Авлигын хохирогч хэн болохыг танин мэдэхүйд гарсан ахиц

A- A A+
Авлигын хохирогч хэн болохыг танин мэдэхүйд гарсан ахиц

Нью-Йоркийн Зүүн дүүрэг дэх Нэгдсэн Улсын дүүргийн шүүхийн шийдвэрээр хээл хахуулийн улмаас хохирсон компанийн хувьцаа эзэмшигчдийг "авлигын хохирогч" гэж тооцон, 135 сая долларын хохирлыг баталгаажуулсан захирамж гаргасан нь чухал жишиг тогтоосон билээ. Энэхүү шийдвэр, захирамжийг Foreign Corrupt Practices Act буюу Гадаадын авлигын хэргийн тухай хуулийг зөрчсөн OZ Africa Management компанийг яллах ажиллагааны үеэр гаргасан юм. АНУ-ын эрсдэлийг удирдах сангийн охин компани болох OZ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын ашигт малтмалын нөөцийг хянахын тулд Израилийн тэрбумтан Дэн Гэртлэрийн бий болгосон хээл хахуулийн схемд оролцсон гэм буруутай болохоо шүүхэд мэдүүлсэн билээ. Хэрэг хаагдахын босгон дээр хээл хахуулийн уршигаар ашигт малтмалын эрх нь үнэгүйдсэн Канадын Africo компанийн хувьцаа эзэмшигчид эрүүгийн хэргийн яллагдагч үйлдсэн хэргийнхээ хохирогчид нөхөн төлбөр олгохыг шаардсан хууль болох Mandatory Victim Restitution Act буюу Хохирогчийн эрхийг заавал сэргээх тухай хуулийн дагуу хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байдаг.

OZ болон хэргийн прокурорууд аль аль нь хувьцаа эзэмшигчдийн энэхүү нэхэмжлэлийг эсэргүүцэж байв. Хуульд заасны дагуу, нэхэмжлэл гаргасан хүмүүс гэмт хэргийн улмаас "шууд, зайлшгүй хохирсон" болохоо нотлон харуулах ёстой аж. Гэвч OZ-ийн хээл хахууль ба Africo-гийн хувьцаа эзэмшигчдэд учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоог бүдгэрүүлсэн хэд хэдэн үйл явдал болж өнгөрсөн байдаг. Эдгээр хөндлөнгийн үйл явдлууд л хувьцаа эзэмшигчдийг чухамдаа авлигын шууд бус хохирогч болгосон хэмээн засгийн газар болон OZ хоёулаа мэдэгдэв. Мөн аль ч тохиолдолд хохирол нь хээл хахуулиас хол хөндий байсан тул хээл хахууль тэдэнд шууд, зайлшгүй нөлөөлсөн гэж хэлэх боломжгүй байв. Эцэст нь, OZ хувьцаа эзэмшигчдэд учирсан хохирол болон уурхайг ашиглах боломжоо алдсаныг хялбар тодорхойлох боломжгүй хэмээн маргаж, хэрэгт холбогдолтой аливаа шийдвэрийг “төсөөлөл”, “таамаглал” гэж үзэв.

Авлигын хор уршгийг илчлэн харуулахад тулгарч буй гол бэрхшээл бол "шууд"(direct) ба "зайлшгүй"(proximately) шалтгаан бөгөөд хохирлыг нарийвчлан тооцоолох нь зөвхөн Америкийн хууль тогтоомжийн дагуу авлигын нөхөн төлбөр авахыг хүсч буй хүмүүст саад тотгор болж буй зүйл хараахан биш юм. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 35 дугаар зүйлд заасны дагуу дэлхийн бүх улс оронд авлигын гэмт хэргийн хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн барагдуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй боловч хохирогчид хохирол барагдуулах нэхэмжлэл гаргадаггүйн үндсэн шалтгаан хэмээн эдгээрийг эш татсаар ирсэн билээ. OZ Africa Management-ийн шүүх хурал нь зөвхөн АНУ-ын хуулийг сурталчилан таниулсан явдал болсон төдийгүй түүний үндэслэл нь иргэд нь авлигын улмаас хохирсон тохиолдолд хохирлыг барагдуулах жишгийг бусад улсын шүүхэд санал болгож буй юм.

