Эль Сальвадорын ерөнхийлөгч “засгийн эрхийг дангаар авах төрийн эргэлт” хийв. Бий болж буй авлига, дарангуйллыг ажиглая

A- A A+
Эль Сальвадорын ерөнхийлөгч “засгийн эрхийг дангаар авах төрийн эргэлт” хийв. Бий болж буй авлига, дарангуйллыг ажиглая

Нийтлэлийг: Харвард Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг горилогч Мануэл Мелендез-Санчэс, Харвард Их сургуулийн засаглалын профессор, “Ардчилал хэрхэн мөхдөг вэ” номын хамтран зохиогч Стивен Левицки

Эл Сальвадорын 39 настай Ерөнхийлөгч Найб Букеле 5 дугаар сарын 1-нд Конгресс дахь дийлэнх олонх байдлаа ашиглан тус улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг ажлаас нь халав. Маргааш нь үнэнч хүмүүсээрээ солив. Ингэснээр нэг удаагийн үйлдлээр Букеле Салвадор Улсын төрийн гурван эрх мэдлийг бараг л бүхэлд нь олж авав.

Энэ бол сонгодог “autogolpe” буюу ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч төрийн бусад эрх мэдэлд халдан тараах эсхүл устгах үйл ажиллагаа буюу “засгийн эрхийг дангаар авах төрийн эргэлт” хийсэн ажиллагаа болов.

Эл Сальвадорыг цаашид ямар ирээдүй хүлээж байна вэ? Алберто Фухиморигийн 1992 онд амжилттай хэрэгжүүлсэн төрийн эргэлт буюу Перу Улсын түүх нэгийг сануулж байна.

Фухимори Перу улсын хяналт, тэнцвэрийг хэрхэн унагав?

Авлигад идэгдсэн, үр ашиггүй улс төрийн ноёрхол хэмээн сонгогчдын үзэж байсан нөхцөл байдлыг устгахаа амлаж 1990 онд Перу Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Алберто Фухимори ялсан.

Улмаар 1992 оны 4 дүгээр сарын 5-нд Фухимори Үндсэн хуулийг хүчингүй болгож, сөрөг хүчин давамгайлсан Конгрессоо тарааж, шүүх эрх мэдлийг “дахин байгуулсан”. Үр дүнд нь зарим улс төр судлаачдын хэлдгээр “хэвтээ хариуцлагын тогтолцоо” буюу Үндсэн хууль бүхий хяналтын тэнцвэртэй байдал тэр даруй үгүй болсон юм.

Фухимори болон түүний талыг баримтлагчид 1993 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж түүнийг дахин сонгогдож болохуйцаар шинэчилсэн. Тэрээр 1995 онд “шударга бус” байдлаар дахин сонгогдсон. Түүнийг дэмжигчид мөн Конгрессд хяналт тогтоосноор Фухимори өөрсдийн хүнээр Дээд шүүх болон сонгуулийн байгууллагыг дүүргэх боломж олгосон. Улмаар Фухимори дангаараа засагласан.

Перучуудын ихэнх нь түүнийг дэмжиж байсан тул зарим талаараа Фухимори амжилтад хүрсэн. Тэрээр гиперинфляцид идэгдсэн, “Маоист”[3] үймээн самуунтай улсыг уламжилж авсан юм. 

Тухайн цаг үеийн нөхцөл байдалд туйлдсан ихэнх Перучууд түүний үйл ажиллагааг шинэ эхлэл гэж хүлээн авсан. Үнэхээр төрийн эргэлт хийсний дараа Фухиморигийн нэр хүнд 80 хувь хүртэл өссөн байв. Тус улсын гиперинфляцийг эцэс болгож, “Shining Path” гэх партизануудыг ялсан нь түүний амжилтыг улам бататгасан. 

Түүнчлэн Фухимори олон улсын түвшинд ч дэмжлэг авч байв. Хэдийгээр АНУ болон Америк Тивийн Улсуудын байгууллага (АТУБ)-аас анх төрийн эргэлтийг буруутгаж байсан ч АНУ-ын албан тушаалтнууд Фухиморигийн эдийн засгийн шинэчлэл болон хар тамхины эсрэг дайны хамтын ажиллагааг нь үнэлсэнтэй холбоотойгоор олон улсын шахалт намжсан. АНУ болон АТУБ-аас хэдхэн долоо хоногийн дотор Перугийн ардчиллыг хамгаалах хөшүүргээ ашиглахгүй байхаар шийдсэн.

