Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцав.
-Баривчиллаа, батлан даалтад гаргалаа гэх мэдээлэл, сэтгэгдлүүд олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээлэлд гараад байна. Танай байгууллагаас хийж буй баривчилгаа, тогтоогдсон нөхцөл байдлын талаар яагаад даруй мэдээлэл өгдөггүй юм бэ?
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хувьд олон нийтэд өгч болох мэдээлэл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг, прокурор, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоон мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан өгч байгаа.
Харин гэмт үйлдэл, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, тогтоогдсон нөхцөл байдал буюу үр дүнг нууцлахыг хуулиар тогтоосон. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох зарчим, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглох хэм хэмжээ мөрдөгдөж байгаа учраас хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг юм.
Шүүх тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож шийдвэрээ гаргаагүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад энэ хүн гэмт хэрэг үйлджээ, гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн дүгнэлт, таамаг дэвшүүлэх байдлаар мэдээ мэдээлэл тарааж болохгүй ээ. Тухайн үйлдлийн улмаас хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах суурь нөхцөл болно. Та мэдээлэл хийж байгаа хууль хяналтын байгууллагын алба хаагч нарын нийтэд өгч байгаа мэдээллийг харж байгаа байх. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн төчнөөн тооны гомдол, мэдээлэлд шалгах ажиллагаа явуулж байна, нууцлалд хамаарах тул мэдээлэл өгөхгүй гэсэн тайлбар хийж байгаа. Түүнээс тэр хүн тийм хэрэг үйлдсэн, тэглээ, ийм ажиллагаа хийлээ гэж мэдээлэл хийдэггүй.
-Гэхдээ хэвлэл мэдээллээр хэрэг, үйл явдал мөрдөн шалгах ажиллагааны талаар нийтлэгдээд гараад байна шүү дээ.
-Дахин хэлье. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, мөрдөгч нарын хувьд хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас таны асуултад дурдаад байгаа мэдээллийг өгөх боломжгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд прокурорын зөвшөөрөлгүй задруулсан, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээх хуультай.
Хүмүүс мөрдөн шалгах ажиллагаа, үр дүнг нийтэд ил болгосонгүй, хэрэг алга боллоо, гэмт этгээдийн хууль бус үйлдлийг хаацайлаад байна, ял завших нөхцөл байдал бий болох вий гэсэн хардлагад хөтлөгдөөд байгаа хандлага ажиглагддаг. Хэрэг алга болох, гэмт этгээд ял завшуулах бололцоо байхгүй. Прокурорын хяналт мөрдөн шалгах ажиллагаанд тасралтгүй тавигддаг. Харин хуулийн хийдэл, хөөн хэлэлцэх хугацаа зэрэг хийдэлтэй хуулийн зохицуулалтаар цөөнгүй хэрэг хэрэгсэхгүй болгогдож байгааг анхаарах хэрэгтэй. Албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж байгаа гэмт хэргүүдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа аль болох урт, эсхүл тухайн хугацааг тооцдоггүй болгох саналаа хууль тогтоогч нарт хүргүүлдэг боловч хуульчлагдаагүй л байна.
-Тэгээд хэргийн талаар хэн нийтэд мэдээлээд байдаг юм бэ?
-Монголчууд бид цөөхөн, ах дүү садан төрлийн хүн, найз нөхөд, ажлын гарын хүмүүс, өмгөөлөгч гээд олон эх сурвалжаас сэтгүүлчид маань мэдээлэл авдаг, бичдэг байх. Хувь хүний улс төрийн үзэл бодол ч ихээр нөлөөлж байгаа нөхцөл байдал ажиглагддаг. Гомдол, мэдээлэл бичиж өгдөг. Хуулийн дагуу шалгах ажиллагаа явагдах нь ойлгомжтой. Энэ үед өөрийн мэдээллээ нийтэд үнэн мэтээр цацах, ажлын гадаа хүлээж байгаад зургийг нь авах, Авлигатай тэмцэх газраас гарч ирэх үед нь бичлэг хийгээд нийтийн цахим сүлжээнд байршуулах нөхцөл байдал нэг биш удаа гарлаа шүү дээ. Зарим нэг хүний хувьд гэм буруугүй гэж олон нийтэд ойлгуулах гээд хэвлэлийн хурал зарлаад ярьж байх жишээтэй.
-Сүржин баривчилгаа хийлээ, дараа нь тэр хэрэг замхарлаа гэсэн хардлага их байна.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийдэг. Хэн нэгэнд таалдах гэж, хэн нэгнийг айлгаж ичээх гэж нэгжлэг, үзлэг хийдэггүй. Тухайн ажиллагааг хийх үндэслэлээ прокурорт танилцуулаад хууль зүйн үндэслэл байна гэж үзвэл прокурор тогтоол гаргасан даруйд мөрдөн шалгах ажиллагаа явагддаг.
Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул үүсэн үед мөрдөгч хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд үзлэг нэгжлэг хийгээд 24 цагийн дотор прокурорт танилцуулан ажиллагааг хүчинтэйд тооцуулдаг. Хуулийн заалтаас хэн нэг хувь хүний дур зоргоор мөрдөн шалгах ажиллагаа явагддаггүй гэдэг нь ойлгогдож байгаа байх. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг ардын үг баримт нотолгоо хураагдсан үед ихээр илэрдэг. Мөрдөгчийг гүтгэх, баримтаа цаас урах устгах, хахуулийн мөнгөө ажил, гэрийнхээ цонхоор гаргаж шидэх зэргээр урьдчилан таашгүй нөхцөл байдлууд таарч байсан.
-Олон нийтийн эрх ашигт хохирол учруулсан, авлига авсан, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гээд ойлгомжтой, олон түмэн мэддэг асуудал байна. Танай байгууллага шалгаж эхлэх үед нэг баривчлаад удалгүй гаргаад байгаа асуудал нь албан тушаалтнаас АТГ-т нөлөөллөө гэсэн хардлага төрүүлээд байна шүү дээ.
-Мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу баримт нотолгоонд суурилж явагдана. Авлигын гэмт хэргийн хувьд хууль зүйн өндөр мэдлэгтэй, эрх мэдэл бүхий хүмүүс бүлэглэн үйлддэг учир илрүүлэх, нотлох баримт цуглуулахад нэлээд хүндрэлтэй тулгардаг. Бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй харагдах хэлбэрээр дүгнэн үзвэл хохиролгүй, улс эх орны эрх ашгийн төлөө хийсэн, магадгүй иргэний хуулийн зохицуулалт мэт харагдахаар төлөвлөж үйлдсэн хэргүүд байдаг. Эрх мэдэлдээ эрдэж, эрүүгийн хариуцлага хүлээгүй байхаар төлөвлөж хамтын шийдвэр нэрээр халхавчлан үйлдсэн хэргүүдийг илрүүлэх, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгаж үнэлэх ажиллагааг явуулах үедээ баривчлах, цагдан хорих шаардлага тулгардаг.
Хуульд гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн бол шүүхийн зөвшөөрөлгүй 24 цагийн хугацаагаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол цагдан хорих саналаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлдэг. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар бөгөөд сунгаж болох хуулийн зохицуулалттай хэдий ч практикт 48 цаг, 10 хоног цагдан хорих тохиолдол цөөнгүй байна.
www.shuukh.mn буюу шүүхийн шийдвэрийн сан цахим болж нийтэд нээлттэй байгаа нь давуу тал. Ямар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрхэн шийдсэн бэ гэсэн асуултад хариулт өгнө. Харин сангийн баяжилт цаг алдалгүй хийгдэж байх нь чухал.