Авлигын бүдүүвч

Africo-ийн хувьцаа эзэмшигчдийг хохироосон авлигын хэрэг 2006 оноос эхэлсэн юм. Africo-гийн нэгэн хуучин ажилтан тус улсын зүүн өмнөд хэсэгт орших зэс, кобальтын баялаг судал бүхий Калукунди уурхайн Africo-гийн эзэмшдэг хувийг өөртөө шилжүүлэх нууц шийдвэрийг Конго улсын шүүхээс авлигын аргаар гаргуулав. Africo 2007 оны 4-р сард уг шүүхийн шийдвэрийн талаар мэдсэн даруйдаа хүчингүй болгуулахаарнэхэмжлэл гаргасан байдаг. Уг уурхай тус компанийн цорын ганц чухал хөрөнгө байсан бөгөөд эрх нь сэргэх хүртэл уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд бэрхшээл тулгарсан байна. 

Africo-гийн нэхэмжлэл БНАКУ-ын шүүхүүдээр дамжин явж байх тэр үед OZ тус улсын ерөнхийлөгч Лорэнс Кабилагийн итгэлийг олсон хүн болох Гэртлэрийн үндэстний эрдэс баялгийн давуу эрх олж авахын тулд байгуулсан корпорацид хөрөнгө оруулж эхэлсэн байдаг. Төлөвлөгөөнд Калукунди уурхайд хяналтаа тогтоох явдал багтсан байсан бөгөөд OZ Africa үйл явцад оролцож эхлэхийн өмнө хийсэн эхний алхам нь мөнөөх хуучин ажилтанд нууц тогтоолыг гаргуулахын тулд БНАКУ-ын шүүгчдийг хахуульдах явдал байв. OZ Africa хөрөнгө оруулагч болсны дараа ч авлига үргэлжилсэн юм. Гэртлэр Africo-гийн нэхэмжлэлийг гацааж удаашруулахын зэрэгцээ Africo-г өөрийн болгохоор тохиролцохын тулд шүүгч, шүүхийн ажилтнууд болон БНАКУ-ын ерөнхий прокурор нарыг хахуульдахад OZ-ийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг ашигласан байдаг. Дампууралд хүргэж болзошгүй бэлэн мөнгөний хямралтай тулгарсан тул хожим Калукундигийн үйл ажиллагааг гацаахад ашигласан хяналтын багцыг түүнд (Гэртлэрт) зарахаас өөр сонголт Africo-д үлдээгүй байна.

Хувьцаа эзэмшигчид хохирсон шалтгаан

Авлигын улмаас Калукундигийн үйл ажиллагаа уналтад орсон тул түүнээс хүртэх байсан бүхий л ашгаа алдсан гэдэг нь хувь нийлүүлэгчдийн хохирлын нэхэмжлэлийн гол утга санаа байв. Хохирол нь ашиглагдаагүй байгаа уурхайн өнөөгийн үнэ цэн болон хэрвээ ашигласан бол ямар үнэ цэнтэй байх байснаас хамаарна хэмээн тэд үзсэн бөгөөд тус бүрийн тооцоо үнэлгээг хөлсний мэргэжилтнээр бэлтгүүлэн ирүүлсэн байв.

Шууд хохирол

Хувьцаа эзэмшигчдийн хүлээн зөвшөөрсний дагуу тэд өөрсдөө уурхайн эрхийг шууд эзэмшдэггүй байсан юм. Харин OZ-гийн материалуудаас авсан доорх зурагт үзүүлсэнчлэн Канадын нээлттэй хувьцаат компани болох Africo компанийн хувьцааг эзэмших байдлаар дам эзэмшиж байв. Энэ компани нь эргээд Конго улсын траст компанийн хувьцааг эзэмшдэг Канадын хувийн корпорацид хувьцаа эзэмшиж байв. Тэрхүү траст компани нь ашигт малтмалын орд газар дахь Калукунди уурхайг өмчлөх зөвшөөрөл бүхий Конгийн корпорацийн хувьцаа эзэмшигч байсан аж. Хувьцаа эзэмшигчдэд шууд хохирол учруулсан гэсэн аливаа нэхэмжлэлийг энэхүү өмчлөлийн урт гинжин хэлхээ үгүйсгэж байна хэмээн OZ маргаж байсан юм. Мөн Нэгдсэн Улсын хуулийн дагуу "корпорацийн хохирол нь хувьцаа эзэмшигчдэд “шууд” нөлөөлдөггүй, харин тэдэнд хэд дахин бага хохирол учруулдаг" хэмээн нотлон мэдэгдэж байв. 

