Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хуудаснаа АТГ-ын 2020 оны ажлын тайлан танилцуулга нийтлэгдэх боллоо. Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэд, олон нийтэд ямагт нээлттэй, ил тод байх зарчмын дагуу тэдгээр мэдээллүүдээс онцолж сонгон, энэхүү нийтлэлийг бичив.
Авлигын эсрэг хуулиар заасан гол чухал ажил нь авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүрэг байдаг. Авлигын гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх, иргэдийг авлигатай тэмцэх арга барилд сургаж, энэ ажилд татан оролцуулахыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс хариуцан гүйцэтгэдэг юм. Тус хэлтсээс 2020 онд нэлээд даацтай ажиллаж, бодит үр дүн гаргажээ. Тухайлбал, импортын авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн төлбөрийг давхардуулан тогтоосон шийдвэрийг өөрчлүүлсэн байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд 30.4 тэрбум төгрөг төлөх байсныг таслан зогсоосон байна. Энэ шийдвэрийг гаргуулахын тулд хэд хэдэн удаагийн уулзалт хийж, ажлын хэсэг байгуулан тал бүрээс хэлэлцэв. Ард иргэдэд учирч болох байсан хохирлыг таслан зогсоох нь урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдол байдаг.
Тэгвэл авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах тал дээр АТГ юу хийв? Юуны өмнө 2020 онд авлигын улмаас 12.1 их наяд төгрөгийн хохирол учирсныг бид мэдэх хэрэгтэй болно. Энэ их хэмжээний мөнгөнөөс 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ. Өөрөөр хэлбэл, 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан гэсэн үг. Энэ тоо өмнөх оныхоос 3.1 дахин өссөн байна. Түүнээс гадна АТГ-ын мөрдөгч нар 10.1 их наяд төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, бэлэн мөнгө, үнэт цаасыг битүүмжлэн хамгаалаад байна.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажилд дэвшил гаргаж, хамгийн өндөр орлоготой 10 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг сугалан татварын байгууллагатай хамтран шалгажээ. Хөрөнгө, орлого нь өмнөх онуудаас хэт өссөн болон сүүлийн жилүүдэд давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудыг мөн энэ шалгалтад хамруулсан байна. Хамтарсан шалгалтаар 31.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд үүнээс 801.9 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акт одоогоор тавигдаад байгаа аж.
АТГ иргэдийн идэвх, хяналт, оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаагийн хувьд Шүгэл үлээгчийг дэмжих хуулийн төслийг боловсруулж, улмаар УИХ-д хүргүүлээд байна. Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газар, нутгийн захиргааны удирдлага, яамд, агентлаг зэрэг төрийн 20 байгууллагад 111 асуудлаар зөвлөмж хүргүүлж, өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг байнга хянаж ажиллав. Эдгээрээс онцлууштай нь цар тахалтай тэмцэх ажилд иргэд, аж ахуйн нэгжээс өгч байгаа хандивын зарцуулалтыг ил тод тайлагнах талаар Онцгой комисс болон эрүүл мэндийн байгууллагуудад хэд хэдэн удаа зөвлөмж, чиглэл өгсөн байна.
Энэ мэтээр хүнд суртлын талаарх гомдол, мэдээллийн мөрөөр төрийн 21 байгууллага, авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр Мөрдөгчийн мэдэгдэл авсан төрийн 11 байгууллагад очиж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулав. Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн 18 дүрэм, журмыг хянаж, 14 яам, 21 аймгийн албан ёсны цахим хуудсанд үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Үнэлгээнд хамрагдсан 34 байгууллагын 21 нь буюу 60-аас доош оноотой буюу хангалтгүй үнэлэгдсэн.
Соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд АТГ-аас авлигын эсрэг сургалтад 13820 хүнийг хамруулж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 20 удаагийн цахим сургалтыг хийв. Сургалтыг шинэлэг, бүтээлч болгох үүднээс 20 төрлийн сургалтын хөтөлбөр, модуль боловсруулж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нэвтрүүлээд байгаа юм байна. Авлигатай тэмцэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах зорилгоор иргэн, төрийн болон төрийн бус байгууллагатай 47 удаагийн уулзалт, ярилцлага хийж, 117 иргэн, байгууллагатай хамтран ажиллажээ.