Хариуцлагыг устгасны төлөө

Перуг илүү, дутуугүй ардчилсан улс болгож байна хэмээн Фухимори мэдэгдэж байв. Хариуд нь сонгогчид түүнийг дахин дахин сонгож байлаа. Энэ байдал нь дотоодын болон олон улсын ардчилсан ёс шаардагчдыг алмайруулж байв.

Гэвч ардчилал гэдэг нь сонгуулиас гадна олон зүйлийг шаарддаг. Ардчилалд сонгуулийн өрсөлдөөн шударга байх ёстой. Засгийн эрхийг дэмжигчид болон шүүмжлэгчид өөрсдийн үзэл бодлыг тархаах, зохион байгуулах боломжтой байх ёстой, өөрөөр хэлбэл, иргэний эрх чөлөө хамгаалагдсан байх ёстой юм. Шударга сонгууль болон иргэний эрхийг хангахын тулд шүүх, сонгуулийн байгууллага нь бие даасан, хараат бус байх ёстой.

Хэдийгээр “ардчиллын төлөө” гэсэн нэр хүндтэй ч гэсэн Ерөнхийлөгч энэхүү гүйцэтгэх засаглалын хяналтын тогтолцоо алдагдуулах нөхцөлд ардчилал аюулд орж буй юм. Хэвтээ хариуцлагын тогтолцоо байхгүй бол удирдагчид эрх мэдлээ урвуулан ашигладаг. Үр дүнд нь илэрхий авлига, автократ засаглал бий болдог.

Энэ бол Перу Улсад тохиолдсон явдал. Тус улсын эдийн засаг болон аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхийн тулд Фухиморид хяналтгүй эрх мэдэл хэрэгтэй хэмээн түүний дэмжигчид үзэж байсан юм. Хэдий тийм ч хэмжээ, хязгааргүй эрх мэдэл эдийн засгийг өсгөх, эсхүл авлигын эсрэг тэмцэхэд ардчилсан засаглалаас амжилттай байдаг гэх нотолгоо бага байдаг. Харин гэмт хэрэг, инфляцын түвшинтэй сайн тэмцдэг гэдгийг нотолдоггүй ч мөн үгүйсгэдэггүй.

Хяналтгүй байдал дээр дөрөөлөн Фухимори болон түүний тагнуулын зөвлөх Владимиро Монтесинос нар төрийн тогтолцооны зэрэгцээ мафи улсыг байгуулсан юм. Монтесинос нь Дээд шүүхийн шүүгчид, төрийн албан хаагчид, хууль тогтоогчид, армийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн эзэд, сэтгүүлчид, сөрөг хүчний удирдагчид зэрэг Фухимориг эсэргүүцэж болзошгүй этгээдүүдийг тагнах, хахуульдах, айлган сүрдүүлэх үйл ажиллагаандаа Үндэсний тагнуулын газрын ашигласан. Улмаар төрийн байгууллагуудаас хамгийн багадаа 164 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг Фухиморигийн сонгуулийн компанит ажилд шилжүүлсэн. Нийтдээ Фухиморигийн Засгийн газар 600 сая ам.долларыг шамшигдуулсан бөгөөд дэлхийн “бүх цаг үеийн хамгийн авлигач Засгийн газар”-ын нэг гэж Форбес сэтгүүлээс нэрлэж байв.

Перугийн засгийн газар 1996-2001 оны хооронд уугуул нутгийн эмэгтэйчүүдийн хүүхэдтэй болох боломжийг хүчээр хааж байв. Яагаад?

