГ-т шалгуулсан зарим хүн албан тушаал ахиж, гадаад, дотоодод өндөр эрх ямба эдлэх байсан гэж үү. Харин ч АТГ-ыг байгуулж, НҮБ-ын конвенцод төрийн хяналт шалгалтын тогтолцоог нийцүүлснээрээ, хууль зөрчигчдийг мөрддөг байгууллагатай болсноороо эрх мэдлээ урвуулж, татвар төлөгчдийн хөрөнгийг баяжих хэрэгсэл болгосон албан тушаалтнуудад бага ч атугай даруулга бий болсон нь үнэн. Энэ байгууллага сүүлийн жилүүдэд үр дүнтэй ажиллаж, татвар төлөгчдийн улсдаа тушаасан мөнгөөр тансаглаж, түүнийгээ угааж, гадаадад гаргасан хөрөнгийг илрүүлэн эх орондоо эргүүлж авах, хариуцлага хүлээлгэж буйгаа ард түмэнд мэдрүүлсэн. Тэдний хийсэн ажлын үр дүнд төрийн өндөр албан тушаалтнууд мөнгө угааж, гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй болж, хадгаламж нээн мартсан байсныг эх орондоо авчирч улсын төсөвт оруулах боломж бүрдүүллээ. Түүгээр зогсохгүй шүүгч, өмгөөлөгч нарын авлигаар хэрэг шийддэгийн илрэл, хээл хахуулийн гол объект болсон ордыг төрийн мэдэлд авч, тэндээс олборлосон ашигт малтмалаас олсон орлогоороо ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг ч дарав. Тэгэхээр цаашид АТГ-ын хийж буй төрийн хяналт шалгалтыг улам бүр бэхжүүлэх, хууль зөрчихийг санаархагч албан тушаалтнуудад АТГ гэдэг хазаар бий шүү гэдгийг өдөр бүр сануулж байх нь зүйд нийцэх биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа