АНУ-ЫН ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ: ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ҮНДСЭН БАЙ ЭСЭХ

A- A A+
АНУ-ЫН ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ: ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ҮНДСЭН БАЙ ЭСЭХ

Спортын авлига нь хэдийгээр шинэ асуудал биш боловч авлигатай тэмцэх байгууллага болон спортын хороодын санааг зовниулж буй асуудал байсаар ирсэн. АНУ-ын хувьд спортын авлигатай холбоотой асуудал, үйл ажиллагаа нь ихэвчлэн тус улсын хамгийн алдартай спортын үйл ажиллагаа буюу их сургуулийн америк хөлбөмбөг, их сургуулийн сагсан бөмбөг болон мэргэжлийн сагсан бөмбөгтэй холбогдолтой байсан. Гэвч бусад өндөр түвшны спортын үйл ажиллагаа мөн адил авлигын эрсдэлд өртөөд байна. Түүнчлэн АНУ-ын спортын салбарт хийсэн судалгааны дагуу авлигын хамгийн өндөр эрсдэлтэй спортын нэг нь Хөлбөмбөгийн дээд лиг байжээ.

Энэ нь уншигчдыг гайхшруулж магадгүй юм. Хэдийгээр хөлбөмбөг нь дэлхийн хамгийн өндөр авлигын эрсдэлтэй спорт боловч АНУ-ын хувьд хөлбөмбөгийн дээд лигтэй холбогдолтой авлигын үйлдлийн талаар анхаарал татахуйц мэдээлэл бага билээ. 2015 онд ХДЛ-ийн Комиссар Дон Гарбер тус лигийг 100 мянган хувь цэвэр гэж мэдээлж байсан. Гэсэн хэдий ч авлигын үйлдэл тогтоогдоогүй нь авлига байхгүй эсхүл ирээдүйд бий болохгүй гэсэн үг биш юм. ХДЛ-ийн үйл ажиллагаанд спортын авлигын эрсдэлийн хэд хэдэн хүчин зүйл байгаа нь тус лигт авлига байж болзошгүй гэх дүгнэлтэд намайг хүргэлээ. Үүнээс гурван хүчин зүйлс нь анхаарал татаж байна. Үүнд:

  • Нэгдүгээрт, гэмт бүлэглэлүүд нь харьцангуй бага цалинтай тамирчдыг өөрсдийн бай болгодог юм. Учир нь тус тамирчид нь авлигын үйл ажиллагаанд оролцох боломж нь их байдаг. ХДЛ-ийн тамирчид бусад мэргэжлийн спортын тамирчидтай харьцуулахад бага цалинтай билээ.(ХДЛ-ийн доод цалин нь 2019 онд 56,250 ам.доллар, харин медиан цалин нь 175.285 ам.доллар байсан.)
  • Хоёрдугаарт, өндөр түвшний спортын авлига нь иргэдийн анхаарлыг ихээр татаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих явдал цөөнгүй тул авлигачид харьцангуй доогуур түвшний спортыг сонгон авч үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр хөлбөмбөг нь олон улсын түвшинд алдартай бөгөөд тус улсад нэр хүндээ тогтвортой нэмэгдүүлж байгаа боловч ХДЛ-ийн тоглолт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хязгаарлагдмал цацагддаг ба олон нийтийн анхаарлын төвд төдийлөн өртдөггүй юм.
  • Гуравдугаарт, тамирчид болон албан хаагчдыг хахуульдаж тоглолтын үр дүнд нөлөөлөхөөс гадна гэмт бүлэглэлүүд нь спортын клубийн франчайзын тодорхой хэсгийг өөрсдийн өмчлөлд авч илүү түрэмгий стратеги ашиглан авлигын үйлдэл хэрэгжүүлдэг байна.(Спортын клубийг шууд болон шууд бусаар өмчлөлд авснаар тоглогчдын солилцоо наймааг ашиглан өөрсдийн гэмт үйлдлийг гүйцэтгэх тамирчдыг худалдан авч тоглолтын үр дүнд нөлөөлөх ажиллагааг хялбаршуулдаг.) Энэхүү стратегийг ашигладаг гэмт бүлэглэлүүд нь ихэвчлэн санхүүгийн хүнд байдалд буй спортын клубуудыг бай болгодог юм. Цаашлаад, ХДЛ-ийн ихэнх клубууд санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулгараад байна. (Нөгөөтээгүүр, ХДЛ-ийн нэг удирдлагатай систем нь гэмт бүлэглэлүүд өөрсдийн хүссэн тоглогчийг худалдан авах эрсдэлийг бууруулж байна. Учир нь тус лигт тоглож буй бүх тамирчдын гэрээг зөвхөн ХДЛ-тэй шууд байгуулдаг.)

АНУ-ын спортын мөрийг хуульчлахыг дэмжиж буй мужуудын тоо нэмэгдсэн болон энэхүү эрсдэлийн нөхцөл байдлууд нь ХДЛ-ийн тоглолтод мөрий тавих ажиллагаа авлигад өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймээс ХДЛ-ийн удирдлагууд АНУ-ын хөлбөмбөгийн спортын шударга байдлыг хамгаалж үр дүнтэй арга хэмжээг гүйцэтгэж нийтэд ил тодоор зарлах шаардлагатай юм.

Нэн түрүүнд ХДЛ нь мөрийг хянаж шалгах системийг нэвтрүүлж анхаарал татахуйц мөрий тавьж буй үйл ажиллагааг шалган тогтоох хэрэгтэй.(ХДЛ нь энэхүү системийг шинээр бий болгох шаардлагагүй юм. Учир нь худалдааны хяналтын системийг тус байгууллага ашигладаг ба мөрийний үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас шаардлагатай мэдээллийг хүлээн авч тус системийг ашиглан хянах боломжтой.) Түүнчлэн, ХДЛ-ээс сэжигтэй үйлдлийг илрүүлсэн тохиолдолд хэрэгжүүлэх шийдвэр гаргах түвшний арга хэмжээг тодорхойлж, нэвтрүүлэх ёстой. Цаашлаад, ХДЛ-ийн албан хаагчдыг мөрий тавихыг хориглох, аливаа клуб болон тамирчны нууц мэдээллийг задруулахыг хориглосон бодлого баримтлах хэрэгтэй. Энэхүү зөвлөмжийг өгөх нь илүүц мэт боловч тус байгууллагаас албан хаагчид нь энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь хориотой эсэх талаар ямар нэгэн мэдээллийг нийтэд мэдээлээгүй юм. Мөн ХДЛ-ийн дүрмийн дагуу тоглогч худалдан авахад ихэвчлэн хийдэг процессыг гажуудуулж өөр арга замаар худалдан авсан тоглогчдыг шалгаж, авлигын шинж чанартай үйлдэл байгаа эсэхийг тогтоох дүрэм, журмыг батлан хэрэгжүүлэх хэрэгтэй билээ.

Европ болон Ази тивийн хөлбөмбөгийн спортын авлигын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзвэл, АНУ-ын хөлбөмбөгийн спорт авлигад өртөх нь ердөө цаг хугацааны асуудал юм. ХДЛ-ийн удирдлагууд дээр дурдсан авлигын эрсдэлийг арилгахаар шаардлагатай арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж, авлигын үйл ажиллагааг үл тоомсорлох явдлыг зогсоох хэрэгтэй. Цаашлаад ХДЛ нь өөрсдийн баримталж буй бодлого болон мөрдөж буй дүрэм, журмыг нийтэд ил тод мэдээлэх ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.  

           

Эх сурвалж