Авлигад боломж олгогчдыг шахан гаргах гурван арга хэмжээ

A- A A+
Авлигад боломж олгогчдыг шахан гаргах гурван арга хэмжээ

Авлига авсан албан тушаалтнуудын авлигын мөнгийг нуух хамгийн түгээмэл арга бол “оффшор компани” ашиглах явдал юм. Энд яригдаж буй "оффшор компани" нь компани, итгэлцлийн сан эсвэл бусад хуулийн этгээдийн хэлбэртэй байж болно. Өөр бусад улсын хууль тогтоомжоор зохицуулагддаг тул үүнийг “эргийн гадна”, “хилийн чанадад” гэсэн утгатай “оффшор” гэдэг үгээр нэрлэдэг. Авлигад авсан буюу хулгайлсан хөрөнгө, түүгээр худалдаж авсан хөрөнгийг хилийн чанад дахь буюу оффшор байгууллагын нэр дээр бүртгүүлдэг.

Авлига авсан албан тушаалтан оффшор компани байгуулахын тулд өмчлөлийг далдлах чиглэлээр мэргэшсэн хүнд ханддаг. Энэхүү мэргэшсэн хүмүүс нь өмгөөлөгч, нягтлан бодогч эсвэл бусад мэргэжилтэн байдаг ба компани, итгэлцлийн сангийн эрх зүйн мэдлэгтэй төдийгүй тэдгээрийн жинхэнэ өмчлөгчийг хэрхэн нуухыг мэддэг хүн байдаг. Авлигатай тэмцэгчид эдгээр зуучлагчдыг "боломж олгогч" гэж нэрлэсэн бөгөөд тэдний тусламжтайгаар албан тушаалтнууд авсан авлигаа ашиглах боломжтой болдог тул тэднийг “авлигад боломж олгогч” гэх болсон. Авлигыг “боломж олгогч”-ийн оролцоотой нийтлэг зураглалыг доорх диаграммд харуулав.

А улсын албан тушаалтан хөрөнгөө нуухын тулд эхлээд “боломж олгогч” хөлсөлж, ажиллуулна. А улсад үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэнг “боломж олгогч” болгон хөлслөн ажиллуулж болох боловч өөр улсад үйл ажиллагаа эрхэлдэг хүнийг ажиллуулах нь өөрийн улсын эрх бүхий байгууллагад хууль зөрчсөн үйлдлээ мэдэгдэхгүй байлгахад илүү дөхөмтэй байдаг. Дээрх диаграммд харуулсан боломж олгогч нь Б улсад (энэ нь ихэвчлэн баян чинээлэг улс байдаг) харъяалагддаг бөгөөд улмаар хилийн чанадын буюу оффшор компанийг үүсгэн байгуулсан байна. Энэхүү “боломж олгогч” нь оффшор компанийг өөрийн улсад байгуулж болох хэдий ч дээрхийн нэгэн адил мөрдөн шалгагчдад аль болох мэдэгдэхгүй байлгах үүднээс уг компанийг Г улсад байгуулсан байна. Дээрх диаграммаас харахад тухайн нэргүй компани (эсвэл халхавч компани – улс бүрт янз бүрийн нэршил ашигладаг) нь дөрөв дэх улсын банканд данс нээлгэж мөнгө байршуулах болон үл хөдлөх хөрөнгө, магадгүй урлагийн бүтээл эсвэл бусад хөдлөх хөрөнгө худалдаж авах болно.

Боломж олгогч нь нэргүй компани байгуулахыг зөвшөөрдөг эсвэл жинхэнэ буюу эцсийн өмчлөгчийн мэдээллийг тодруулах шаарддаггүй улс орныг мэддэг. (Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөх хэрээр ийм улс орнуудын нэрсийн жагсаалт байнга өөрчлөгдөж байдаг.) Түүнчлэн “боломж олгогч” нь компанийн жинхэнэ эзнийг асуухгүйгээр компанийн нэр дээр данс нээлгэх боломжтой банкуудтай холбоо тогтооно. Мөн “боломж олгогч” нь ямар нэгэн нэмэлт мэдээлэл шаардалгүйгээр түүний байгуулсан нэргүй компанид үнэтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах боломжтой борлуулагч буюу үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, эртний болон дүрслэх урлагийн борлуулагчидтай ихэвчлэн танил байдаг.

Дээрх диаграмаас харахад авлига авсан албан тушаалтан компанийн дансаар дамжуулан гүйлгээ хийхэд илүү хялбар болж байна. Энэ нөхцөлд тухайн албан тушаалтан хулгайлсан зүйлээ нуух аюулгүй газартай болохоос гадна цаашид авах хээл хахуулийг уг нэргүй компанийн дансанд шууд байршуулах замаар илүү хялбар арга замыг бий болгож байна. Нэргүй компанийн дансанд мөнгө орсны дараа тус компанийн нэр дээр олгосон кредит карт эсвэл АТМ-аар дамжуулан тухайн албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүд авч зарцуулах боломжтой болно.

Авлигыг таслан зогсоох чухал алхам бол авлигын “боломж олгогч”-той хатуу тэмцэх явдал юм. Хээл хахууль авах, төсвийн хөрөнгийг завших гэсэн хүмүүс хулгайлсан зүйлээ нуух аргагүй байсан бол олон нийтийн хөрөнгийг дээрэмдэх магадлал бага байх байсан. Авлигад “боломж олгогч”-дын үйл ажиллагааг зогсоох гурван арга замыг энд тодорхойлов.

1.    БҮХ БОЛОМЖ ОЛГОГЧИЙГ МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ

Мөнгө угаах нь хууль бусаар олж авсан мөнгөний гарал үүслийг нуун дарагдуулах явдал юм. НҮБАЭК нь энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг гишүүн улсуудаас шаарддаг боловч үүнийг нь цөөхөн хэдэн улс ажил хэрэг болгосон байна. Нийтийн албан тушаалтанд хулгайлсан мөнгийг нь нуухад тусалдаг хүн мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг. Гэхдээ маш олон улс оронд “боломж олгогч”-д ял шийтгэл хүлээхээс айдаггүй. Хэрэв тэдний үйлдлийг илрүүлбэл уг хөрөнгийг хулгайлсан байсныг мэдээгүй бөгөөд тэд үйлчлүүлэгчийн хүсэлтээр зөвхөн компани байгуулж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан эсвэл бусад гүйлгээ хийсэн гэж мэдүүлэх болно. Тэд хөрөнгийг хулгайлсан гэж огт мэдээгүй гэх болно. Эрүүгийн ял шийтгэлийн хувьд шүүгдэгч өөрийн үйлдэл буруу болохыг мэдсэн байхыг шаарддаг тул эрүүгийн ял шийтгэлгүй өнгөрч болзошгүй байгаа бөгөөд “боломж олгогч”-д хөрөнгийн эх сурвалжийг харуулах боломжгүй болгох арга хэмжээ ч авч болзошгүй байдаг.

Бараг хорин жилийн турш Санхүүгийн арга хэмжээ авах бүлэг (ФАТФ) дээрх хамгаалалтыг зогсоох хууль тогтоомж гаргахыг уриалж байна. Нийтийн албанд ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүн эсвэл ойрын хамтрагчийн зүгээс мэргэжлийн хүнд хандан мөнгө санхүүтэй холбоотой үйлчилгээ авахыг хүссэн нөхцөлд уг хөрөнгийн эх сурвалжийг нарийн шалгаж үзэхийг шаардсан хууль тогтоомжтой байхыг ФАТФ зөвлөдөг. Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийн дагуу мэргэжлийн хүмүүс дээр дурдсан этгээдүүдийн хөрөнгийг нягтлан шалгах нь “боломж олгогч” өөрийгөө хэргээс зайлуулах хамгаалалтыг үгүй хийх болно. Хуулийн дагуу мэргэжлийн хүмүүс хөрөнгийн эх сурвалжийг мэдэж байх ёстой болж байгаа ба хэрэв  хөрөнгийн эх сурвалжийг мэдэхгүй бол шийтгэл хүлээлгэх болно. Түүнчлэн ФАТФ- ийн зөвлөснөөр  дээр дурдсан улс төрийн нөлөө бүхий этгээдийн хийж буй гүйлгээг байнга хянаж, сэжигтэй санагдсан гүйлгээг мэдээлэх үүргийг мэргэжлийн хүмүүс хүлээх хэрэгтэй юм.