Уурхайд оруулсан хувьцаа эзэмшигчдийн хувийг “биет бус” өмчлөх эрх гэж үзэн дээрх үндэслэлийг шүүхээс няцаав. Ингэснээр дээрх хээл хахууль нь хувьцаа эзэмшигчид болон уурхайн хоорондох зуучлагчдын урт гинжин хэлхээнд төдийгүй тэдний эрхийн үнэ цэнд "шууд" нөлөөлсөн гэж үзэхэд хүргэсэн юм. Гэвч хохирогчдын хохирлыг барагдуулах тухай хуульд юу ч байхгүй, энэ хууль нь биет бус өмчийн эрх эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзах агуулгатай гэдгийг шүүхээс сануулсан байна. Иймээс хувьцаа эзэмшигчид хээл хахуулийн улмаас "шууд хохирсон" болохоо албан ёсоор нотлох шаардлагатай нүүр тулав. 

Зайлшгүй шалтгаан

“Зайлшгүй шалтгаан” гэдэг нь нэг хүний үйлдэл нөгөө хүнд учирсан хохиролтой хангалттай холбоотой байгаа тохиолдолд тухайн үйлдлийг хийсэн этгээд хохирлыг хариуцах ёстой гэдгийг илэрхийлэхэд Америкийн хууль тогтоомжид  ашигладаг нэр томьёо. Энэ бол физикийн хуулиар тодорхойлогдсон бодит асуудал биш бөгөөд Америкийн хуулийг тайлбарлах байгууллагын тайлбарласны дагуу “логик, эрүүл саруул ухаан, шударга ёс, бодлого, жишгийг нэгэн зэрэг эргэцүүлсэн”-ий үндсэн дээр шийдвэрлэдэг асуудал юм. 

Прокурор OZ-ийн санхүүжүүлсэн хээл хахууль нь хувьцаа эзэмшигчдийн хохирлын зайлшгүй шалтгаан биш, тэдний алдагдлыг өдөөсөн хээл хахууль бол Калукунди дахь Africo-гийн эрхийг авах нууц шүүхийн шийдвэрийг худалдаж авсан явдал бөгөөд энэ нь OZ Гэртлэрт хөрөнгө оруулахаас өмнө болсон явдал гэж үзэж байв. Мөн хээл хахууль өгөхөөс өмнө ч Africo уурхайг ашиглах хөрөнгөгүй байсан, улмаар хангалттай санхүүжилт олж авахын тулд хяналтын багцаа зарах шаардлагатай болсон хэмээн OZ онцолж байв. Үүнээс гадна, хээл хахууль өгсний дараа өрнөсөн хэд хэдэн үйл явдал Калукунди уурхайг ашиглах эрхийн үнэ цэнд нөлөөлсөн, мөн иргэний дайн, эдийн засгийн уналт, орон нутгийн үймээн самуун зэрэг олон санамсаргүй тохиолдлууд ч үүнд нөлөөлөх боломжтой байсан. Товчхондоо, хээл хахууль ба алдагдлын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй гэж байв.

