Эмзэг улсууд дахь авлига: Авлигын төсөөллийн индексийн илэрхийлж чаддаггүй зүйлс

A- A A+
Эмзэг улсууд дахь авлига: Авлигын төсөөллийн индексийн илэрхийлж чаддаггүй зүйлс

Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь улс орнуудын авлигын түвшнийг хэмжих хамгийн чухал хэмжүүр хэвээр байна. Гэсэн хэдий ч энэхүү индексийн арга зүй болон хөгжиж буй орнуудын гадаадын хөрөнгө оруулалт, тусламжийг татах чадварт учруулж буй сөрөг үр дагавар хүчтэй шүүмжлэлд өртөж байна. Энэхүү өгүүлэлд Нигер дэх авлигын талаарх зохиогчийн докторын судалгааны ажлын үзэл санааг илэрхийлсэн болно. Уг өгүүллээр АТИ-ийн өөр нэг дутагдалтай тал болох авлига ихтэй эмзэг улс орнуудын авлигатай хийж буй тэмцлийн талаар юу ч илрүүлж, харуулдаггүй тухай асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа юм. Засаг захиргаа, улс төрийн тогтвортой байдлаа хадгалахад учирдаг сөрөг үр дагавраас шалтгаалан эдгээр улс орнуудын авлигатай тэмцэх хүчин чармайлт буурдаг байна.

АТИ бол жил бүр улс орнуудын авлигыг хэмждэг Транспэрэнси Интернэшнл байгууллагын нэрийн хуудас юм. Энэхүү индекс 180 орчим улс, нутаг дэвсгэр дэх бизнесийн шинжээчдийн төсөөллийн судалгаанд үндэслэдэг бөгөөд тэдгээр судалгааны дагуу улс, нутаг дэвсгэрүүдийг тэг (маш их авлигатай)-ээс 100 (цэвэр) оноогоор үнэлэн эрэмбэлдэг. АТИ нь 1995 онд анх гарсан цагаасаа хойш бодлого боловсруулагч, судлаач, хөрөнгө оруулагч болон төрийн бус байгууллагууд авлигын эсрэг тэмцэлд хөрөнгө оруулалт хийхдээ ашиглах чухал лавлах эх сурвалж хэвээр байна.

2020 оны АТИ-ээс харахад авлигатай тэмцэх чиглэлээр, ялангуяа өндөр авлигатай гэж аль хэдийн нэрлэгдсэн улс орнуудад ахиц дэвшил төдийлөн гараагүй байна. Тогтмол өндөр үзүүлэлттэй байдаг Шинэ Зеланд, Дани, Швед, Финлянд, Швейцарь гэх мэт улсууд индексийн тэргүүлэгч байр сууриа эзэлсэн хэвээр бол хамгийн муу үзүүлэлттэй Сомали, Өмнөд Судан, Сири, Йемен, Венесуэл гэх мэт улсууд мөн л сүүл мушгижээ. 2020 оны индексээс харахад улс орнуудын тал орчим хувьд нь арваад жилийн хугацаанд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй байна. Транспэрэнси Интернэшнл энэхүү баргар бодит байдлыг муу үзүүлэлттэй улсууд дахь авлигын үндсэн шалтгааныг арилгаж чадаагүй засгийн газрын алдаа дутагдалтай холбон тайлбарлаж байна.

АТИ нь судалгаа, хөрөнгө оруулалтын чиглэл болон авлигын эсрэг нөөц аль улс оронд хамгийн их хэрэгцээтэй байгааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч, энэ бол маш их шүүмжлэл дагуулсан хэмжүүр хэвээр байх болно. Энэхүү индекс хөгжлөөр доогуур түвшинд байгаа, хөгжиж буй орнуудын хувьд шударга бус байж болзошгүй нь хамгийн том шүүмжлэл юм. Ялангуяа, индекс дээр суурилан улс орнуудын нэр хүндтэй холбогдуулан авлигын хэмжээгээр эрэмбэлэх үндэслэл нь эргэлзээтэй асуудал юм. Энэ үзэл бодлыг дэмжигчид хөгжиж буй, авлигын түвшин өндөртэй орнуудад энэхүү гамшигтай тэмцэхэд туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд АТИ сөргөөр нөлөөж болзошгүй гэж үздэг. Харин бусад нь АТИ эдгээр улс орнуудад ‘авлигын урхи’ үүсгэх боломжийг онцолдог. Үүний шалтгаан нь, хөгжлийн тусламж нь эхний ээлжинд тусламжгүйгээр хэрэгжүүлэхэд бэрх шинэчлэл (ялангуяа авлигыг хязгаарлах замаар) хийж байгаа эсэхийг нотлох баримтаас ихэвчлэн хамаардаг.

Эдгээр шүүмжлэлээс гадна, муу үзүүлэлттэй орнууд дахь авлигатай хийж буй тэмцлийн бодит байдлыг АТИ олж хардаггүй байна. Эдгээр улс орнуудын хувьд авлига бол тэдний эрхэмлэдэг зүйл биш; тэнд авлигын сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг ойлголт байхгүй ч юм уу, авлигын дэглэмийг нураах хүсэл эрмэлзэл байхгүй хэрэг биш юм. Харин авлигатай тэмцэх гэсэн оролдлогууд нь ’авлигын эсрэгийн эсрэг’ (’anti-anti-corruption’) хүчтэй хариу үйлдлийн дарамтад хялбархан өртдөг байна. Авлигын эсрэг арга хэмжээнүүдийг дагаж мөрдөхгүй байгаагаас илүү муу зүйл бол тасралтгүй өсөх авлигын эсрэг хүчин чармайлтыг зогсоохын тулд авлигыг дэмжигч хүчнүүдийн зүгээс гаргадаг авлигын эсрэгийн эсрэг хүчтэй хариу арга хэмжээ юм. Эдгээр хүчнүүд авлигатай хатуу тэмцэл явуулж буй засаг захиргааны оршин тогтнол болон улс төрийн тогтвортой байдлыг алдагдуулах ч чадвартай. Эдгээр улс орнуудын нийтлэг шинж чанар бол тэд "эмзэг улсууд" гэдэг ангилалд багтдаг явдал юм.

Эмзэг төр бол засаглалын үндсэн чиг үүрэг(үүнд төрийн алба болон нийгэмд дагаж мөрдөх дүрмийг хэрэгжүүлэх явдал багтана)-ийг хэрэгжүүлэх, төр ба нийгмийн харилцан уялдаатай байдлыг хангах чадваргүй төр юм. Ерөнхийдөө эмзэг улсууд тогтворгүй байдлын сүүдэрт оршдог, эсвэл, төрөөс илүү хүчтэй нийгмийн хүчнүүдээс шалтгаалсан тогтворгүй байдлыг мэдэрч байдаг аж. Эдгээр хүчнүүд тогтвортой байдлыг бий болгох, хадгалах нөхцөлийг зааж, тодорхойлдог. Аливаа хэлбэрийн засаглалыг хэрэгжүүлэх нь төрийн бүрэн эрх мэдлийг (энэ нь дотооддоо хүрэлцдэггүй) хэрэгжүүлэх чадвар дээр бус, харин аюулгүй байлгах, хамгаалах тогтолцоонд тулгуурладаг. Тиймээс төр ба нийгмийн харилцаа нь нийгмийн хүчийг давамгайлж төрийн хөрөнгийг аливаа хязгаарлалтгүйгээр хууль бусаар хуримтлуулах дэглэмийг хадгалахад чиглэсэн шинж чанар бүхий харилцан хамааралтай байдаг. Энэ байдал нь авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж байгааг төдийлөн олж хардаггүй байна. Эдгээр улсуудын засаг захиргаа авлигын дэглэмийг үргэлжлүүлэн тогтвортой байдлаа хадгалах, эсвэл, тэнцвэрийг алдагдуулах эрсдлийг үүрч авлигатай тэмцэх, өөрөөр хэлбэл, авлигатай 'хамтрах, эсвэл, тэмцэх' гэсэн сонголттой тулгардаг. Сонголт ямар ч байсан гэсэн үр дагавартай байдаг. Хулгай хийхийг зөвшөөрөх нь хөгжлийг доройтуулна, авлигатай тэмцэх нь засаг захиргааны наслалт, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. 

Үүний жишээ нь Нигери юм. Нигери нь Йемен, Сомали, Өмнөд Судан, Сири гэх мэт хамгийн эмзэг улсуудын ангилалд хараахан ороогүй ч ороход их ойрхон байгаа юм.

 Эх сурвалж: https://www.academia.edu/45249024/Corruption_in_Fragile_States_What_the_Corruption_Perceptions_Index_does_not_Reveal