Хяналт, хариуцлага үгүй болсноор үлэмж хэмжээний автократ тогтолцоо бий болсон юм. 1996 онд Фухиморигийн Конгресс шинэ Үндсэн хуулийн "жинхэнэ тайлбар" гэгчийг баталж, түүнд хууль бусаар гурав дахь удаагаа нэр дэвших боломжийг олгов. Үндсэн хуулийн шүүхийн гурван гишүүн уг хуулийг Үндсэн хуулийн бус гэж үзэх үед Конгресс тэднийг албан тушаалаас нь халсан юм. Энэхүү үйл явц нь 2000 онд Фухимори хууль бусаар дахин сонгогдох замыг зассан. Энэ үеэс Фухимори олон нийтийн дэмжлэгийг алдаж эхлэв. Гэвч түүний тагнуулын байгууллага сөрөг хүчний нэр дэвшигчид болон төрөөс санхүүжих ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагыг дарамталж байсан тул дэмжлэгээ алдах нь тийм ч чухал биш байв. Түүний өрсөлдөгчдөд ямар ч боломж байгаагүй юм. Нэг үгээр хэлбэл энэ үйл явц нь “ардчилал хэрхэн устахыг харуулсан” том сургамж байв.

Эл Сальвадорын ерөнхийлөгч Букеле Фухиморигийн араас замнаж байна уу?  

Фухимори болон Букеле нарыг харьцуулахад ер бусын адил. Хоёул популист, улс төрийн институцээ цэвэрлэхээр сонгогдон гарч ирсэн. Фухимори шиг Букеле нь сонгуулиар олж авсан эрх мэдлээ ашиглан өөрөө төрийн эргэлт хийхэд ашигласан. Энэ хоёр төрийн эргэлт нь Перугийн хувьд гиперинфляци болон бослого хөдөлгөөн, Эл Славадор дахь цар тахал, гэмт хэрэг хяналтгүй болсон хүнд нөхцөл байдалд явагдсан. 

Улмаар Эль Сальвадор дахь нөхцөл байдлаас харахад Букеле ирэх хэдэн сар, хэдэн жилийн хугацаанд Фухиморигийн замналыг амархан дагаж болохоор байна.

Нэгдүгээрт, Букеле нь Фухимори шиг алдартай. Санал асуулгын дүнгээр Букеле 90 гаруй хувийн дэмжлэг авч байгаа. 2019 онд сонгогдохдоо 53 орчим хувийн саналаар гарч ирж байсан бөгөөд түүний нам хоёрдугаар сард болсон хууль тогтоох байгууллагын сонгуулиар нийт саналын гуравны хоёроос дээш саналыг авсан.

Фухиморигийн адил энэ их алдар хүндийн ачаар Букеле сонгууль, бүх нийтийн санал асуулгыг ашиглан эрх мэдлийг нэгтгэх, өөрийн авторитар хандлагыг зөвтгөхөд ашиглах боломжтой болсон. Хэрэв тэр Үндсэн хуулиар бүх нийтийн санал асуулга явуулах, эсхүл хоёр дахь удаагаа нэр дэвшссэн нөхцөлд Букеле ялах нь тодорхой юм.

Хоёрдугаарт, Эл Сальвадорын нөхцөл байдал Фухимори маягийн авлигын сүлжээг бий болгоход бүрэн нөхцөл бүрдсэн. Шинэ байгуулагдсан Конгресс хамгийн багадаа 730 сая ам.долларын олон улсын зээл авахыг Букелед зөвшөөрч, Ковид-19-д зарцуулах хөрөнгийн хяналтыг хязгаарласан хууль тогтоомж баталсан. Мөн энэ оны эхээр өмнө нь орон нутгийн хөгжлийн сангуудын шууд орон нутгийн удлирдлагад очдог байсан хөрөнгийг төвлөрүүлнэ гэдгээ Букеле мэдэгдсэн. Хариуцлага, хяналт институциуд ихээхэн хэмжээгээр сулрах нь Букелед асар их мөнгийг хяналтгүй зарцуулах эрхийг олгож байна.

Эцэст нь Перу Улсад ардчиллыг хамгаалах явдалд олон улсын хамтын нийгэмлэг төдийлөн оролцоогүй. Олон улсын түвшнээс “санаа зовж” байгаагаа илэрхийлж байгаа ч, Букелегийн эрх мэдлийг сааруулах алхам хийхгүй байна. Бушийн засаг захиргаа Перугийн ардчилалаас илүүтэйгээр хар тамхины эсрэг тэмцлийг чухалчилж байсантай адил Байдены засаг захиргаа Эл Сальвадорын тогтолцооны асуудлаас илүүтэйгээр цагаачлалын бодлогоо илүүд үзэж байна.

 Эх сурвалж