Шаардлагатай үед нягтлан шалгах тухай ФАТФ-ийн 22-р зөвлөмж, сэжиг бүхий гүйлгээг мэдээлэхийг 23-р зөвлөмжид оруулсан. ФАТФ-ийн зөвлөмжийг дагаж мөрдөх эсэх нь аливаа улс орны төрийн зүгээс гаргасан амлалт, мөнгө угаахтэй тэмцэх хүсэл эрмэлзлээс хамаарна. Энэхүү зөвлөмжийн хэрэгжилтийг улс орнуудын засгийн газруудын зүгээс хэрэгжүүлэх хөндлөнгийн үнэлгээгээр үечлэн хянана. Уг хяналт шалгалтаар ямар нэгэн улс дээрх зөвлөмжийг дагаж мөрдөөгүй нь тогтоогдвол уг улсад олон улсын болон дотоодын шахалтыг үзүүлэх болно.

Харамсалтай нь Австрали, Канад, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, АНУ гэсэн Их 20 (G20)-ийн дөрвөн гишүүн улс эдгээр зөвлөмжийг биелүүлэхээс татгалзсан тул ФАТФ-ийн 22 ба 23-р зөвлөмжийн хувьд дээрх зохицуулалт бүрэн хэрэгжээгүй байна. ФАТФ-ийн гаргасан мэдээллээр дийлэнх улсууд энэ хоёр зөвлөмжийг хэсэгчлэн биелүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Дани улс хуульч, Сингапур улс үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийг мэргэжлийн хүн гэсэн ойлголтонд хамруулаагүй юм. Энэ нь эдгээр хүмүүсийн хувьд сэжигтэй гүйлгээг мэдээлээгүй эсвэл тайлагнаагүй бол хүлээлгэх шийтгэл нь хөнгөн байна гэсэн үг юм.

Бүх улс орнууд ФАТФ-ийн 22 ба 23-р зөвлөмжийг бүрэн дагаж мөрдөх хүртэл авлига авсан албан тушаалтнуудын засгийн газрын хөрөнгийг хулгайлахад хамсаатан болж, “боломж олгогч”-ийн үүрэг гүйцэтгэх хүн байсаар байх болно. НҮБ, ЭЗХАХБ, улс орнуудын төрийн байгууллагууд, олон улсын болон дотоодын бүлгүүд ФАТФ-ийн 22 ба 23-р зөвлөмжийг бүх улсууд бүрэн дагаж мөрдөхийг шаардах ёстой.

2.    ХӨРӨНГӨ НУУН ДАРАГДУУЛАХЫГ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОХ

ФАТФ-ийн 22 ба 23-р зөвлөмжийг улс орнууд хууль тогтоомжиндоо тусгахдаа тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг онцлох ёстой. Хулгайлагдсан хөрөнгө нь дийлэнхдээ дэлхийн хамгийн ядуу орнуудаас эх сурвалжтай байдаг тул тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэр буурч, хамгийн эмзэг иргэд хөсөр хаягддаг.

ФАТФ-ийн 22 ба 23-р зөвлөмжийг зөрчих нь зөвхөн өндөр хэмжээний торгууль, удаан хугацаагаар хорих ялаар шийтгэх ёстой гэмт хэрэг биш юм. Оффшор компанийн өмчлөгчийг хуурамчаар мэдээлэх эсвэл компанийн захирал, менежерийг мэдээлэхгүй байх нь хөрөнгийг нуух ажилд тус дэм болдог.

Авлига авсан албан тушаалтны хөрөнгийг нуун дарагдуулдаг хүмүүс бага ажиллаж, их хэмжээний цалин хөлс авдаг бөгөөд энэ нь зарим хүмүүс “боломж олгох" хүчтэй хөшүүрэг юм. “Боломж олгогч”-д шийтгэл оногдуулбал энэ байдал өөрчлөгдөх болно.

3.    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЛГЭЭНД МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГТОЙ ХАМГААЛАЛТААС ТАТГАЛЗАХ

НҮБ-ын гишүүн бүх улс орнуудад өмгөөлөгч, нотариатч, бусад эрх зүйн мэргэжилтэнтэй харилцах үйлчлүүлэгчийн харилцааг шүүх ажиллагаа болон гүйлгээний эрх зүйн асуудалтай холбоотой тохиолдолд хамгаалалтанд авдаг. Зарим улсад хууль эрхийн акт, зарим улсад шүүхийн шийдвэрийн дагуу хуульчид үйлчлүүлэгчийнхээ хэлсэн зүйл, өгсөн зөвлөгөөг бусдад мэдэгдэхийг хориглодог. Хууль ёсны энэхүү давуу эрхэд үндэслэлтэй шалтгаан байгаа боловч түүнийг зүй бусаар ашиглаж болзошгүй байдаг. Үүнээс үүдэн гардаг түгээмэл асуудал бол дээрх давуу эрхийг ашиглан компани байгуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх мэт хууль ёсны бус үйл ажиллагааг эрх бүхий байгууллагуудад мэдээлэхээс зайлсхийх явдал юм.

Тодорхойгүй боловсруулсан хууль тогтоомж болон хэт өргөн агуулгатай шүүхийн шийдвэр нь хуульч мэргэжилтэй “боломж олгогч” шийтгэлээс мултарч болзошгүй болж байна. Хуульч, нотариатч мэргэжилтэй “боломж олгогч” нь хуульчийн мэргэжлийн давуу эрхийг ашиглан мэдээлэхгүй байгаа байдлыг хууль тогтоомжийн үндсэн дээр төрийн байгууллагын зүгээс зогсоож чадахгүй.

Хуульчийн үйлчлүүлэгч хууль эрх зүйн хувьд давуу эрх эдлэх ёсгүй тодорхой үйл ажиллагаа байдаг тухайд олон улсын хамтын ойлголцлыг ФАТФ-ийн 22-р зөвлөмжид тусгасан байдаг. Үүнд дараах зүйлс багтана:

-Компани болон бусад хуулийн этгээд байгуулах;

-Бусад хуулийн этгээдтэй холбоотойгоор компанийн захирал, нарийн бичгийн дарга, итгэлцлийн сангийн гишүүн эсвэл ижил төстэй албан тушаал эрхлэх;

-Бусад хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг эсвэл түүнтэй адилтгах чиг үүргийг гүйцэтгэх;

-Өөр хүний нэрийн өмнөөс хувьцаа эзэмшигчийн үүрэг гүйцэтгэх;

-Дээр дурдсан үүргийн аль нэгийг өөр хүн хэрэгжүүлэхийг зохион байгуулах; эсвэл

-Бүртгэлтэй компаниар хангах; Өөрөөр хэлбэл компани, итгэлцлийн сан, бусад хуулийн этгээдийн хаяг, байр, захидал харилцаа, захиргааны хаягийг ашиглуулах;

Олон улсын сэтгүүлчдийн консорциум нь хууль ёсны давуу байдлыг урвуулан ашиглаж буй талаар Панамын баримт бичгээр мэдээлсэн. Маш олон өмгөөлөгч хөрөнгө нуусан схемийн тухайд мэдэгдэх хүсэлтэй байдаг. Авлига авсан сайдын хөрөнгийг нуун дарагдуулахад туслахын тулд Нью-Йоркийн олон нэр хүндтэй хуульчид глобал гэрч болгосны хариуд шуурхай арга хэмжээ авч байсан. Эдгээр жишээнүүд нь мэргэжилтнүүд гадны этгээдийн оролцоогүйгээр өөрсдөө зохицуулалт хийх хүсэл эрмэлзэлтай байгааг харуулж байна. Бүх улс орнууд санхүүгийн болон захиргааны ажилд мэргэжлийн давуу эрх олгохыг хориглосон хууль тогтоомж гаргах нь зүйтэй.

Эх сурвалж