МАЛИ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН БУБЭЙ МАЙГА АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОН БАРИВЧЛАГДЖЭЭ

A- A A+
МАЛИ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН БУБЭЙ МАЙГА АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОН БАРИВЧЛАГДЖЭЭ

Мали улсын Ерөнхий сайд асан Бубэй Майга албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейтагийн засаглалын үед ерөнхийлөгчийн нисэх онгоц худалдан авахад оролцсон тул баривчлагдсан болохыг түүний өмгөөлөгч мэдэгдлээ.

Хэдийгээр баривчлагдсан шалтгааныг албан ёсоор зарлаагүй боловч 2014 онд 40 сая ам.доллараар нисэх онгоц худалдаж авсантай холбоотой гэж түүний өмгөөлөгч Кассум Тапо пүрэв гарагт Ройтерс агентлагтай утсаар ярихдаа хэлсэн байна.

"Бид хавтаст хэрэгтэй танилцаагүй, танилцах хүртлээ мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж тэр хэлсэн байна. Тус улсын Хууль зүйн яам уг асуудалд ямар нэг тайлбар, мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Тухайн үеийн шүүмжлэгчид Кейтагийн засаг захиргаа нисэх онгоцыг хэт өндөр үнээр худалдан авсан үйлдэл нь авлигын гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэдэг юм. Улмаар энэ нь Кейтагийн ерөнхийлөгчийн албан тушаалд нөлөөлж, зээлдүүлэгчдийг айлгасан улс төрийн үйл явдал болж байсан юм. Үр дүнд нь Олон улсын валютын сан, Дэлхийн банк баруун Африкт орших тус улсад үзүүлэх санхүүжилтээ зогсоосон билээ.

Прокурорын байгууллагад тус гэмт хэрэгт холбогдолтой нотлох баримт байгаа эсэх, түүнийг ямар шалтгааны улмаас одоо баривчилсан нь тодорхойгүй байна. Тэрээр 2017-2019 онд Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улс төрчдийн нэг юм.

Тус улсын төрийн эргэлтийг удирдаж байсан, одоо түр ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хурандаа Ассими Гоита энэхүү шилжилтийн үеийг тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж