Видео бичлэг Украйн Улсын оюутан сурагчдын авлигын эсрэг үзэл бодолд нөлөөлж буй байдал

A- A A+
Видео бичлэг Украйн Улсын оюутан сурагчдын авлигын эсрэг үзэл бодолд нөлөөлж буй байдал

Аливаа улс орны хүүхэд, залуучуудын авлигын талаарх үзэл бодол тэдний ирээдүйн ажил хөдөлмөр, амьдралд ихээхэн нөлөөлөл үзүүлдэг бөгөөд авлигыг хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэх нь тухайн улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймээс оюутан, сурагчдад авлигын хор хөнөөлийг таниулах боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Швейцар Улсын Сэйнт Галлены их сургууль нь Украйн Улсын гурван мянга гаруй оюутан, сурагчдад тус хөтөлбөр хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа боловсруулсан байна.

Судалгаанд гурван төрлийн видео бичлэг ашиглажээ. Нэгдүгээр бичлэг нь 1 минут 4 секундийн урттай бөгөөд авлигаас шалтгаалан нийгэмд ур чадваргүй эмч бэлтгэгдэж, тухайн эмчийн ур чадварын алдаанаас шалтгаалан хүүхдийн эрүүл мэнд хохирч буй талаар харуулсан байна. Хоёрдугаар бичлэг нь 1 минут 14 секундийн урттай ба улс орны авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг сурвалжлагч тоон мэдээ үндэслэн тайлбарлаж буй бичлэг аж. Сүүлийн бичлэг нь 1 минут 38 секундийн урттай бөгөөд цахим орчноос хуулбарласан судалгааны материалыг өөрөө боловсруулсан мэтээр багшдаа хураалгаж буй оюутан сурагчийн талаар харуулсан байна.

Дээрх видео бичлэгүүд нь судалгаанд оролцогчдод дараах байдлаар нөлөөлөл үзүүлжээ.

1. Нэгдүгээр бичлэг нь судалгаанд оролцогчдод авлигын сөрөг нөлөөг үр дүнтэй таниулжээ. Судалгаанд оролцогчдоос авсан асуумжийн дагуу авлига нь гэмт хэрэг мөн гэх хариулт 5 хувиар, эрүүл мэндийн салбарт сөрөг нөлөө үзүүлж байна гэх хариулт 1 хувиар, Украйны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэх хариулт 10 хувиар тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн авлига нь мөнгө олох хэрэгсэл мөн гэх хариулт 1 хувиар, бага цалинтай албан хаагчийн мөнгө олох хэрэгсэл мөн гэх хариулт 10 хувиар тус тус буурсан болно.

2. Хоёрдугаар бичлэг нь судалгаанд оролцогчдын асуумжид дараах байдлаар нөлөөлжээ. Авлига нь шаардлагатай зүйл бөгөөд асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл мөн гэх хариулт 1 хувиар, бага цалинтай албан хаагчийн мөнгө олох хэрэгсэл мөн гэх хариулт 5 хувиар, амьдралын нэг хэсэг гэх хариулт 10 хувиар өссөн байна. Мөн авлига нь үндэстний онцлог чанар мөн гэх хариулт 5 хувиар буурчээ.

3. Гуравдугаар бичлэг нь судалгаанд оролцогчдын асуумжид бага зэргийн нөлөөлөл үзүүлжээ. Авлига нь гэмт хэрэг мөн гэх хариулт 5 хувиар нэмэгдсэн бол авлига нь шаардлагатай зүйл мөн гэх хариулт 10 хувиар буурсан байна.

Дүгнэхэд, нэгдүгээр видео бичлэг нь бусад бичлэгтэй харьцуулахад оюутан сурагчдад авлигын хор хөнөөлийг үр дүнтэй таниулж, авлига нь гэмт хэрэг бөгөөд хэрхэн шууд бусаар хүний амьдралд сөргөөр нөлөөлж буйг ойлгуулсан байна. Хоёрдугаар видео бичлэг нь мэдээлэл өгөх байдлаар авлигын хор хөнөөлийг судалгаанд оролцогчдод тайлбарласан боловч оюутан сурагчдын авлигыг жигших үзэл бодлыг нэмэгдүүлэх бус харин эсрэгээрээ авлигын талаар эерэг сэтгэгдэл үлдээсэн болно. Гуравдугаар бичлэг нь судалгаанд оролцогчдод төдийлөн нөлөөлөл үзүүлээгүй юм. Төрийн албан хаагчид хахууль өгөх зэрэг бидний амьдралд тохиолдох боломжтой жишээ авч сэтгэл хөдөлгөсөн видео бичлэг ашиглаж авлигын сөрөг нөлөөг оюутан, сурагчдад таниулах нь ихээхэн үр дүнтэй болохыг судалгааны үр дүн харуулж байна.

Эх сурвалж