Пандорагийн баримтууд: Мохамед Амерси харилцаа холбооны салбар дахь авлигын асуудалд холбогджээ

A- A A+
Пандорагийн баримтууд: Мохамед Амерси харилцаа холбооны салбар дахь авлигын асуудалд холбогджээ

Борис Жонсоны сонгуулийн кампанит ажилд нэлээд хувь нэмрээ оруулсан ач холбогдол бүхий хандивлагч европ дахь авлигын томоохон асуудалд нэр холбогдсоныг ВВС агентлаг онцолж байна. Мохамед Амерси нь 2018 оноос хойш намд 525 мянган фунт стерлинг хандивласан.

Ил болсон баримтуудаас үзэхэд тэрээр Швед Улсын харилцаа холбооны компанитай хийгдсэн хэд хэдэн гэрээтэй холбогджээ. Эдгээр гэрээнүүдийг АНУын хууль тогтоомжийн дагуу шалгаж 965 сая ам долларын (700 сая фунт стерлингийн) торгууль ногдуулж байжээ. Аливаа зөрчлийг Амерси үгүйсгэж буй юм.

61 настай хуульч Телия компанийн хуулийн зөвлөхөөр 2007-2013 онд ажиллаж байсан юм.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын сурвалжлагчид, Гардиан зэрэг байгууллагатай хамтран ажиллах явцад 2010 онд нууцлаг оффшор компанид шилжүүлсэн 200 сая ам доллартай ноён Амерсиг холбоотой болохыг нотолсон баримтуудыг BBC Panorama олж авсан юм.

Тус компанийг Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн охин Гульнара Каримова хянадаг ба тус шилжүүлгийг АНУ-ын албаныхан “200 сая ам долларын хахууль” гэжээ.

Оффшор компанийг Телия шалгаад дэмжсэн тул сэжиглэх үндэслэл байгаагүй хэмээн Амерсигийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна.

Манчестерт Консерватив намын жил бүрийн хурал болж байх үед ноён Амерсигийн хөрөнгийн талаарх асуудал дэгдэв. Тэрээр 2019 онд сонгуулийн компанит ажилд 100.000 фунт стерлинг, Ерөнхий сайдын сонгуулийн компанит ажилд 10000 фунт стерлинг хандивлажээ.

Амерсигийн хамтрагч болох оросод төрсөн Надежда Родичева 2017-2018 онд Консерватив намд 250.000 гаруй фунт стерлинг хандивласан байна.

Консерватив намынхан мөнгийг буцаан өгөх ёстой хэмээн улс төр хуулийн шинжээч Гавин Миллар үзэж байгаа аж. “Хандивлагчдын талаар ноцтой асуудал асуух тохиолдолд мөнгийг буцааж өгсөн дээр хэмээн би бодож байна. Тэгэхдээ тэд үүрэгтэй бус л даа. Хууль тогтоомжид ч ийм заалт байхгүй” хэмээн тэрээр нэмж хэлсэн болно.

Лейборист, либерал-ардчилсан нам гэх мэт улс төрийн бүх үндсэн намууд хандивыг буцаах тухай уриалгатай тулгарч байсан.

Яагаад улс төрийн намуудад өгч буй хандивын асуудал маргаан дагуулдаг вэ?

Одоогоор хувиараа хандивлагчид сонгогчийн жагсаалтад байх шаардлага л тавьдаг. Үүнийг намууд шалгасан байхад хичнээн ч хөрөнгө авч болдог. Хаанаас энэ их мөнгө гарч ирснийг мэдэхийн тулд хуульд ямар нэгэн заалт байх ёстой талаар та бүхэн бодоорой” хэмээн ноён Миллар онцлов.

Ихээхэн хэмжээни хандив өгсөн донорууд Ерөнхий сайдтай дуртай үедээ уулздаг гэсэн асуудалд сүүлийн хэдэн сар Амерсийг холбоод байгаа.

12 сая баримт, файлд Амерсигийн нэр холбогдоод байгааг Пандорын баримтууд илчлээд байна. Виржины арал, Панама, Сингапур зэрэгт байрлах санхүүгийн оффшор компаниудын үйл ажиллагааг дэлгэрэнгүй гаргажээ.

Иордан Улсын хаан нууцаар үлэмж их хөрөнгө цуглуулсан байхад Азербейжан Улсын Ерөнхийлөгч болон түүний ойр дотныхон Их Британд 400 сая фунт стерлингийн үл хөдлөх хөрөнгийн наймаатай холбоотой болохыг ВВС ням гаригт мэдээлсэн.

Тони Блэр болон түүний эхнэр Чери нар Лондонд 6.45 сая фунт стерлингийн үл хөдлөх хөрөнгө оффшор гэрээгээр худалдан авсан нь 312000 фунт стерлингийн хураамжийн төлбөр хэмнэх боломжийг тэдэнд олгосон байна.

Амерси нь нууц оффшор компани ашиглан Майфэйрт таунхаус, Глоустерширт нэг байшин худалдан авсныг баримтууд илчилсэн байна. Мөн Гибралтарт байрлах компанийн гэрээ хэлцэлд оролцсоны үр дүнд тус компанид 220 сая ам.долларын төлбөр хийгдсэн байна. Тус компанийг Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн охин Гульнара Каримова нууцаар эзэмшдэг байна.

Телия компани тус компанид өөрийн хувьцааны хэсгээс 2007 онд зарсан ба гурван жилийн дараа 220 сая ам доллараар буцаан худалдан авсныг АНУ-ын албаныхан “Узбекистан Улсын харилцаа холбооны салбарт бизнес хийх зорилгоор хээл хахуульд төлсөн төлбөр” гэж үзсэн байна.

Тухайн үед Телия компани харилцаа холбооны тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан ба НҮБ-ын элч, поп од Каримоваг зохицуулагч байгууллагад “нөлөөтэй” байжээ.

Энэ тохиолдол нь АНУ-ын Хууль зүйн яам Телия болон зарим албан хаагчдын эсрэг үүсгэсэн хэргийн нэг л хэсэг юм. Тус хэргийг 2017 онд шүүхээр оруулахгүйгээр Телия компани 965 сая ам.долларын торгууль төлөхийг хүлээн зөвшөөрснөөр зохицуулсан юм. Телиягийн албан хаагчдад хатагтай Каримоватай харьцаатай гэсэн асуудал үүсгэсэн боловч шүүхээр цагаатсан.

Телиягийн дотоод цахим захиануудаас Амерси Каримовагийн оффшор компани болох Такилант компанитай холбоотойг ВВС агентлаг тогтоосон юм. “Өдөр тутмын хэлэлцээрт би оролцмооргүй байна. Үүнийг хийж чадах уу?” хэмээн Телиягийн албан хаагч Амерсид бичсэн цахим захиа байна. Үүнд Амерси “Мэдээж... Би санал нэг байна” гэж Амерси хариулсан байна. Ийнхүү “Узбекистан төсөлд” амжилттай оролцсонд 500000 ам долларын төлбөр авсан тухай баримт Телия компанийн дотоод санхүүгийн баримтад буй аж. Амерси нь Телия компанийн бусад өөр асуудалд ч холбоотой баримтууд гарсан.

"Санхүүжилт босгох нь ардчилсан үйл явцын хууль ёсны нэг хэсэг" хэмээн Консерватив намаас мэдэгдсэн бөгөөд намд өгсөн бүх хандивыг зохих ёсоор, хуулийн дагуу мэдээлсэн гэжээ. Батлагдсан хууль тогтоомжийн дагуу нам зохицлын шалгалтыг хэрэгжүүлдэг хэмээн мэдэгдсэн байна. ВВС агентлаг уг нь бүх улс төрийн намын хандивлагч нарын талаарх мэдээллийг Пандорагийн баримтуудаас хайсан боловч консерватив намын хандивлагчдын талаарх мэдээлэл олдсон болно.

  

Эх сурвалж