Удирдах албан тушаалтны холбогдон шалгагдаж буй авлигын гэмт хэрэг нь компанийн үйл ажиллагаанд хамааралгүй талаар "Тенсент" компани мэдээлэв

A- A A+
Удирдах албан тушаалтны холбогдон шалгагдаж буй авлигын гэмт хэрэг нь компанийн үйл ажиллагаанд хамааралгүй талаар

Хятадын технологийн салбарын томоохон компани болох “Тенсент Холдинг” компанийн удирдах албан тушаалтны холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж буй авлигын гэмт хэрэг нь компанийн үйл ажиллагаанд хамааралгүй талаар тус компаниас мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус авлигын хэрэг нь цахим сүлжээний алдартай програм болох “Вичат” дахь хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад түгээсэн байж болзошгүй үйлдэлтэй холбогдолтой талаар мэдээлсэн бөгөөд тус компаниас ийнхүү тайлбар өгсөн байна.  

Бээжингийн удирдлагууд өмнө нь дотоодын интернет платформуудад ийнхүү хяналт шалгалт хийж  байгаагүй бөгөөд одоогоор технологийн салбарын шилдэг мэргэжилтнүүд  болон хувийн салбарын тэргүүлэх компаниудын мэдээллийн нууцлалын тухай зохицуулалт зөрчсөн байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа юм.

Хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах тухай зохицуулалтыг зөрчсөн ямар нэгэн үйлдэл нь олон жилийн дараагаар анх удаа хатуу хянан шалгагдаж буй дотоодын технологийн компаниудад ихээхэн хүндрэл учруулах нь ойлгомжтой.

“Уолл Стрийт Журнал” хэвлэл мэдээллийн байгууллагаас “Тенсент” компанийн удирдах албан тушаалтан нь хууль сахиулагч төрийн өндөр албан тушаалтан асаны өндөр хэмжээний авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй талаар мэдээлсэн байна.

“Энэхүү авлигын хэрэг нь Вичат цахим сүлжээний програмтай ямар нэгэн холбоо хамааралгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” хэмээн “Тенсент” компани Ройтерс агентлагт мэдэгдэл хүргүүлжээ.

“Тенсент” компанийн удирдах албан тушаалтан Жан Фен нь 2020 оноос эхлэн “Вичат” програм хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад түгээсэн хэрэгт холбогдон Хятадын авлигатай тэмцэх байгууллагад шалгагдаж буй талаар “Уолл Стрийт Журнал” мэдээлсэн юм.  

Хэдийгээр “Тенсент” компаниас тус авлигын хэрэг  нь “Вичат” програмтай ямар нэгэн холбоо хамааралгүй талаар мэдээлсэн боловч холбогдох бусад тайлбар өгөөгүй байна.

“Энэ нь Бээжин өөрсдийн эрх мэдлийг технологийн томоохон компаниудад тогтоосон үйлдэл юм. Тус үйлдэл нь өмнө улс төрийн албан хаагчдын авлигын эсрэг үйл ажиллагааны үргэлжлэл мэт санагдаж байна.” хэмээн ЛайтСтрийм байгууллагын судлаач Мио Като мэдээлжээ.

Жан Фен нь Коммунист намын дүрмийг зөрчсөн хэргээр шалгагдаж буй Нийтийг аюулаас хамгаалах яамны дэд сайд асан Сүн Лижүнд “Вичат” програмын мэдээллийг өгсөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар “Уолл Стрийт Журнал” мэдээлсэн юм.

Мөрдөгчид Жан Фений өгсөн байж болзошгүй мэдээллийг шалгаж байгаа бөгөөд мөн Сүн Лижүний гэмт үйлдлийн зорилгыг мөрдөн шалгаж байна.

Хятадын технологийн салбарын компаниуд нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж тэдний хувийн мэдээллийг ашиглан бараа үйлчилгээ худалдах зэргээр бизнесээ өргөжүүлж буй үйлдэлд тус улсын хууль тогтоогчид болон төрийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

БНХАУ-ын дарга Ши Жинпиний хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд тус улсын технологийн компаниудыг авлигын хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа нэмэгджээ.

Энэ сарын эхээр 100 гаруй ажилтныг хахууль авсан, эд хөрөнгө шамшигдуулсан тул ажлаас халсан талаар “Тенсент” компаниас мөн мэдээлсэн байна.

“Уолл Стрийт Журнал”-ын мэдээллийн дараагаар 900 тэрбум гаруй ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Хонконг дахь хамгийн үнэ цэнэтэй компани болох “Тенсент”-ийн хувьцааны үнэлгээ 1.6 хувиар буурсан боловч удалгүй 0.5 хувиар өссөн байна.

Бээжингийн ойролцоо орших Жанжиакоу хотын захиргааны 2018 оны мэдэгдэлд Жан Фен нь тус компанийн дэд ерөнхийлөгч гэж тодорхойлогдсон боловч “Тенсент” компаниас түүнийг дэд ерөнхийлөгч болон удирдах албан тушаалтан биш хэмээн Ройтерс агентлагт мэдээлжээ.

 

Эх сурвалж