Өмнөд Африкийн засгийг тэргүүлэгч Африкийн үндэсний конгресс намаас авлигад автсан улс төрчид хатуу арга хэмжээ авахаа зарлав.

A- A A+
Өмнөд Африкийн засгийг тэргүүлэгч Африкийн үндэсний конгресс намаас авлигад автсан улс төрчид хатуу арга хэмжээ авахаа зарлав.

Хээл хахуулийн эсрэг тус намын байр суурь иргэдийн итгэлийг дээшлүүлнэ хэмээн шинжээчид үзэж байна. Авлига болон бусад ноцтой гэмт хэрэгт холбогдсон ч огцрох хүсэлгүй байгаа намын удирдлагуудаа түдгэлзүүлэхээ Африкийн үндэсний конгресс намаас мягмар гаригт мэдэгдсэн байна. Мөн Үндэсний ажлын хорооноос дээрх шийдвэрт хамааралтай бүх гишүүдэд албан захиа хүргүүлэхээ мэдэгдээд байна.

Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дотор тус намын өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг, намын нөлөө бүхий улс төрч, намын ерөнхий нарийн бичгийн дарга Асэ Магшуле багтсан байна.

Фри стэйт мужийн ядуусын хорооллын байшингуудаас нурангийн чулуу зайлуулах 15 сая долларын гэрээтэй холбон 2009-2018 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Магашулэг буруутгаж байгаа аж. Тэрээр өөрийгөө авлигын асуудалд хамааралгүй гэж мэдэгдсэн.

Африкийн үндэсний конгресс намын Гүйцэтгэх зөвлөлийн гуравдугаар сарын 26-29-нд болж өнгөрсөн хуралдаанаас авлига болон бусад ноцтой гэмт хэрэгт холбогдсон намын гишүүн албан тушаалаас чөлөөлөгдөх тухай тогтоол гарсан байна. Гэтэл тус намын зарим албан тушаалтнууд уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа бөгөөд үүнд Магашулэ ч багтсан.

Африкийн үндэсний конгресс намын Ёс зүйн хороо өнгөрсөн жил Магашулэгийн холбогдсон авлигын хэрэг шийдвэрлэгдэх хүртэл албан тушаалаа өгөхийг түүнд зөвлөж байсан.

Намын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой ба биелүүлээгүй албан тушаалтанг огцруулна хэмээн мэдэгдсэн. Арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэн, Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй эдийн засаг бүхий улсад ардчилал авчирсан тус нам засгийн эрхийг 1994 оноос хойш барьж байгаа бөгөөд намын хэд хэдэн албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон нь тус намын нэр хүндийг унагаж байгаа аж.

Авлигын хувьд тус намын баримталж буй хатуу байр суурь нь орон нутгийн сонгуулийн өмнө өөрийн эгнээг ужиг болсон авлигын асуудлаас салгах, олон нийтийн дэмжлэгийг олж авах алхам хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж