Учирч болох байсан 30.4 тэрбум төгрөгийн хохирлыг таслан зогсоов

A- A A+
Учирч болох байсан 30.4 тэрбум төгрөгийн хохирлыг таслан зогсоов

Хүмүүс АТГ-ын мөрдөн шалгах ажлыг илүүтэй сонирхдог. Авлигачдыг шууд шийтгэх нь илүү чухал гэсэн нийгмийн хандлага хүчтэй байдгаас тэр байх.

Гэхдээ авлигаас урьдчилан сэргийлэх ажил нь мөрдөн шалгахаасаа илүү, бүр мянган хувь илүү чухал гэдгийг тэд ойлгодоггүй. Би өнөөдөр авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 онд хийсэн нэгэн томоохон ажлын талаар бичих гэж байна.

Төрийн байгууллагын удирдлагаас янз бүрийн дүрэм, журам батлан гаргаж, тэдгээрийг нийтээрээ дагаж мөрддөг. Гэтэл зарим дүрэм, журам нь хуулиас давсан байдаг бол зарим нь албан тушаалын эрх хэмжээг хэтрүүлсэн шинжтэй байдаг аж.

Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын нэг чухал нь төрийн албан тушаалтнуудын баталсан дүрэм, журмыг хянаж үзэх ажиллагаа юм. Хүнд суртал, чирэгдэл, шат дамжлага, авлига үүсгэсэн байж болзошгүй дүрэм, журмуудыг хянаж, хэрвээ тийм шинж агуулж байгаа бол хүчингүй болгохоор санал өгч таслан зогсоох нь АТГ-ын хуульд заасан нэг чиг үүрэг.

Энэ үүднээс АТГ-ын урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилтнууд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 376 дугаар тушаалаар батлагдсан журмыг хянаж үзжээ. Энэ нь “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” юм байна. Журамд “...Автотээврийн хэрэгслийн экспортлогч улсын экспортлохоос өмнөх үеийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт” гэсэн ганц өгүүлбэр нэмж тусгасан байв.

Ийм нэмэлт оруулах болсон шалтгаанаа зам, тээврийн салбарын албан тушаалтнууд “гадаад улсаас техникийн бүрэн бус, осол аваарт орсон автотээврийн хэрэгслийг манай улсад бүртгэхээс сэргийлэх ач холбогдолтой” гэж тайлбарласан байна. Гэсэн ч ингэж тайлбарласан албан тушаалтнууд нь Японы “Окаяама холу” гэдэг компанитай гэрээ байгуулахдаа Монгол Улс руу импортолдог автотээврийн хэрэгслийн экспортын өмнөх үеийн техникийн хяналтын үзлэг оношилгоо хийх, үзлэг хяналт дууссаны дараа бүртгэсэн мэдээллийн санг үнэ төлбөргүй ашиглуулах, гүйцэтгэснийг илтгэх баталгаат сертификатыг автотээврийн хэрэгсэл тус бүрд олгохоор болжээ.

Дээрх зохицуулалтын дагуу Япон улсаас авто машин нийлүүлэгч “Autocom” зэрэг хэд хэдэн компани техникийн хяналтын үзлэгийн төлбөрт нэг машинаас 20.000 иен буюу тухайн үеийн ханшаар 510.000 төгрөг авах болсон байна. Энэ нь Япон улсаас орж ирэх авто машины худалдах үнийг нэмэгдүүлж, Солонгос, Америк, Австрали зэрэг бусад улсаас орж ирсэн машинд хяналт тавих боломжгүй, үр дүнгүй шийдвэр болсон байна.  

“Ер нь цаашид техникийн бүрэн бус, осол аваарт орсон, удаан хугацаанд ашиглагдсан автотээврийн хэрэгслийг Монгол Улсад оруулж ирэхийг хориглох асуудлыг хэн нэг албан тушаалтны эрх хэмжээгээр биш дотоодын хууль тогтоомжоор нэг мөр шийдвэрлүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-аар зохицуулах бус харин Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах” тухай хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зохицуулах нь илүү зохистой юм” гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн бидэнд ярилаа.  

Хуулиас давсан, эрх хэмжээ хэтрүүлсэн дээрх шийдвэрийг судлан үзээд Зам, тээврийн хөгжлийн сайдад 2019 онд хугацаатай зөвлөмж хүргүүлж хяналт тавьж ажилласнаар Японы компанитай байгуулсан гэрээг цуцалж, иргэдэд учрах байсан санхүүгийн дарамтаас урьдчилан сэргийлсэн байна. АТГ-ын урьдчилан сэргийлэх чиглэлийн комиссаруудын ажлын үр дүнд импортоор орж ирж буй авто тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэгийг давхардуулан төлснөөр иргэд, аж ахуйн нэгжийн нуруунд жилд дунджаар 30.4 тэрбум төгрөгийн ачаа үүрэхээр байсныг илрүүлж таслан зогсоосон байна. 

Бид цаашид авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн буюу учирч болох байсан хохирлыг хэрхэн таслан зогсоосон талаар цувралаар мэдээлж нийтлэх болно. 

Т.МӨНХТУНГАЛАГ

2021.01.07.