Авлигын нийгмийн хор аюулыг иргэд, олон нийтэд ухуулан таниулах, тасралтгүй сурталчлах нь соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг онцлог юм. Энэ утгаараа 2020 онд АТГ-аас соён гэгээрүүлэх ажлыг нийгмийн салбар, бүлэг тус бүрээр ангилан авч үзэж, энэ дагуу тухайн салбар, бүлгийн онцлогт тохирсон агуулга, хэлбэрээр зохион байгууллаа. Ухуулга сурталчилгааг видео, зурагт хуудас, нугалбар, подкаст, үзүүлэн таниулах, радио контент, номын сангийн үйлчилгээ, мэдээллийн самбар, видео цахим хичээл, орон нутагт хүргэх, нийтийн тээвэр, гудамжны самбар, электрон дэлгэц, цахилгаан шат, нийтлэл, нэвтрүүлэг, сошиал орчин зэрэг уламжлалт болон шинэлэг төрөл жанраар бэлтгэн, түгээж ажиллав.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "New generation-No corruption" илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн, баруун таван аймгийн залуучуудын дунд “Орон нутгийн төсвийн ил тод байдал” хакатон, сурагчдын сошиал чээллэнж, “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аян, “Good Habits 20” дижитал чуулган, “Ковид ба авлига: Иргэдийн чөлөөт индэр” цахим хэлэлцүүлэг зэрэг олон нийтийг хамруулсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулжээ. АТГ-аас 2020 онд 243 хэвлэлийн мэдээ, 22 ярилцлага, нийтлэл, 23 видеографик, постер, “АТГ-ын мэдээлэл” нэвтрүүлэг 17 дугаар тус тус бэлтгэж, хэлтэс албадын дарга нар хэвлэлд 93 удаа яриа, тодруулга өгч, байгууллагынхаа цахим хуудсаар 712 мэдээ, мэдээлэл олон нийтэд хүргэсэн. “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк пэйж 31115 дагагчтай болсон бөгөөд Монголын хамгийн их хандалттай пэйжүүдийн 2-т эрэмбэлэгдсэн байна.
АТГ-аас төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээний судалгаа хийлгэж, дүнг танилцуулж мэдээлэв. Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ 74.1 гарчээ. Авлигын гэмт хэргийг илрүүлэхэд түлхэц, дэмжлэг болгох зорилгоор олон улсын байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр “Мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр, хууль бус мөнгийг илрүүлэх арга”, “Гадаад улсын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системээс мэдээлэл авах нь”, “Санхүүгийн хэмнэлттэйгээр авлигаас урьдчилан сэргийлэх нь”НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2, 5 дугаар хэсгүүдэд чиглэгдсэн сургалтуудыг зохион байгууллаа.
Улсын хэмжээнд хөрөнгө, орлогоо мэдүүлсэн 36832 албан тушаалтан, сонгуульд нэр дэвшсэн 606 хүний ХОМ-ийн хураангуйг www.xacxom.iaac.mn цахим хуудсанд нээлттэй байршуулж иргэд, олон нийтэд мэдээлж танилцуулав. Нийт 577 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй 7 албан тушаалтанд холбогдох үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шилжүүлэн шалгуулж байна. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл бүхий 704 гомдол, мэдээллийг хянан шалгасан. Нэгийг нь онцолбол, Монголбанкны албан тушаалтан банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч байхыг хориглосон нь хяналт шалгалтын ажлын үр дүн юм. Давхар ажил эрхлэлтийг хянах хүрээнд 8 яамны 1151 албан тушаалтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгаад зөрчилтэй байж болзошгүй 113 албан тушаалтныг нарийвчлан шалгав. Нийтийн албанд томилогдох 13030 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Гэмт хэргийн шинжтэй 1020 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 95.7 хувьтай байна. Хянан шийдвэрлэсэн гомдол мэдээлэл өмнөх оноос 14.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хуульд заасан харьяаллын 1535 үйлдэлтэй, 696 холбогдогчтой, 1331 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 236 хэргийг шилжүүлсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлт юм. 2020 онд авлига, албан тушаалын 114 эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нь өмнөх оноос 67.6 хувиар өссөн байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мөн төрийн удирдах албан тушаалтнуудын холбогдсон эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.
Т.МӨНХТУНГАЛАГ
2021.01.21.