Худалдан авах ажиллагаан дахь авлигатай тэмцэхэд блокчэйнийг ашиглах нь

A- A A+
Худалдан авах ажиллагаан дахь авлигатай тэмцэхэд блокчэйнийг ашиглах нь

Тендерийн будлиан, далд худалдаачид, улс төртэй холбоотой пүүсүүдтэй гэрээ байгуулах зэрэг худалдан авах ажиллагаан дахь авлига нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй асар том асуудал бөгөөд татвар төлөгчдөд жил бүр 2 их наяд долларын хохирол учруулдаг. Шинэ технологиуд нь бүхнийг эмчлэгч шидэт үрэл биш хэдий ч энэ төрлийн авлигатай тэмцэх шинэ арга техникийг санал болгож буй юм. Ийм технологийн нэг бол блокчэйн.

Биткойн гэх мэт криптовалютуудын үндсэн технологи гэдгээрээ алдартай блокчэйн бол “тархмал бүртгэлийн технологи” (ТБТ) бөгөөд үйл явдлын цагийн дардас бүхий, тархмал компьютерийн сүлжээгээр баталгаажуулсан, хөндлөнгөөс оролцох, өөрчлөх боломжгүй бүртгэл юм. ТБТ нь гүйлгээ бүрийг бүрэн хянах боломжийг олгодог мэдээллийн мөрийг бий болгож, гүйлгээний он цагийн жагсаалтыг шифрлэгдсэн бүртгэлд хадгалдаг. Гүйлгээг найдвартай, танигдахуйц блок болгон нэгтгэж, дараа нь харгалзах сүлжээнд нэмнэ. Блокчэйнийг тархмал хэрэглэгчид хянаж, баталгаажуулдаг бөгөөд ингэснээр шат дараалал, төвлөрсөн эрх мэдэл, дундын зуучлагчийг алга болгоно. Блокчэйн нь криптовалютыг хэрэгжүүлэх боломж олгодог гэдгээрээ алдартай боловч авлигын эсрэг үйл ажиллагаанд ашиглах зэрэг өөр олон төрлийн хэрэглээтэй юм. Жишээлбэл, Танзани улс энэхүү технологийг ашиглан төрийн байгууллага дахь “үл үзэгдэх ажилчид”-ыг цэвэрлэж, цаасан дээр л байдаг хуурамч ажилчдад сар бүр 430 тэрбум танзани шиллинг(ойролцоогоор 195.4 сая ам.доллар)-ийг тэдний цалинд зарцуулж байсныг зогсоожээ. Мөн Нигерийн гаалийн алба санхүүгийн гүйлгээний мэдээллийг хадгалах, эдгээр гүйлгээг компьютерийн сүлжээгээр хуваалцах зорилгоор блокчэйн технологийг ашигласан байна.

Худалдан авах ажиллагаан дахь авлигын нийтлэг хэлбэрүүдтэй тэмцэхэд блокчэйн технологийг ашиглаж болно. Систем дараах байдлаар ажиллана:

§  Засгийн газар тендер зарлахдаа гэрээний талууд хоорондоо харилцахаар тохиролцсон дүрмийг тогтоодог өөрөө ажилладаг компьютерийн код[3] болох “ухаалаг гэрээ” хэлбэрээр зарладаг. Тендерийг үнэлгээний код, тендер шалгаруулалтад оролцох эцсийн хугацааны хамт блокчэйн дээр онлайнаар байрлуулна.

§  Боломжит оролцогчид тендерийн хариуг (шаардлагатай нэмэлт баримт бичгийн хамт) байршуулах бөгөөд эдгээр тендер, баримт бичгийг шифрлэж, ухаалаг гэрээний блокчэйнд нэмж оруулна. Тендер болон холбогдох материалыг байршуулж, хугацааны дардас дарах тул үүнээс хойш баримтыг өөрчлөх боломжгүй болно. Тиймээс, жишээлбэл, анхны мэдүүлгийн дараа тендерээ өсгөх, бууруулах оролдлого нь блокчэйнд автоматаар бүртгэгдэх бөгөөд энэ нь нууцаар хуйвалдах оролдлого хийх болон бусад эргэлзээтэй зан үйлийг олж тогтооход хялбар болгодог.

§  Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахад блокчэйн дээрх ухаалаг гэрээ нь шинэ тендер хүлээн авахаа болино. Дараа нь засгийн газар ирүүлсэн бүх тендерийг татаж аваад, үнэлгээний кодыг ажиллуулж, өгөгдлийг хамгийн сайн хангасан тендерийг сонгоно. Мэдээлэл нь блокчэйн дээр аль хэдийн хадгалагдсан байдаг тул төрийн албан тушаалтнууд тодорхой оролцогчдод давуу байдал олгох зорилготой луйврын өөрчлөлтийг бүртгэх ба үүнийг хожим илрүүлэх боломжтой юм. Цаашилбал, програм нь эцсийн хугацаа дуустал төрийн худалдан авах ажиллагааны ажилтнууд тендерийг өөрчлөх, харахаас сэргийлдэг ба авлигач албан тушаалтнуудад тэдний ашиг сонирхол бүхий компаниудын төлөө тендерийн үйл явцыг удирдахад ихээхэн бэрхшээлтэй болгодог.

§  Нэмж дурдахад блокчэйн нь тендер болон сонгон шалгаруулалтын явцын бүрэн бүртгэлийг хадгалдаг. Тиймээс гүйлгээ бүрийг бүрэн хянах боломжтой бөгөөд шаардлага тохиолдолд нэмэлт аудит хийхэд хялбар байдаг (эндээс болон эндээс үзнэ үү).

§  Эцэст нь блокчэйн технологи нь тендер шалгаруулалтын үйл явцын шударга байдлыг хадгалахаас гадна гэрээг хэрэгжүүлэх явцад авлигаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Жишээлбэл, зарим тохиолдолд гүйцэтгэгч тодорхой материалын баримт бичдэг боловч үнэндээ ажлыг дуусгахын тулд хямд, чанар муутай материал ашигласан байдаг. Гүйцэтгэгчийн бусад компанитай (материал нийлүүлэгчид гэх мэт) хийсэн гүйлгээг блокчэйн дээр хадгалдаг бөгөөд бүртгэлийг төрийн аудитын шалгалтад оруулах боломжтой байдаг тул засгийн газар зөв материал, зөв үйлчилгээг зөв газар, зөв цагт худалдаж авсан эсэхийг баталгаажуулахад илүү хялбар байдаг.

Ерөнхийдөө цаасан систем төдийгүй уламжлалт цахим худалдан авалтын системтэй харьцуулахад блокчэйний давуу тал бол илүү ил тод бөгөөд өөрчлөх боломжгүй юм. Энэхүү технологи нь туршилтын шатандаа явж байгаа бөгөөд гүйцэтгэлийн хувьд бэрхшээлтэй тулгарч магадгүй юм. Гэсэн хэдий ч блокчэйн технологи нь төрийн худалдан авах ажиллагаан дахь авлигын хамгийн ноцтой хэлбэрүүдийг таслан зогсоох технологийн хэрэгсэл болохын хувьд өөрийн гэсэн онцлогтой найдварыг төрүүлж байна.

 Эх сурвалж