Трампын захиргаа уул уурхайн магнат Гэртлэрт тавьсан хориг арга хэмжээг зөөлрүүлжээ

A- A A+
Трампын захиргаа уул уурхайн магнат Гэртлэрт тавьсан хориг арга хэмжээг зөөлрүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа албан тушаалынхаа сүүлчийн долоо хоногт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)-д авлигын хэрэгт буруутгагдсан Израилийн уул уурхайн магнат Дэн Гэртлэрийн эсрэг тавьсан хориг арга хэмжээг АНУ-ын Сангийн яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу зөөлрүүлсэн байна.

Олон нийтэд дэлгэгдээгүй энэхүү зөвшөөрлийг Сангийн яамны Гадаад активыг хянах газар (ГАХГ) олгосон болохыг 1 дүгээр сарын 15-ны өдөр Гэртлэрийн өмгөөлөгчид бичсэн захидлыг нь олж авсан Вашингтонд байрладаг авлигын эсрэг The Sentry групп олж мэдсэнийг Ройтерс мэдээллийн агентлаг лавласан байна.

Яагаад энэхүү зөвшөөрлийг олгосон нь тодорхойгүй байгаа юм. Гэртлэрийн хэвлэлийн төлөөлөгч энэ алхамыг нааштай хүлээж авсан боловч хээл хахуулийн эсрэг тэмцэгчид Ерөнхийлөгч Жо Байдены Сангийн яамнаас зөвшөөрлийг цуцлахыг уриалав. 

Сангийн яамны төлөөлөгчийн хэлснээр Байдены засаг захиргаа энэхүү арга хэмжээг мэдэж байсан ажээ. Гэвч үүнийг буцаах эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Гэртлэрыг БНАКУ-ын экс Ерөнхийлөгч Жозеф Кабилатай үүсгэсэн нөхөрлөлөө ашиглан тэрбум гаруй долларын үнэтэй ашигт малтмалын нууц гэрээ байгуулсан хэмээн буруутгаж, Сангийн яамнаас 2017 оны арванхоёрдугаар сард болон 2018 оны зургадугаар сард хориг тавьсан байдаг.

Энэхүү хориг арга хэмжээ нь Гэртлэрийг АНУ-ын иргэн, аж ахуйн нэгж, банкуудтай бизнес эрхлэх, доллараар гүйлгээ хийхийг хориглосон байсан юм.

Гэртлэр аливаа буруутай үйлдлээ үргэлж үгүйсгэсээр ирсэн ба БНАКУ-д оруулсан хөрөнгө оруулалт нь тус улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг.

Дээрх зөвшөөрөл нь Гэртлэрийг хоригоос бүрмөсөн гаргаж буй хэрэг биш бөгөөд түүний хамтрагч болон 30 гаруй компанийг нь хориг арга хэмжээний жагсаалтаас хасаагүй, харин түүний эсрэг авсан хориг арга хэмжээгээр хориглосноос бусад “бүх гүйлгээ болон үйл ажиллагаа” -г 2022 оны 1-р сарын 31-ний өдөр хүртэл зөвшөөрч байгаа юм. 

Түүнчлэн 90 хоног тутам санхүүгийн үйл ажиллагааны талаарх нарийвчилсан тайлангаа ГАХГ-т ирүүлж байхыг шаардаж байна.

“Ноён Гэртлэр бизнес болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нээсэн зөвшөөрөл олгосонд ГАХГ-т талархаж байна”, “Тэрээр тайлагнах шаардлагыг талархан хүлээн авч, шилдэг хяналтын багийн хараан дор түүний бүхий л үйл ажиллагаа ГАХГ-ын зөвшөөрөл, хууль тогтоомжийн агуулга, үзэл баримтлалд бүрэн нийцэж байгааг харуулахыг хүсэж байна" хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэлдээ дурджээ.

Харин The Sentry-ийн гүйцэтгэх захирал, Сангийн яамны ажилтан асан Брэд Брүүкс-Рүбин "геостратегийн болон үндэсний аюулгүй байдлын тодорхой зорилгогүй"-гээр зөвшөөрөл олгосон гэж мэдэгджээ. Мөн тэрээр “Өршөөл үзүүлэх болон зохицуулалтын өөрчлөлтийг нээлттэй хийхээс, эсвэл, Сангийн яамны хориг арга хэмжээг цуцлах ердийн аргуудаас ялгаатай нь, үүнийг олон нийтэд төдийгүй, засгийн газрын олон мэргэжлийн хүмүүст ч хаалттай хаалганы цаана хийсэн” гэж хэлсэн байна.

Sentry Байдены Сангийн яамыг энэхүү зөвшөөрлийг цуцлахыг уриалж байгаа юм.

2018 онд Конгресст ирүүлсэн мэдээллийн маягтаас харахад өнгөрсөн онд Сенатын өмнө Трампыг төлөөлж импичментийн анхны шүүх хуралд оролцсон Алан Дершовиц Гэртлэрийн өмнөөс ГАХГ-ыг лоббидсон хуульчдын нэг байжээ.

Дершовиц цахим шуудангаар тайлбар авах хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.  

 

Эх сурвалж