Эдгээр хөндлөнгийн үйл явдлууд зайлшгүй шалтгааныг үгүйсгэж байна гэдэгт шүүх автагдаагүй юм. Үүнээс гадна, хэдийгээр OZ нь Africo-гийн эрхийг анх хулгайлсны дараа холбогдсон ч уг хулгайн учруулсан хохирлыг хариуцах ёстой. Шүүгдэгч гэмт хэргийн хуйвалдаанд нэгэнт нэгдэн орсон тохиолдолд Америкийн хууль тогтоомжийн дагуу тэрээр хуйвалдааны бүхий л үйлдлийг хариуцах бөгөөд энэхүү зарчим нь гэмт хэргийн хуйвалдааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүргэж байна. Africo-гийн эрхийн анхны хулгай нь түүний санхүүгийн асуудлыг улам хурцатгасан боловч шаардлагатай санхүүжилт олж авахын тулд компанийн хяналтын багцыг зарахаас өөр аргагүй байдалд хүрсэн эсэхийг мэдэх арга байхгүй юм, гэвч “ямар ч тохиолдолд үйл ажиллагаагаа шударгаар явуулах боломжоо алдсан нь [хохирогчдын хохирлыг барагдуулах тухай хуулийн дагуу] нөхөн төлөгдөх хохирол мөн” хэмээн шүүхээс мэдэгдсэн байна.  Хэдийгээр шүүхээс батлан мэдэгдээгүй боловч энэ хэргийн явцад ер бусын их хэмжээний буюу Кабилад өгсөн 20 сая гаруй долларын авлигыг илрүүлсэн нь энэхүү зайлшгүй шалтгааныг олж тогтооход нөлөөлсөн байж болох юм. Учир нь, шүүгдэгчийн зан байдал хичнээн буруушаагдах тусам нэхэмжлэгчийн хохирлын зайлшгүй шалтгаан мөн гэж шүүх үзэх магадлал өндөр байдаг нь Америкийн иргэний эрхийн зөрчлийн эрх зүйд нийтлэг юм (эндээс үзнэ үү). Улс үндэстний удирдагч болон шүүх засаглалын системийн ялзралаас илүү буруушаагдах үйлдлийг төсөөлөхөд ч бэрх ажгуу.

Хохирлын хэмжээг тогтоох нь

Хувьцаа эзэмшигчид хээл хахуулийн улмаас алдагдсан байр сууриа сэргээж хохирлоо барагдуулах эрхтэй болов. Ингээд хохирлын хэмжээг тодорхойлохын тулд шинжээчид 2008-2018 оны хооронд хүдрийн үнэ хэрхэн өөрчлөгдсөн, хувьцааны ханш ямар байх байсан, мөн уурхайн ашиглалт, түүнээс олох байсан ашигт нөлөөлж болох байсан бусад хүчин зүйлийг тооцоолох шаардлагатай болсон байна. Засгийн газар хэд хэдэн үүрэг хүлээх болов. Шалтгаант холбоог бүдгэрүүлсэнтэй ижил тодорхойгүй байдал нь хувьцаа эзэмшигчдэд учирсан “төсөөллийн, таамаглалт”, “бодит бус” хохирлын хэмжээг тооцоолоход хүргэсэн хэмээн OZ маргаж байв.

Хувьцаа эзэмшигчдийн нөхөн төлүүлэх эрхтэй болсон хохирлын хэмжээг тооцоолох нь зарим талаар маш төвөгтэй ажил байсан ч энэ нь тэдний эрхийг нөхөн сэргээхээс шүүх татгалзах ёстой байсан гэсэн үг биш юм. Энэхүү нотолгоог шүүх хүчтэй үндэслэлээр няцаасан байдаг. Хохирлыг яв цав тогтооход хөндлөнгийн бэрхшээл учирч байгаа тохиолдолд үндэслэл бүхий тооцоо хангалттай болохыг Америкийн хууль тогтоомжид тодорхой хуульчилсан байдаг. АНУ-ын Дээд шүүхийн 1931 оны шийдвэрт тайлбарласнаар:

“Иргэний эрхийн зөрчил нь өөрөө хохирлын хэмжээг баттай тогтооход саад учруулах шинж чанартай байгаа бол, хэдийгээр барагцаалж буй боловч, нотлох баримт хохирлын хэмжээг шударга, үндэслэлтэй илэрхийлж байгаа тохиолдолд хангалттай байна.

Гэм буруутай этгээд өөрөө хохирлын хэмжээг тооцох үүрэг хариуцлага хүлээснээс бусад тохиолдолд хохирлын хэмжээг нарийвчлан гаргах боломжгүй гэж гомдол гаргах эрхгүй”

Шүүхийн шийдвэрийн сайн үндэслэл хийгээд Америкийн хэргүүдийг мөрдөхөд ямарваа байдлаар хязгаарлалт болохгүйгээс бусдаар OZ Africa Management-ийн шүүхийн шийдвэрт онцгой зүйл байхгүй байж магадгүй юм. Шүүхээс авлигын хор уршгийг бодитойгоор үнэлж, хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид бичсэн байдаг. Хээл хахууль болон авлигын бусад хэлбэрээр хохирсон хүмүүс хохирлоо барагдуулахыг хүссэн тохиолдолд аливаа шүүх уг Конвенцийн хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой.

Эх сурвалж