Израйлын алмазны магнат Бени Штайнметцын холбогдсон авлигын хэргийн шүүх хурал Женев хотод болно

A- A A+
Израйлын алмазны магнат Бени Штайнметцын холбогдсон авлигын хэргийн шүүх хурал Женев хотод болно

Урт хугацааны туршид олон улсын хэмжээнд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Франц-Израил гаралтай алмазны магнат Бени Штайнметцад холбогдох авлигын гэмт хэргийн шүүх хурал дараа долоо хоногт Женев хотод болохоор товлогджээ.

Даваа гарагт эхэлж хоёр долоо хоногийн турш үргэлжлэх энэ шүүх хурлаар Гвиней Улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах зорилгоор тус улсын төрийн өндөр албан тушаалтнуудад олон сая ам.долларын хахууль өгсөн үйлдлийг шүүн таслах юм. 64 настай тэрбумтан, бизнесмен Бени Штайнметц нь шүүх хуралд оролцохоор Израйлаас Швейцарт ирсэн хэмээн түүний өмгөөлөгч Марк Боннант мэдэгджээ.

Зургаан жилийн турш хэд хэдэн улс орныг хамран үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Женевийн Прокурорын газраас Бений Штайнметцыг Гвиней Улсын уул уурхайн тусгай зөвшөөрөл авах зорилгоор төрийн албан хаагчдад хахууль өгсөн болон хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2019 оны 8 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн байна.

Швейцарын прокурорууд Штайнметц болон түүний хоёр хамтрагчийг дэлхийн хамгийн том ашиглагдаагүй төмрийн хүдрийн орд байдаг Симандоу мужид уул уурхайн тусгай зөвшөөрөл авах зорилгоор Гвиней Улсын Ерөнхийлөгч асан Лансан Контегийн эхнэр болон холбогдох бусад этгээдэд хээл хахууль өгсөн хэрэгт гэм буруутайд тооцжээ.

Бени Штайнметц өөрт нь тулгаж байгаа авлигын гэмт хэргийг үндэслэлгүй бөгөөд түүнийг хохироох гэсэн улс төрийн дайснуудын үйлдэл хэмээн мэдэгдэж байв.

Прокурорын газраас түүнийг Швейцарын банкны дансаар дамжуулан 10 сая гаруй ам.долларын хахууль өгсөн бөгөөд 2008 онд уул уурхайн тусгай зөвшөөрөл авсан талаар мэдээлжээ.

   

Эх сурвалж